2017 он гарсаар хүүхдээ хаясан, төөрүүлсэн гэмт хэрэг нийслэлд 5 гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2,5 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Үүний улмаас нэг хүүхдийн амь нас эрстжээ.

Эрт цагт бол хүрдэн дээр тавьдаг байсан. Хүн  хүнээрээ байсан болохоор хүүхэд нэг бол лам, нэг бол өргөмөл эцэг эхтэй болдог байсан. Ядаж л хүүхэд амь  эрстдэггүй байсан. Харин орчин цагт тухайн хүүхдийн заяа түшиг л гэж найдахаас өөр аргагүй. Хүүхдээ төөрүүлсэн эцэг эх нь хуулийн дагуу хариуцлага хүлээгээд өнгөрдгөөс тэр хүүхдийн ирээдүй хэрхэх талаа хууль эрх зүйн ямар ч зохицуулалт байдаггүй.

 

Хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол ямар хариуцлага хүлээх вэ?

Монгол улсын Эрүүгийн хуулийн 117 дугаар зүйл. Хүүхэд хаях, төөрүүлэх

117.1.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хоёр зуун тавин нэгээс гурван зуун цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

117.2.Энэ хэргийн улмаас хүүхдийн амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

Хүүхдийг хаясан төөрүүлсний улмаас ямар хүндрэл гарах вэ?

Хүүхдийг хаясан төөрүүлсэн тохиолдолд хүүхэд гэмтэх, цаашлаад гэмт хэргийн золиос болох, амь насаа эрстэх хүртэл учрах болно.

Хаягдаж, төөрч байгаа хүүхдийн оронд өөрийгөө нэг тавиад үзээрэй. Мэдэхгүй газар, баахан танихгүй хүмүүс дунд яахаа ч мэдэхгүй... Хэрвээ тэр хүүхэд муу хүмүүстэй таарсан бол аймшигт гэмт хэргийн золиос болно.

Энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлэх вэ?

Хүүхдээ тээж байхдаа сайхан өсгөнө, хүмүүжүүлнэ гэж  төрүүлсэн байх. Тэжээж дийлэхгүй дээ хаяж, төөрүүлсэн биз эх нь. Гэхдээ хүүхдээ ингэж төөрүүлэх нь гэмт хэрэгт тооцогддог. Тэрний оронд улсын асрамжийн газарт өгөх боломжтой. Өөрөөр хэлбэл таны тэжээж, асарч чадахгүй байгаа хүүхдийг улсын байгууллага болох “Өнөр бүл” асрамжийн газар сургуульд сургаад, хооллоод ундлаад хүн болгоод өсгөөд өгдөг.

Хэрвээ анхнаасаа хүүхэд тээмээргүй байгаа бол өрхийн эмнэлэгтээ хандаад спираль суулгуулах, тархиа хийлгэх, байг гэхэд бэлгэвч үнэгүй авч болно шүү дээ.

Дур хүслээ барьж дийлэхгүй бүхэл бүтэн нэг хүний амь  амьдралаар тоглож, тухайн хүүхдийн сэтгэлд хэзээ ч арилахгүй сэв суулгах эсэхийг бодоод үзээрэй. Нөгөө талаас хүүхэд төөрүүлээ, хаялаа гэхэд асуудал шийдэгдэх үү гэвэл үгүй. Харин ч танд эргээд сэтгэлийн зовлон шаналал, амьдын там болно. Тиймээс асрамжийн газарт өгөөд боломж бололцоотой болсон үедээ хүүхдээ өөр дээрээ авах нь хамгийн зөв сонголт гэдгийг  бодоод үзээрэй.