Монголын зах зээлд   даатгалын компаниуд  хамгийн бага зардлаар хамгийн өндөр  ашгийг олж буй.  Тэдний үйл ажиллагаа өдрөөс өдөрт өөдлөн дэвжиж байгааг төвхнөж, тохижсон  байшин барилгаас нь харж болно.   Хүний амьдралд юу эс тохиолддог билээ.
 
Гал ус, гэнэтийн аюул нүүрлэсэн үед даатгалтай иргэн, аж ахуйн нэгж л хождог.  Ингээд бодохоор даатгал  та бидний амьдралд ус агаар мэт хэрэгтэй. Гэхдээ  өнөөдөр бидэнд үйлчилж буй даатгалын системд  нэн даруй засч залруулбал зохих алдаа  байна. Жишээ нь, иргэд унаж буй тээврийн хэрэгслээ   банк бус санхүү­гийн байгууллагад барьцаа­лан тав хүртэлх сая төг­рөгийн зээл авдаг үйлчилгээ нэвтэрсээр даруй долоон жилийн нүүр үзэж байгаа.  
 
Ашигтай ажилладаг учраас  ББСБ-ын тоо жилээс жилд өссөн. Үүний сайн тал гэвэл тэдний зээлийн гэрээний нөхцөл жилээс жилд зөөлөрч, хүү нь ч буурах болсон. Харин мөнгөний эрэлд хатсан иргэдэд зээл олгох тухай сураг л дуулдаж байвал нөхцөл ямар байх нь хамаагүй.  
 
Иргэдийн эл бачуурал даатгалынханд сул орж ирэх ашиг болж хувирсан байх юм.  Тодруулж хэлбэл, иргэд тээврийн хэрэгслээ зээл авах ББСБ-ын нэр дээр шилжүүлэх учиртай. Нэр шилжүүлэх процесс явагдах үед тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалыг шинээр хийлгэх шаардлагыг даатгалын компаниуд тавьдаг.  Уг тээврийн хэрэгсэл өмнө нь бүх даатгалаа хийлгэчихсэн, дуусах хугацаа болоогүй эсэх нь даатгалынханд ер хамаагүй, шинээр гэрээ хийхийг л шаарддаг. Хэдхэн төгрөгийн зээл авах гэж байгаа ганц хөрөнгөө барьцаанд тавихаар явж байгаа иргэнд даатгалд төлөх илүүдээ гарсан мөнгө байхгүй нь ойлгомжтой. Ийн эсэргүүцэх нэгэнд  даатгалын компаниуд үлдсэн хугацааны  даатгалын зөрүү мөнгийг авч болно хэмээдэг ч ачир дээрээ ямар нэг байдлаар шалтаг тоочсоор хоног авдаг.
...Замын цагдаагийн дарамт, торгууль, оноо нь хасагдахаас айхдаа даатгуулдаг. Шинээр тээврийн хэрэгсэл худалдаж авсан иргэд авто машиныхаа гэрчилгээг авч, замын хөдөлгөөнд оролцохын тулд даатгалд хамрагддаг. Даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно гэдэг бүтэшгүй зүйл. Алхам тутамд цагдаа зогсоож явуу­лах­гүй...