“Номин холдинг” ХХК  хүнс, хувцас, цахилгаан барааны сүлжээ дэлгүүрээс гадна даатгал, харуул хамгаалалт, цэцэрлэг, цэвэрлэгээ зэрэг олон үйл ажиллагаа явуулдаг. Зарим нэг үйлчилгээ хэл ам дагуулдаг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дүүрэн байгаа.  Энэ удаад тус байгууллагын “Терранова”-аар орж гарахдаа дээд зэргээр сэрэмжтэй байхыг олон нийтэд сэрэмжлүүлж байна.

  • 2017 оны 04-р сарын 02-ны өдөр 3,4-р хорооллын “Терранова”-ын дүүжин тааз нуран үйлчлүүлж байсан дөрвөн хүн гэмтэв. Тодруулбал, 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 29 минутын орчим уг бэлэн хувцасны тасгийн дүүжин тааз нурж 3-44 насны дөрвөн хүн бэртсэн байсныг аврах ангийн алба хаагчид эмнэлгийн  анхны тусламж үзүүлж ЯТТТөв 103-т хүлээлгэн өгсөн байна. Дээрх иргэд зүүн гарын булчин хавьдаа зөөлөн эдийн гэмтэл авсан тул “Гэмтэл согогын үндэсний төв”-д хүргэгдэв. Осол гарсан шалтгаан нь “Номин фейшн” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 1 давхар барилгын угсармал төмөр бетон нүхт хавтан хучилтад бэхэлсэн гипсэн дүүжин таазны төмөр рамыг стандартын дагуу угсраагүй, бэхэлсэн бэхэлгээг зориулалтын бус аргаар бэхэлсэн, чанарын шаардлага хангаагүй материал /тэлэгч боолт/ ашигласан. Энэ нь ашиглалтын хугацаанд олон тооны гэрэл дүүжилсэн, гипсэн таазны өөрийн жинг дийлэхгүй байсаны улмаас бэхэлгээ хэсгээрээ суларч унасан нь осол гарахад нөлөөлсөн гэдэг дүгнэлтийг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргажээ.
  • 2017 оны 04-р сарын 02-ны өдөр 13-р хорооллын хорооллын “Терранова”-гаар үйлчлүүлж байсан эмэгтэй явган хүний замд тавьсан байсан манеканы сууринд тээгэлдэж хөлөө гэмтээжээ. Тодруулбал, 2017 оны 04-р сарын 02-ны өдөр 13-р хорооллын хорооллын “Терранова”-гаар үйлчлүүлж байсан эмэгтэй хөлөө гэмтэснийхээ төлөө н.Оюунбилэг гэгч менежерт нь доромжлуулсан байх юм. Маргалдсаны эцэст ГССҮТ-д хүргэгдэн тухайн газраар үйлчлүүлж байсан эмэгтэй хөлөө гипсдүүлсэн байна. Үүний улмаас мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах нь битгий хэл ажлаа ч хийх боломжгүй болжээ. Улмаар таяг, гэмтлийн үед уух эм зэрэг бүхий л эмчилгээний зардлаа өөрөөсөө гаргаж “Номин фейшн” ХХК-ийн зүгээс уучлалт гуйхыг нь хүлээжээ. Гэвч үйлчлүүлэгчийн  хохирлыг барагдуулах нь битгий хэл “азгүйдээ хөлөө гэмтээсэн” гэсэн агуулга бүхий зүйл хэлсэн байх юм. Өдгөө энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна.

Нэг өдрийн дотор тус дэлгүүрийн салбараар үйчлүүлж байсан таван хүн гэмтэж дийлэнх нь ГССҮТ-д хүргэгдсэн байх юм. Тиймээс дэлгүүр хэсч яваад тэр тусмаа “Номин Фэйшн”-ээр үйлчлүүлж байхдаа гэмтлээ, нас барлаа гэвэл гайхах зүйлгүй болжээ. Иргэд та бүхэн “Номин”-оор үйлчлүүлэхдээ анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.