Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд нөхөр нь эхнэрээ зээ дүүгийнх  нь хамт заазуурдаж хөнөөсөн хэрэг оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 31-нд гарсан. Мөн 13 настай дагавар хүүгийнхээ гарыг заазуураар цохиж хүнд гэмтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Эл хэрэгт Ө хэмээх өвөрмонгол эрийг сэжигтнээр татсан. Тэгвэл онц харгис хэрцгий аргаар хоёр хүний аминд хүрсэн этгээдийг Өргөнтал гэдэг бөгөөд тэрээр ӨМӨЗО-ны Үзэмчин хошууны иргэн аж. 1971 оны нэгдүгээр сард ӨМӨЗО-ы дээр дурдсан хошууны Улиастай балгаст төрсөн өдгөө 46 настай Өргөнтал бүрэн дунд боловсролтой, хятад, монгол хэлний орчуулагчаар ажилладаг аж. 

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хурал өнөөдөр 11:00 цагт Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Өргөнталд Эрүүгийн хуулийн 91-р зүйл буюу хүнийг санаатай алсан хэргээр ял төлөвлөөд байгаа. Тодруулбал, 

Эрүүгийн хуулийн 

91.2.2.танхайн сэдэлтээр;

91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор;

91.2.10.хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн /энэ хуулийн 93 дугаар зүйл хамаарахгүй/;

91.2.12.онц харгис хэрцгий аргаар;

91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж;

91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийг  хороосон хэмээн ял төлөвлөөд байгаа бөгөөд шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэх юм. 

Шүүх хурлал 11:00 цагт эхлэв. Хохирогчийн хууль ёсны төлөөлөл оруулахаар шүүх хурлыг ирэх сарын 08-ны өдөр хүртэл хойшлуулсан юм. Бид энэ талаар эргэж мэдээлэх болно. 

А.Баярмаа