Өмнөд Солонгос улсын Сөүл хотын Кангнам дүүрэг дэхь барилга дээр ажиллаж байсан Монгол улсын иргэн А, Б нар энэ сарын 22-ны өдөр буюу барилгын нурангид дарагдсан хэрэг гарчээ. Ослын үеэр Солонгосын холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж, манай хоёр иргэнийг нурангиас гаргаж авсан байна. Улмаар  ойролцоох "Каннам Северанс" болон "Самсунг" эмнэлэгт хүргэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Өнөөдрийн байдлаар нурангид дарагдсан манай хоёр иргэний биеийн байдал хэвийн. Түргэн тусламж авсан эмнэлэгт эмчилгээг нь үргэлжлүүлэн хийлгэж байгаа аж.

Харин Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Монгол улсын иргэн А, Б нар нь осол гардаг өдөр Кангнам дүүрэг дэх таван давхар барилгыг нураах ажлыг хийж байсан. Тухайн барилга нь доошоо гурван давхар, дээшээ таван давхар ба осол гарах үед бага оврын эксковатор нь нэгдүгээр давхрын ханыг нурааж байсан бол Монгол залуус нураалтаас үүсэх тоосыг багасгах зорилгоор хана руу ус цацаж байхад нэгдүгээр давхрын шал ачааллаа даалгүй нурсны улмаас Монгол залуусын дээр барилгын нуранги унаж, тэдний биеийн 50 хувь нь нурангид дарагдсан байна гэжээ. Осол гарсанаас хойш тус бүр 1 цаг 30 минут, 3 цаг 30 минутын дараа аварч ойролцоох эмнэлэгт хүргэсэн байна. Одоогийн байдлаар холбогдох шинжилгээг хийлгэж, эмчлүүлж байгаа аж.