Х.Тамир нарын прокурорууд өнгөрсөн 2015 оны долоодугаар сард хар тамхины хэрэгт холбогдсон. Хэргийг удаа дараа мөрдөн байцаалтад буцаасны эцэст энэ онд анхан шатны шүүхээс Х.Тамир нарын таван хүнд Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар хэрэг үүсгэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Х.Тамир нь Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор хийдэг байсан бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэрийн төрсөн ах.

Б.Амарбаясгалан нь ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан бөгөөд Х.Тамиртай их сургуулийн ангийн найзууд. Харин н.Сүхбаатар нь мөн адил хуулийн байгууллагад ажилладаг байсан бөгөөд тэрбээр хилээр хар тамхи оруулж гаргадаг тээвэрлэгч нэгэн байжээ.

Улмаар энэ жилийн нэгдүгээр сарын 11-нд болсон анхан шатны шүүхээс шийдэж Н.Сүхбаатарт 6.5 жилийн хорих ял, Х.Тамир болон хамсаатан гэх Б.Амарбаясгалан, Н.Мөнхбат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял оноосон . Үүнийг ялтанууд эсэргүүцэн давж заалдсан. Давж заалдах шатны шүүх хурал 03-р сарын 14-нд болсон бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Тодруулбал зүйчлэл хөнгөрүүлсэн нь буруу гэж үзсэн байдаг. Тиймээс хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Х.Тамир нарын гэм буруутайг тогтоох шүүх хурал Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 08:30 цагт эхэлсэн. Шүүх хурал өчигдөр 22 цаг хүртэл хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа.