Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хорват Улсын Засгийн газар хоорондын “Дипломат болон албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай” хэлэлцээр 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан. Уг хэлэлцээрт Монгол Улс, Хорват Улсын хүчин төгөлдөр дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд нөгөө талын нутаг дэвсгэрт 30-аас дээшгүй хоног визгүйгээр нэвтрэн орох, гарах, дамжин  өнгөрөх болон зорчих эрхтэй байхаар тусгагдсан юм. Тэгвэл тус хэлэлцээр өнөөдөр буюу 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.

Түүнчлэн цахим /биометрийн/ дипломат болон албан /сервис/ паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Албани Улсын Сайд нарын зөвлөл хоорондын хэлэлцээр нь 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. Уг хэлэлцээрээр хэлэлцэн тохиролцогч аль нэг талын хүчин төгөлдөр цахим /биометрийн/ дипломат болон албан /сервис/ паспорт эзэмшигч иргэд хэлэлцэн тохирогч нөгөө талын  нутаг дэвсгэрт нэвтрэн орсноос хойш 180 хоногийн хугацаанд 90-ээс дээшгүй хоног визгүйгээр нэвтрэн орох, гарах, дамжин өнгөрөх болон зорчих эрхтэй байхаар тусгагдсан байна.