Imax-Өргөө кино театр сар бүр IMAX лекцийг зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаа Шинэ Монгол сургуулийг үүсгэн байгуулагч “Шинэ Монгол Эрдмийн Хүрээлэн” ХХК-ийн Ерөнхийлөгч Боловсрол судлалын доктор Жанчивын Галбадрах удахгүй амьдралын гараагаа хийж, мэргэжлээ сонгох гэж буй сурагчид болон ахлах сургуулийн багш нартай “Шинэ үеийн боловсрол, мэргэжлээ сонгох нь” сэдвээр ярилцлаа.

Лекцэнд Нийслэлийн I дунд сургууль, Шинэ Монгол сургууль, Хан-Уул дүүргийн 75 дугаар сургууль, Ромашка сургууль, Шилдэг дунд сургууль, Аварга дээд сургууль болон МУБИС-ийн Сурах арга зүйн ангийн төгсөн курсын оюутнууд болон Налайх, Багануур дүүргийн дунд сургуулийн багш нар оролцлоо.

Лекцийн талаар Доктор Ж.Галбадрахаас цөөн асуулт асуусан юм.

-Өнөөдөр таны лекцийг сонсохоор ирсэн сурагчдад юуг ойлгуулахыг зорьсон бэ?

-Лекцэнд маш олон залуучууд хүүхдүүд ирж оролцсонд баяртай байна. Шинэ үеийн боловсрол, мэргэжлээ сонгох нь сэдвээр тэдэнтэй ярилцаж, өөрийн туршлагаас хуваалцлаа. Ер нь боловсрол гэж юу вэ, тэр дундаа чанартай боловрол гэж юу вэ, мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ гэдэг талаас нь түлхүү ойлгуулахыг хичээлээ. Би Шинэ Монгол сургуулийг байгуулсаны хувьд яриагаа төгсөгчдийнхөө хэрхэн мэргэжлээ сонгосон, яаж амжилтанд хүрсэн бэ гэдэг тодорхой жишээн дээр тургуурласан.

-Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ гэдгийг та товчхон тайлбарлаж өгөхгүй юу?

-Хамгийн гол зүйл бол өөрийнхөө юунд илүү сонирхолтой вэ, юунд илүү авьяастай вэ гэдгийг олж мэдэх нь чухал. Мөн эцэг эх, багш, найз нөхөдтэйгөө сайн зөвлөлдөх хэрэгтэй. Сургууль болгон дээр мэргэжил сонголтын зөвлөгөө өгөх төвүүдийг байгуулах нь маш үр дүнтэй юм. Энэ төвүүдээр дамжуулаад хүүхдүүдэд бодитой мэдээлэл өгч байвал мэргэжлээ зөв сонгоход ихээхэн түлхэц болно. Энэ бүхэн дээр үндэслээд эцсийн шийдвэрийг өөрөө гаргах хэрэгтэй.

Энэ удаагийн Imax лекцэнд Haribo брэндийн хамт олон хамтрагчаар оролцож, лекцэнд оролцож, хамгийн сонирхолтой асуулт асуусан таван сурагчдад гарын бэлгээ өгсөн юм.