Зөрчлийн тухай хуулиар мэдээлэл хийлээ"Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтын энэ сарын зочноор Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Одгэрэл оролцож, "Зөрчлийн тухай хуулийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл” сэдвээр мэдээлэл хийлээ.

Уулзалтад иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийн төлөөлөл 35 хүн оролцлоо.

Судлаачийн зүгээс Зөрчлийн тухай хууль нь концепцийн хувьд захиргааны зөрчлийг эрүүгийн эрх зүйн салбарт харьяалагдахаар өөрчилсөн, Үндсэн хуультай зөрчилдсөн, салбарын хуулиудын бүтцийг эвдсэн, хэрэгжүүлэхэд туйлын хүндрэлтэй нөхцөл байдлыг бий болгож байгаа талаар өөрийн үзэл бодол, дүгнэлтээ танилцуулсан юм. Тухайлбал Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.3.2 дахь хэсэгт "энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” хэмээн заасан нь иргэд, бизнес эрхлэгчдийг яллах бодлого давамгайлсан, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцад санамсаргүй гаргасан алдаа, зөрчил бүрд ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байгаатай санал нийлэхгүй байгаагаа өөрийн хийсэн судалгаа, дүн шинжилгээнд тулгуурлан тайлбарлав.

Мөн бизнесийн салбарынхан, баялаг бүтээгчдэд алдаагаа засах боломж олгохгүйгээр шууд ялладаг, шийтгэдэг жишиг дэлхийн аль ч улсад байдаггүй талаар дурдаж, Зөрчлийн хуулийн шинэчилсэн найруулга Үндсэн хууль болон бусад хуультай хэрхэн зөрчилдөж байгаа талаар онол болон жишээ баримтат тулгуурласан сонирхолтой мэдээлэл хийлээ.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийг батлагдахаас өмнө уг хуулийг хэрэгжүүлэх субъектүүд болох салбар бүрийн улсын байцаагч, хууль хяналтын байгууллагын ажилтнууд, иргэд олон нийт, судлаач эрдэмтэд, мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэхэд дэмжлэг аваагүй бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд олсон туршлага, бэхэжсэн хуулийн тогтолцоог эвдэх сөрөг үр дагавартай гэсэн дүгнэлт гарч байсныг дурдахын зэрэгцээ уулзалтад оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.