Чингисийн алтан ургийн хатдын тухай саяхныг болтол “Мандухай сэцэн хатан” роман болон киноноос нь өөр бие даасан бүтээл туурвил байсангүй гэхэд хилсдэхгүй. Монголын нууц товчоо зэрэг тулгуур бүтээлүүдэд алтан ургийн хаадын тухай илүүтэй өгүүлснээс бус хатдын тухай дурдсанаас хэтэрдэггүй. Монголын орчин цагийн түүхчид түүхэнд нэр, үйлээ мөнхөлсөн хатдын тухай, тэр дундаа Чингис хааны охидын тухай судалгаа шинжилгээний бүтээлүүд туурвиж эхэлсний утга зохиолын жишээ нь “Ану хатан”, “Сорхугтани” роман зэрэг юм. 

Галдан бошигтын хатан Ану болон Чингис хааны бэр Сорхугтани хатан нар бол эв эвдэрсэн улсаа эмхлэхийн тулд ёстой л хатан ухаанаа гарган, түүхэнд мөнхөрсөн хатад юм.

“Сорхугтани бэхи хатан” романыг уншаагүй хүмүүст энэхүү номын тэмдэглэлийг зориулж байна.

Сорхугтани хатан бол урьд цагт Чингис хаанд хар булган дахных нь оронд хагарсан улсыг хамтатгаж өгсөн Ван ханы дүүгийн (Жаха Хамбуг) охин юм. Чингис хаан багын сэргэлэн цовоо энэ охиныг өөрийн отгон хүү Тулуйдаа эхнэр болгон авч өгсөн. Монголын хаад олон эхнэртэй байсныг (Чингис хаан албан ёсны дөрвөн хатантай байсан гм) бид мэднэ. Харин Тулуй ганц хатантай байсан нь Сорхугтани бэхи юм. Чингис хаан бусад улс орнуудыг эрхшээх дайн тулаандаа Тулуйг байнга дагуулан явдаг байсан. Өөрийн дайны стратеги эрдмийг отгон хүүдээ өвлүүлсөн. Харин отгон хүүгийн хатны эрдэм чадал, оюун ухааныг ихэд сайшаадаг байсан тул Чингис хаан түүнийг эш буюу хувилгаан хатан хэмээн өргөмжилжээ.

Сорхугтани бэхи бол эрдэм номд шамдуу, маш ухаалаг хатан байсан гэдгээрээ түүхэнд үлджээ. Тулуй дөрвөн (Мөнх, Хубилай, Хүлэгч, Аригбөх) хүүтэй байсан. Тулуй аавтайгаа байнга л дайн тулаанд явдаг байсан гэж дээр дурдсан. Гэрээ мартсан Гэсэр шиг амьдралтай түүний ард талд нь байж үр хүүхдээ ачилж сургасан нь Сорхугтани хатан юм. Тиймдээ ч Тулуйн дөрвөн хүү цагийг хураасан их хаад болжээ.

Чингис хааныг тэнгэрт хальсны дараа түүний бэрүүд (хөвгүүдийнх нь хатад)  өөр өөрийн хүү нарыг хаан ширээнд суулгахын төлөө ил, далд тэмцэлджээ. Иймдээ ч Өгөөдэй хааны дараа Гүюг хаан суухад Сорхугтани бэхи “Бидний цаг нь биш” хэмээн түүнийг дэмжихийг хүү нартаа захьсан байдаг. Хэрэв ингэж хэлэхгүй бол хоорондоо тэмцэлдэж, Их Монгол улс бутран сарниж болзошгүй байж л дээ. Мөнхийг хаан суулгахын тулд Сорхугтани бэхи Алтан улсын хаан Баттай хүүгээ түншлүүлсэн байдаг. Орчин цагийн хэллэгээр бол дипломат уран нарийн арга хэрэглэжээ.

