“Алтан жолоо” групп нь нийтийн эзэмшлийн талбайд ямар ч зөвшөөрөлгүйгээр  барилгын ажил эхлүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэр буюу  Сансарын тунель дээрх нийтийн эзэмшлийн талбайд тус компани дур мэдэн барилгын ажил эхлүүлээд байна.

Гэтэл  нийтийн эзэмшлийн газар хашаа хатгаж барилга байшин барих ажил хийхээр бол нутаг дэвсгэрийн засаг захиргаанд мэдэгдэж байх ёстой хэдий ч Алтан жолоо зөвшөөрөл авах нь байтугай мэдэгдэх ч үгүйгээр ажлаа эхлүүлжээ. Улмаар шөнийн цагаар ажлаа эхлүүлсэн нь хууль бус үйлдэл хэмээн хэний ч нүдэнд ил харагдаж байна. Тиймээс тус хорооны Засаг даргын зүгээс дүүргийнхээ Газрын алба, Мэргэжлийн хяналтад энэ асуудлын талаар мэдэгдсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн Дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан Засаг даргын орлогч Т.Батсүх тус барилгын ажлыг зогсооно хэмээн мэдэгджээ.

   Тухайн үед барилга, газар шорооны ажил хийж байсан хүмүүс “Сансар супермаркетын дор байрлах баарнаас гарсан халамцуу хүмүүс дэлгүүр рүү орж, гарч буй хүмүүст хүндрэл учруулж байгаа учраас баарны хаалгыг эсрэг талд нь гаргахаар нийтийн эзэмшлийн талбайг ухаж байна” гэсэн тайлбарыг өгсөн хэдий ч удалгүй хийж буй үйлдэлтэйгээ  эвлэрэн барилга барих зөвшөөрөл авсан байх өө хэмээн олон нийтийн эзэмшлийн газрыг ухаж сэндийчих ажилдаа ханцуй шамлан оржээ. 

Ийнхүү дураараа дургиж, хуулийг уландаа гишгэж буй  “Алтан жолоо” групп нь  Монгол Улсын Засгийн газар, Монгол Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулдаг “ТОП-150”, “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэгээр арван жил дараалан шалгарсан байдаг. Тэглээ гээд Монгол улсын хууль, олон нийтийн эрх ашгийн уландаа гишгэж хууль бусаар өөрсдийн бүтээн байгуулалтыг өргөжүүлж байгаа нь хамгийн хачирхалтай.

Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх гэгчээр Сансар хавийн хүүхэд багачууд тоглож, өвгөд хөгшид салхилж суудаг ганц газрыг Алтан жолоогийнхон хууль бусаар  эзэлж нийтэд томоохон хохирол учруулж буй энэ үйлдэлээ зогсоохгүй нь бололтой.

 

Т.Далай