Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн төрийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлага дадлыг хэвшүүлэх, иргэд хөдөлмөрчдөд Комиссын үйл ажиллагааг сурталчлах, хүний эрхийн мэдлэг ойлголтыг түгээх зорилгоор "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулав.

Хүний эрхийн нээлттэй өдрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Тамгын газрын ажилтнууд болон хууль сахиулах байгууллагын удирдлагуудтай хүний эрхийн төлөв байдал, төрийн болон хувийн хэвшилд ажиллагсдын хөдөлмөрлөх эрхийн төлөв байдал, бичил уурхайн эрхлэгчид, хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хүний эрхийн нөхцөл байдлын талаар уулзалт ярилцлага хийсэн байна.

Мөн төрийн захиргаа болон үйлчилгээний ажилтан албан хаагчид, хууль сахиулах байгууллагын 120 гаруй ажилтан, албан хаагчдад хүний эрхэд суурилсан хандлага, төрийн үйлчилгээн дэх хүний эрх, хүүхдийн эрх ба хүүхэд хамгаалал, жендэрийн тэгш байдал ба хүний эрх, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, халдашгүй чөлөөтэй байх эрх, хүний эрхийн олон улсын гэрээ зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулжээ.

"Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээнд иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл 65 хүн хамрагдаж, эрх нь зөрчигдсөн аливаа асуудлаар гомдол мэдээлэл гаргаж, хууль зүйн зөвлөгөө авсан байна.

 

 

Комиссын даргаар ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 4 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт Хүний эрхийн нээлттэй өдөр арга хэмжээг зохион байгуулах юм.
Сэлэнгэ аймагт