Хагас сарын өмнө Монголын парламент Олон Улсын Валютын Сан (ОУВС)-гийн “тулган шаардалт”-аар далан таваар бууж өгсөн нэгэн шийдвэр гаргасан билээ. Улс орны эдийн засагт чухал хэрэгтэй гээд өмнө нь батлаад байсан 29дүгээр тогтоолынхоо заалтыг хүчингүй болгож ард түмнээ алмайруулан бухимдуулахын сацуу гаднынхныг баярлуулан бах тавыг нь хангасан.

Гаднынханд ингэж шалдаа бууж өгсөн нь манай эрх баригчдын хувьд шинэ зүйл огт биш юм. Өмнө нь маш олон удаа шившигтэйгээр гараа өргөж байсныг монголчууд мартаагүй байгаа. Тэр болгонд Монгол улс, үндэстний эрх ашиг ихээр хохирч, гаднынхан олз омог,давуу байдлыг олж авч, харин шийдвэр гаргасан улс төр,бизнесийн бүлэглэл,хүмүүс явцуу ашиг сонирхлоо гүйцэлдүүлж ирсэн.

Зөвхөн сүүлийн 2-3 жилд гэхэд л Оюутолгойн анхны хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлт, “Дубайн гэрээ”, гүний уурхайн нэмэлт санхүүжилт,”Саус гоби сэндс”-ийн Ж.Каплагийн хэрэг зэрэг зарчмын олон асуудал дээр ичгүүртэйгээр навс бууж өгсөн байдаг. Ил тод болсон нь эдгээр бөгөөд цаагуураа нууцаар хэдэн удаа цагаан тугаа өргөснийг таашгүй.

 

Энэ удаагийн буулт монголчуудын хувьд сургамжтай хэрэг явдал болж байх шиг байна. Үнэн байдлыг хайр найргүй илчлэн харуулснаараа ач холбогдолтой үйл явдал боллоо хэмээн би эерэгээр хүлээн авахыг хичээж байна. Нэлээдийг эргэцүүлэн бодож, нийтээрээ хатуу дүгнэлт хийх цаг мөч ирснийг дээр дооргүй мэдэрсэн биз ээ.   

Бууж өгдөг практиктай холбоотойгоор зарим шинэ зүйл ажиглагдаж байна уу даа гэж бодогдоно. Нэгд,ойр ойрхон буулт хийдэг болж давтамж нь илт нэмэгдэв. Хоёрт, гаднынхны шаардлагыг маш түргэн хүлээн зөвшөөрдөг болж байна. Өмнө нь маргаантай гэх асуудлыг ярилцаж хэлэлцсээр дор хаяж хэдэн сарыг авдаг байсан бол одоо хэдхэн хоногийн дотор л гараа өргөдөг болж. Гуравт, үг дуугүй бууж өгөхөөс өөр сонголтгүй гэхээр тийм хүнд нөхцөлд эрх баригчид өөрсдийгөө болон улс орныг оруулжээ. Дөрөвт нь,буруу шийдвэр гаргаж буйгаа эрх баригчид хаацайлан зөвтгөж, эсвэл нууж хааж чадахгүйд хүрсэн байна. Тэр ч байтугай гутамшигт зүйл хийж буйгаа ил тодоор хүлээн зөвшөөрдөг болж. Тавд гэвэл, улс орон арчаагүй байдалд орсны учир шалтгаан, гэм буруутнуудыг тодруулж хариуцлага хүлээлгэх хүсэл,шаардлага нийгэмд урьд өмнөхөөс үлэмж нэмэгджээ.

 

Дахиад л Оюутолгой, Рио Тинто ...

 

Энэ удаагийн “хэргийн эзэн,хэнгэргийн дохиур”-аар Оюутолгойд эзэн суусан  Рио Тинто ба түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдүүд голчлон тодров. Тэд УИХ-ын тогтоолын талаар гомдол мэдүүлсний улмаас ОУВС Монгол Улсыг “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт”-өө хамруулах шийдвэрээ хойшлуулж манай эрх баригчдыг бажгадуулав.

 

Асуудал үүсгэсэн УИХ-ын тогтоолын 1.11дүгээр заалтад „гадаадын хөрөнгө оруулалттай томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээний үр ашгийг дээшлүүлэх, борлуулалтын орлогыг Монгол дахь банкны дансаар дамжуулдаг болгож улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх" гэж тусгасан байсан юмсанж.

