-Эрүүгийн болон зөрчлийн хууль нь хүний эрхийг дордуулсан уу, дээрдүүлсэн үү-

Сар гаруйн өмнө ТВ, сонинууд нийтлэл, нэвтрүүлгээ хааж, “Иргэдийн мэдэх эрхэнд онц аюул учирлаа” гэж хардах эрхээ хамгаалахыг оролдсон. Энэ нь ойрын үед нийгмийг хоёр хуваагаад буй Зөрчлийн тухай хуультай холбоотой. Гэвч дотоодын хянан шийдвэрлэх ажиллагааны эргэлзээгүй байдалд үл итгэсэн олон нийтийн эсэргүүцэл уг хуулийн ноцтой заалтыг санаачлагч Б.Гарамжав гишүүн оруулсан саналаа татсан юм. Харамсалтай нь энэхүү ноцтой, но-той заалт буюу иргэд, олон нийтийн хардах эрхийн боолт болох торгууль, шийтгэлийн заалт өнгө төрхөө өөрчлөөд өөр байдалтайгаар эргэн ирж ирэх долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжихээр болчихлоо. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хууль эгэл иргэдэд онц халтайгаар батлагдаж, Монгол Улсын хуулийн жагсаалтад албан ёсоор орчихлоо гэсэн үг юм. Уг хуулийг Хууль зүйн байнгын хорооноос танилцуулсан санал дүгнэлтэд үндэслэн баталсан.
Дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан ба гишүүдийн дийлэнх олонхийн саналаар баталсан явдал юм. Хэдийгээр дийлэнх олонх гэж байгаа ч энэ хуулийн заалтад санал зөрөлдөөн үүссэн ба хатуухан шүүмжлэл ч олон гарсан. Гэсэн ч Зөрчлийн тухай хууль жирийн олныг хамгаалах биш хашраах байдлаар батлагдсанд олон нийт эгдүүцсэн төдийгүй УИХ-ын зарим гишүүн ч бухимдалтай байгаагаа илэрхийлж байв.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд төрийн албаны элдэв асуудлыг хаацайлсан заалтууд өө сэвээ ч нуулгүй, тод томруунаар орсон байгаа. Ямар ч гэсэн, жирийн иргэн 300 мянган төгрөгөөс дээш хэмжээний хохирлыг бусдад учруулсан тохиолдолд шийтгүүлэх бол төрийн албан хаагч 10 саяас дээш хэмжээний төгрөгтэй тэнцэх хөрөнгө зувчуулсан, ашигласан, шамшигдуулсан байж гэмээнэ л хуулийн дагуу эрүү үүсэх нөхцөл үүсэх аж. 

Ард иргэдэд хамааралтайг нь хүндрүүлээд, төрийн алба, эрх мэдэлтэй холбоотойг нь 10 саяаас дээш бол хөнгөрүүлэв 

УИХ-ын гишүүн М.Билэгт энэ талаар “Нямбаатар аа, асуудалд хэтэрхий дураараа хандаад байгаа юм биш үү. Яагаад ард иргэдэд хамааралтайг нь хүндрүүлээд, төрийн алба, эрх мэдэлтэй холбоотойг нь 10 саяаас дээш бол хөнгөрүүлээд байгаа юм. Нямбаатар энэ хуулийг хурдан баталж, нийгмийн эмх замбааргүй байдлыг засах хэрэгтэй гэж байна. Нийгмийн эмх замбараагүй байдлыг ард иргэд бий болгоогүй. Өнөөдөр ард иргэд төрийг хариуцлагатай болохыг шаардаж байна. Гэтэл чи хуульд байхгүй заалтыг оруулж ирээд байх юм. Төрийн албан тушаалтан бол 10 саяас дээш төгрөг завшсан эрүү үүснэ харин иргэн бол 300 мянган төгрөг эрүү үүснэ гэж байна. Өнөөдөр авлигаас төрийг дампууруулсан. Ард иргэдийг цалингүй болгосон. Дэлхийн хэмжээнд төрийн албаны сахилга батгүйг илчилчихээд ийм хууль батлаж болохгүй Х.Нямбаатар аа” гэсэн юм. 

Зөрчлийн хууль дахь торгуулийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ биш нэгжээр тодорхойлжээ

Ерөнхийдөө Зөрчлийн тухай хууль туйлын өргөн хүрээг хамарсан мэт агуулгатай. Учир нь энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Захиргааны хариуцлагын тухай болон өөр бусад холбогдох 220 гаруй хуулийн хэм хэмжээг хамруулсан гэдгээрээ их л дэвшилтэй болсон гэж санаачлагчид нь магтаад байгаа. Хамгийн гол нь Зөрчлийн тухай хуульд ард иргэдийн амьдрал ахуйд маш ойр заалтууд байгаа нь хянаж, шийдвэрлэх тогтолцоо нь маш тогтворгүй, асуудал ихтэй Монгол Улсын жирийн олонд халтайгаар тусах нь тодорхой гэдгийг хуульч, судлаач, хүний эрхийн мэргэжилтнүүд онцолсоор байна. Дээрээс нь Зөрчлийн хууль дахь торгуулийг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ биш нэгжээр тодорхойлжээ. Тэгэхдээ нэг нэгжийг 1000 төгрөгтэй дүйцүүлэн мөрдүүлэхээр тусгасан. Ингээд бодохоор хэлэлцэх асуудлуудын дэс дарааллыг дайран байж оруулж, яаран сандран баталсан энэ хуулийн цаад зорилго нь юу байв. УИХ дахь АН-ын бүлгийнхэн Зөрчлийн тухай хуулийг Монгол дахь хүний эрхийн ухралт гэж үзсэн. Түүнчлэн Зөрчлийн тухай хуулиас болоод зайлшгүй Эрүүгийн хуулиар шийдэх ёстой маш ноцтой асуудлуудыг одоо захиргааны хэргээр шийтгэхээс өөр аргагүйд хүрч байгаа ажээ. Тухайлбал, Зөрчлийн хуулиар шийтгэгдэн торгууль төлөх ёстой болсон атал гүйцэтгэхгүй байвал баривчлахаар заажээ. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн мөнгөтэй этгээд хууль зөрчсөн ч шийтгэлийг мөнгөөр дүйцүүлэн хүлээчихвэл асуудалгүй гэнэ. Харин ядуу хүн бол өчиггүй баривчлагдах аж. Хамгийн ноцтой нь, хар тамхитай холбоотой асуудлууд өмнө нь Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хүнд гэмт хэрэг болдог байсан бол одоо зүгээр нэг зөрчил төдий болж байна. Тэгэхээр энэ хууль яах аргагүй жирийн иргэдэд халтай хэрнээ мөнгөтэй, төрийн албанд шургалсан этгээдүүдийн хувьд хамгаалалт болчихсон нь тодорхой юм. Угаасаа прокурор Зөрчлийн хуулийг хянах учраас хэн дуртай нь бусдыг хэлмэгдүүлж, эрхийг нь хязгаарлаж, авлига нэхэж, барьцаанд оруулах боломжтой болно гэсэн үг. Бидэнд ямар зам үлдэв ээ. Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөөд эхэлчихвэл хэн нэгэн иргэн хардах эрхээ эдэлснийхээ төлөө хоёр саяас хорин сая төгрөгөөр торгуулж, хэрвээ төлөхгүй бол хоригдох ёстой боллоо. Ямартай ч прокурорын эрх хэмжээлшгүй байдлаар хэрэгжиж, албан тушаалтнууд иргэнийг харцаараа хөдөлгөх цаг ирчихлээ, манай ардчилсан улсад.

Эх сурвалж: