Монголд багш эмч нар л “хүн” юм уу

Монгол Улс эдүгээ гурван сая хол давсан хүн амтай болжээ. Уг нь эдгээр гурван сая гаруй иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заагдсанаар ижил тэгш эрх эдлэх ёстой. Гэвч сүүлийн үед тэгш эрх хэмээх энэ үг утгаа алдлаа. Нийгмийн хэсэг бүлэг салбарынханд зориулагдаж эхэлсэн нь хэн бүхний нүдэнд илхэн. Тодруулаад хэлбэл, Монгол Улсад эмч багш нараас бусад нь хүн биш болчихож. Улсаас явуулж буй бодлого шийдвэр багш, эмч нарт л зориулагдах нь элбэг. Хамгийн энгийн жишээ дурьдахад, 2014 оны нэгдүгээр сард Монголын багш, эмч нар үндэсний хэмжээнд жагсаал, цуглаан өрнүүлэн нийгмийг хэсэг “савлуулсан”.  

Эцэстээ цалингийн хэмжээ ч нэмэгдсэн. Хамгийн сүүлд гэхэд багш, эмч нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлийг тэглэх  шийдвэр гарчихлаа. Тэр бүү хэл Төрийн банкнаас 48.2 тэрбум төгрөгийн цалингийн зээлийг ойролцоогоор 8.316 багш, эмч, ажилтнуудад олгож, тэдгээр нь жилдээ 1-1.6 тэрбум төгрөгийн хүү, шимтгэлийн зардлаас чөлөөлөгдөх урьдчилсан тооцоо гаргажээ. Энэхүү шийдвэрийг яагаад заавал багш, эмч нарт зориулж гаргах болов хэмээн халаглан басхүү сонирхон суух  хүн ч олон байна.

Уг нь багш, эмч нар уламжлалт баяр болгоноор амарч, олон төрлийн нэмэгдэл, нийгмийн хамгааллын үйлчилгээг төвөггүйхэн авчихдаг. Тэр дундаа багш нар сурагчдын улирлын амралтаар хамт амарцгаана. Дээр нь зэргийн, анги удирдсаны, үр дүнгийн урамшуулал, ур чадварын, олон жил ажилласны нэмэгдэл гээд нэмж авахгүй нэмэгдэл гэж алга.

Тэтгэвэрт гарахад нь хүртэл үндсэн цалингаас нь тооцож нэг удаагийн буцалтгүй мөнгөн тэтгэмжийг улсаас олгодог. Гэтэл нийгмийн салбарт хүчин зүтгэж буй эдгээр эрхмүүд ажлаа сайн хийж байна уу гэвэл бас л эргэлзээтэй. Олны олон дотор янз бүрийн хүн байлгүй л яахав. Гэхдээ багш, эмч нар ажлын хариуцлага алдсан элдэв асуудлууд сүүлийн үед олширсон. Өнгөрсөн хугацаанд цэцэрлэгийн насны хүүхдийг багш нь зодож буй бичлэгүүд цахим ертөнцийг цочроогоод амжлаа. Мөн эмчийн хариуцлагагүй байдлаас болж нярай хүүхэд эндсэн тохиолдол ч бий. Энэ мэтчилэн засч, залруулах олон зүйл байсаар байхад юунд төрийн бодлого эмч, багш нарыг онцлоно вэ. Монгол Улсын хэмжээнд цалингийн зээлтэй иргэн хэдэн мянгаар тоологдоно. 

Энд нэгэн сонирхолтой судалгааг танилцуулъя. 2015 онд Үндэсний статистикийн хорооноос сүүлийн зургаан жилд Монголын нийт өрхийн нийгэм, эдийн засгийн байдал хэрхэн өөрчлөгдсөн тухай судалгаа хийсэн байдаг. Тус судалгаагаар нийт өрхийн 45.7 хувь нь цалингийн зээлтэй болох нь тогтоогдсон аж.

Түүнчлэн нэг өрх хэд хэдэн зээлтэй байх тохиолдол ч байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, тухайн өрхөд ажил хийдэг хоёр хүн хоёулаа цалингийн зээлтэй байх, нэг гэрийн ахмадууд хоёулаа тэтгэврийн зээлд хамрагдсан гэх мэтчилэн баримтууд гарчээ. Эндээс харахад, Монгол Улсын нэг өрхөд ямар нэгэн зээлтэй дор хаяж хоёр хүн байгаа нь тодорхой. Харин тэдгээр зээлтэй иргэд Монголын төрд огт хамаагүй бололтой.

Тэдний нуруун дээр ачаа болж буй зээлийн хүү ч хамаагүй гэнэ. Уг нь Монгол Улсын иргэн л бол нийгмийн хамгааллын хууль, журам аль нэг салбарыг онцлолгүй үйлчилмээр юм.  Аль эсвэл ёстой “Хүннү молл орж хүн болъё” гэдэг шиг бусад салбарынхан ч гэсэн Сүхбаатарын талбай дээрээ өдөр шөнөгүй жагсаал, цуглаан зохион байгуулж, “хүн болох” шаардлага гарч байх шиг байна даа. Тэгэхгүй л бол төрийн нүд хувийн хэвшлийн болон бусад салбарын ажилчдыг олж харна гэдэг үлгэрийн далай болой.

Батзаяа

Монголын мэдээ сонин