Гаднынханд энэ заалт огт таалагдсангүй. Тиймээс тэд уурсан дургүйцэж, ОУВС-аар дамжуулан “шантааж” хийснээр манай эрх баригчдыг дорхноо буулган авч дөнгөв.

Оюутолгойн Хөрөнгө Оруулалтын Гэрээ(ХОГ)-нд юу гэж тусгасныг үзвэл, 9.4 дэх заалтад  “хөрөнгө оруулагч нь Монгол Улсын болон бусад улсын арилжааны банкинд данс нээж сонгосон валютаараа чөлөөтэй,саадгүйгээр олон улсын гүйлгээ хийх эрхтэй” хэмээн томъёолжээ. Борлуулалтын орлогын болон бусад гүйлгээгээ Монгол дахь банкаар дамжуулж ч болно, дамжуулахгүй ч байж болно, хэрхэхийг тэд шийднэ гэх утгаар их задгай,гаднынханд давуу байдлыг олгосон хэлбэрээр зохицуулжээ. 

Энэ заалтыг хэрэгжүүлж ирсэн практик монголчуудын эрх ашигт нийцэхгүй байгааг харгалзан цаашид томоохон төслүүдийн борлуулалтын орлогыг Монгол дахь банкаар дамжуулдаг болъё хэмээн УИХ үзэж тогтоол гаргасан нь тэр байв. Төлбөр тооцоог бүгдийг нь Монгол дахь банкаар хийдэг болъё гээгүй. Оюутолгойн гэрээний заалтыг өөрчилье гээгүй. Угтаа бол гаднынхнаас сүртэй буулт шаардаагүй. Зохицоод,хэрэгжүүлээд явж болох зүйл байв.

Гэтэл гаднынхан хатуурхаж ямарваа нэгэн өөрчлөлт хийхийг эсэргүүцсэнээр давуу байдлаа хадгалж үлдэв. Ялимгүй өөрчлөлт оруулахаар завдангуут л шууд таслан зогсоодог болж.

 

Энэ нь юуг өгүүлнэ вэ? Монголын төр гаднынханд таалагдахгүй шийдвэр гаргах чадваргүй болтлоо шалдаа буужээ. Ямар шийдвэр гаргаж болохгүйг тэд заадаг болжээ. Монголчууд эрх ашгаа хууль тогтоомжоороо хамгаалж чадахгүйд хүрсэн байна.Энэ янзаар бол УИХ гаднынхны эрх ашгийг хөндсөн асуудлаар Засгийн газартаа үүрэг,даалгавар ч өгч болдоггүй болох нь. Гаднынхан манай төр,засгийн шийдвэрт өмнө нь далдуур,тойруу замаар (голдуу гар хөл бологчдоороо дамжуулан) нөлөөлдөг, нөлөөлөх гэж оролддог байсан бол одоо ил тод ба шууд “тулган” шаарддаг хэмжээнд хүрч “томорчээ”. Нөгөөтэйгүүр гадаадын хөрөнгө оруулагчдад нууж хаах зүйл байгаа учраас тэд Монгол дахь банкны данснаас зайлсхийж байна гэж ойлгож болохоор байна. 

Оюутолгойн ХОГ анхнаасаа сайн хийгдсэн бол ямарваа асуудал,хүндрэл үүсэхгүй байх байв. Гэтэл өөдгүй гэрээ байгуулснаас болоод бид баялгийнхаа үр өгөөжийг олигтой хүртэх нь бүү хэл, орлого зарлагынх нь хэмжээг ч бодитой мэдэж авах боломжгүй,төлбөр тооцоог нь ч банкуудаараа дамжуулан гүйцэтгүүлэх эрхгүй сууцгааж байна.  

 

Гэрээг байгуулсан ба хамгаалдаг МАН,АН-ын нөхдүүд “гэрээг өөрчлөх эрх нээлттэй байгаа” гэж гоё донгоддог. Тэр нь өөрсдийгөө өмгөөлөх,хүмүүсийг хууран мэхлэх зорилготой хоосон яриа болох нь энэ удаа ч батлагдав. Гэрээний заалтыг ч биш, зөвхөн түүний үйлчлэлийг монголчуудад арай ээлтэй болгохоор оролдоход л гаднынхан бидний “амыг тас алгадаж” байна. Бодит байдал ийм л байна. Ямар юмных нь “өөрчлөх эрх нээлттэй” байхав дээ.