Өгөөдэйн хүү Гүюг удаан хаан сууж чадаагүй, учир битүүлгээр нас барсан. Түүнийг хаан суухыг эсэргүүцэж байсан Батыг хөнөөсөн ч гэдэг, өвчний учир нас барсан ч гэх юм билээ, түүхчдийн дунд. Ямартаа ч Сорхугтани хатны хүү нэртээ захьж хэлж байсан тэдний цаг ирж Мөнх хаан ширээнд сууна. Сорхугтани хатны хичнээн ухаалгийг харуулсан нэгэн түүхийг энд зориуд иш татья гэж бодлоо.

Алтан ордны хаан (Алтан орд нь одоогийн Оросыг бүрэн эрхшээж байжээ) Бат өөрийн элчийг илгээн түмэн өлгий мөнгө өгүүлэхийг Мөнх хаанаас хүссэн байдаг. Алтан орд бол баян орд. Тэд мөнгөөр гачигдахын зовлон үзээгүй. Тэгэхээр энэ нь цаанаа их учрыг агуулсан бололтой. Хэрэв Мөнх хаан энэ мөнгийг өгөөд явуулбал хааны сан хөмрөгт гамгүй хандсан нэр зүүнэ. Өгөхгүй гэхээр Бат хааныг гомдоож, магадгүй эвдрэл тэмцэл, бүр цаашилбал дайн байлдаан болж мэднэ. Уншигч та оронд нь байсан бол хэрхэн шийдэх байсан бол?

Мөнх хаан ээжтэйгээ зөвлөдөг. Сорхугтани бэхи хатан хэлдэг: Бат хаан мөнгөгүй болсондоо ингээгүй байх. Цаана нь ямар нэгэн учир байна. Түмэн өлгийг мөнгийг өгөх хэрэггүй. Мөн элчийг хоосон явуулах хэрэггүй. Иймд мянган өлгий мөнгө өгүүлээд элчийг хамт дай. Элч нар энэ бүхэн ямар учир агуулсныг олж мэдэг ирэг хэмээдэг.

Мөнх хааны элч нар түм бус мянган өлгий мөнгө авчран, хэрэг явдлыг мэдэхээр ирснийг сонссон Бат хаан “Мөнх өөрөө ингэв үү, Сорхугтани хатан үг заав уу?” гэж асуугаад “Би Мөнхийг туршсан юм. Тэр миний итгэлийг даалаа” хэмээн хэлсэн байдаг. Хэрэв ийн шийдээгүй бол Баттай эв эдрэх байсан ч юм бил үү хэн мэдэх вэ.

Тулуйн дөрвөн хүү дөрвүүлээ түүхэнд мөнхөрсөн. Мөнх, Хубилай нар их хаан суусан гэдгийг бид сайн мэднэ. Ялангуяа Хубилай хаан Чингисээс хойших хамгийн нөлөө бүхий хааны нэг байсан. Гуравдугаар хөвүүн Хүлэгч (зарим нь Хүлэгү гэдэг) одоогийн Ираны нутагт Ил хаант улсыг байгуулан захирч байсан. Ил хаант улсад Хорезмын шах, Отрар, давхэр хэрэм бүхий эрдмийн төв Бухара, Самарканд, урд зүгт Табриз, Маруго хотууд багтаж байлаа. Их монгол улсын эрхшээлд оруулсан улс орнуудын хүн ардын сэтгэлийг хэрхэн татах вэ гэдэг дээр Сорхугтани хатан ухаанаа уралдуулж, Бухар хотод Охидын сургууль байгуулан өгсөн нь өдгөө ч түүх болон бидний үед иржээ.

Отгон хүү Аригбөх одоогийн Монголын нутгийг захирч, өссөн төрсөн нутгаа сахин хамгаалж үлдсэн. Хэрэв Сорхугтани хатан хөвгүүдээ ийн өсгөн хүмүүжүүлээгүй бол, тэднийг хаан суухад нь хатан ухаанаа гаргаагүй бол нэгэн гэр бүлээс хоёр их хаан, их улсыг хураасан хаад төрөхгүй байсан болов уу. Иймдээ зохиолч Б.Сарантуяа бидэнд Сорхугтани хатныг танилцуулсны ач тус хэмжээлшгүй юм. Ном дор мөргөмү. 

 

 
Эх сурвалж: http://amartuvshind.blogspot.com/2017/05/blog-post.html