Э.Бат-Үүл тэргүүтэй хэсэг бүлэг нөхөд  дугаарын хязгаарлалтыг өвлийн улиралд зогсоох талаар  нийслэлийн оршин суугчдаас санал асуулга авсан. Харин энэ санал асуулгын дүн нь Э.Бат-Үүл тэргүүтэй хэсэг бүлэг нөхдүүдэд таалагдаагүй болохоор  дахин санал асуулгыг уржигдар дахин явуулсан.  Ингэхдээ өмнөх санал асуулгын дүнг хүчин төгөлдөр бус, учир дутагдалтай хэмээн тайлбарласан. Яагаад гэвэл Мобикомын  цөөн хэрэглэгчид судалгаанд хамрагдсан, сайтын санал асуулга учир дутагдалтай  гэх мэтээр олон шалтаг  тоочсон.  Улмаар уржигдар  Мобикомын 200 000 хэрэглэгч, 1200 тусгай дугаараар санал авсан байгаа юм.  Тэгтэл  иргэдийн 70.1 хувь нь дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхээр болсон юм байх.  Тодруулбал,

2013 оны 11-р сарын 27-ны өдөр 07-22 цагийн хооронд Нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 1200 тусгай дугаар болон мессэж  гэсэн хоёр хэлбэрээр санал асуулга авсан. Мобикомын хэрэглэгчдээс 20-60 насны санамсаргүй сонгогдсон эрэгтэй 123,460 (61%), эмэгтэй 78,934 (39%) нийт 202,394 хэрэглэгчид НЗДТГ: “Та автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна уу” гэсэн санал асуулгын мессэж илгээснээс 46,967 нь буюу 23,2% нь хамрагдаж хариу мессэж илгээжээ. Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 70,7% буюу 33228 иргэн автомашины улсын дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжсэн бол 29,9% буюу 13739 иргэн дугаарын хязгаарлалтыг цуцлахыг хүсчээ.  Харин “Улаанбаатар сонсож байна” Нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 1200 тусгай дугаарын утас руу 1,821 иргэн холбогдож саналаа ирүүлсэнээс 54,4 хувь буюу 991 иргэн дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхийг дэмжсэн бол 45,6 хувь нь буюу 830 иргэн дугаарын хязгаарлалтыг цуцалъя гэжээ. Тиймээс иргэдийн ирүүлсэн саналын нэгдсэн дүнг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар танилцуулж, дугаарын хязгаарлалтыг цаашид үргэлжлүүлнэ

Үнэн хэрэгтээ  энэ дүнг эсэргүүцэж, эргэлзэж байгаа жолооч нар цөөнгүй байна. Тухайлбал,  мобикомын 200 000 хэрэглэгчид мессэж хүрсэн эсэхэд эргэлзэж байгаа. 30 ажилтантай нэг  албан байгууллагын  ажилтнуудад бүгдэд нь мессэж ирээгүй гэж байгаа.  Ядаж нэгэнд нь ирсэн байж болох.  Ийм тохиолдолд олон газар давтагдаж байна.  Тэгэхээр 200 000 хүнээс санал авсан эсэхэд нь эргэлзмээр.  Үнэхээр 200 000 хүнээс авсан бол тэдгээр дугаарыг олон нийтэд зарлачих хэрэгтэй.

Яагаад Мобикомын бүх хэрэглэгчээс өнөөдөр энэ саналыг авч болсонгүй вэ?  Тэгвэл энэ судлагаа чинь “агаар”-ын биш бодит байх байлаа Э.Бат-Үүл тэргүүтэй нөхдүүдээ.  Эндээс юу гэх гээд байна гэхээр  зөвхөн хэсэг бүлэг  хэрэглэгчийг нь   сонгож, шигссэн хүмүүсээсээ санал авчихаад л  өөрсдийнхөө  саналыг тулгах замаар дэмжүүлчихэж байна гэсэн хардлага төрж байна.  

Мөнгөтэй нь хоёр машинтай, мөнгөгүй нь хоёр дугаартай  болсон энэ цаг үед  дугаарын хязгаарлалтын үргэлжлүүлэх нь утгагүй гэдгийг хэлэх хүн ч байгааг энд онцолмоор байна.

 Нөгөөтэйгүүр Э.Бат-Үүл мэтийн дарга нарт дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болохоор иргэдийн зовлонг ойлгохгүй нь лавтай.  Учир нь тэд бага насны хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөдөггүй болохоор.  

Өвлийн улиралд хүмүүс машинаа тавьчихдаг ш дээ.  Өөрөөр хэлбэл замын ачаалал эрс буурдаг.  Тийм байхад яагаад  өвлийн улиралдаа  дугаарын хязгаарлалтаа цуцалж болохгүй гэж. Хальтирч уначих гээд байгаа ийм үед хэн ч аав ээжээ, үр хүүхдээ хүйтэнд дааруулахыг хүсэхгүй л байх.  

Хамгийн гол нь агаарын бохирдолтой ийм үед дугаарын  хязгаарлалт хийж байгаа нь хувь хүний өмчид халдахын зэрэгцээ эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй болохыг анхааралдаа авах ёстой биш үү.  Өнөөдөр хэн ч агаарын бохирдолтой ийм үед гадаа алхаад, автобус хүлээгээд зогсохыг хүсэхгүй шүү.

Агаарын бохирдол багатай бол алхаад  ч болтугай хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх хүн хэд байгаа бол захын иргэнээс асуугаад үзээрэй.  

Гамшигийн хэмжээнд хүрсэн агаарын бохирдолтой үед дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэхдээ ичээч... Э.Бат-үүл тэргүүүтэй хотын захиргааныхаан одоо газартаа буу.

А.Баярмаа