“Хүний эрх ба шүүхийн хамгаалалт” сургалтад хамрагдлаа

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүгчдэд хүний эрхийн онол, практикийн мэдлэг олгох зорилгоор "Хүний эрх ба шүүхийн хамгаалалт” сургалтыг зохион байгууллаа.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх, хүний эрхийн зөрчлийг танин мэдэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан тус сургалтад нийслэл, орон нутгийн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар болон ХЭҮК-ын ажилтнууд хамрагдав.

Сургалтыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан "Хүний эрхэм чанар ба шүүхийн хамгаалалт”, "Үг хэлэх эрх чөлөө ба шүүхийн хамгаалалт”, "Жагсаал цуглаан хийх эрх чөлөө ба шүүхийн хамгаалалт” сэдвүүдээр, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор П.Оюунчимэг "Хүний халдашгүй чөлөөтэй байх эрх ба шүүхийн хамгаалалт”, "Шударга шүүхээр шүүлгэх эрхийн үндсэн зарчим сэдвүүдээр” явууллаа.

Сургалтаар хүний эрхэм чанарыг хүндэтгэх талаарх үндэсний хийгээд олон улсын эрх зүйн эх сурвалж, хүний эрхэм чанарыг хүндэтгэх шүүгчийн хандлага, олон улсын практик, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотойгоор үүссэн хэрэг маргааныг шийдвэрлэж буй олон улсын туршлага, шүүхийн практик, Олон нийтийн зүтгэлтний нэр төр, алдар хүндэд халдсан асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж буй олон улсын туршлага, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан жагсаал цуглаан хийх эрх чөлөөнд гарч буй гажуудал, уг асуудлыг бодитойгоор шийдвэрлэх арга замын талаар сонирхолтой лекц уншлаа.