 

Монголын баялгийг хэн хянах вэ?

 

Болсон үйл явдлаас олон зүйл харагдаж,бас тодорхой болж байна уу даа гэлтэй. Жишээ нь, эрх баригчид ямар шийдвэр гаргаж байна, ямар хөдөлгөөн хийх гэж байна гэдгийг гаднынхан их анхааралтай ажиглаж, хянадаг нь нотлогдов. Манайхныг дээрэлхээд сурчихсан нь бас мэдрэгдэнэ.Тэд “даварсаар даварсаар Давгын оронд” гэгч аль хэдийнэ болчихсон нь илэрхий. 

ОУВС,Дэлхийн банк хийгээд Барууны хөрөнгө оруулагчид нэгдмэл зорилго,сонирхолтой байдаг нь мөн батлагдав. ОУВС гадаадын хөрөнгө оруулагчдын хүсэлт,шаардлагыг  бүхэл бүтэн улс орны эрх ашгаас дээгүүр тавьдаг нь илчлэгдэв. Тэд дуу хоолойгоо төвөггүй авалцан хоршиж, хамтарсан хүчээр “довтолж” санасандаа хүрцгээж байна.

Энэ удаагийн “тулган шаардалт” нь гаднынхны хувьд нэгэнт хүрсэн барьцаа ахиулж бататгахын тулд ОУВС-гийн хөтөлбөр хийгээд УИХ-ын тогтоолын заалтыг овжноор ашиглан монголчуудыг “айлган сүрдүүлж” өөдөөс нь өмөлзөж өрвөлзөхгүй болгох оролдлого ч байсан байх талтай.

Монголын хөгжлийн жинхэнэ хэрэгцээ,шаардлага Барууныхны бодлого,зөвлөгөөтэй тэр бүр нийцдэггүйг хүмүүс одоо мэдэрч,хожуу ч гэсэн мэдэж авцгааж байх шиг байна. 

 

Рио Тинто болон Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтэд оролцож буй гадаадын 20-иод банк,санхүүгийн байгууллага,түүний дотор Дэлхийн банкны группд багтдаг Олон улсын санхүүгийн корпораци (IFC),Олон талын хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллага  (MIGA)-ын хувьд бизнесийн үйл ажиллагаа,ашиг,орлого нь нэгдүгээрт тавигдаж буй нь мэдээж хэрэг.

ОУВС ба Дэлхийн банкны тухайд бол харьцангуй бие даасан үйл ажиллагаа явуулдаг хэдий ч байгуулагдсан цагаасаа хойш АНУ тэргүүтэй Өрнөдийн улс гүрнүүдийн хяналтанд оршсоор ирсэн. “Гуравдагч хөрш”-үүд маань биднийг улс төр,үзэл суртал,санхүү-эдийн засгийнхаа нөлөөнд оруулахаар зорьсоор ирсэн нь бас нууц биш. Энэ өнцгөөс харвал, ОУВС-ын байр суурь, шийдвэр нь Өрнөдийн геополитикийн бодлогын хаялгатай холбоотой байхыг үгүйсгэшгүй.

Ямар ч байлаа эцсийн бүлэгт гаднынхныг нэг л зүйл нэгтгэн зангиддаг бөгөөд тэр нь Монголын баялагт хяналтаа тогтоох хүсэл,санаархал юм.

Аливаа буурай хөгжилтэй орон өөрийн амин зуулга болсон байгалийн баялагтаа эзэн суух нь цаашдын бодитой хөгжил,дэвшлийнх нь үндэс суурь болдог жамтай (“Монголын мэдээ” сонин, 2006.06.20,№ 119, 3-4-р тал). Ийм ч учраас баялгаа өөрийнхөө хяналтанд байлгах нь Монгол Улс, үндэстний хувьд мөхөх,сэхэх хэмжээний асуудал байдаг билээ.

 

Монголчуудын дийлэнх олонх стратегийн ач холбогдолтой ордууд үндэсний мэдэлд байх ёстой гэж үздэг бол гаднынхан болон тэдэнтэй элдвээр сүлбэлдсэн манай өчүүхэн цөөнх үүнийг ил,далдуур идэвхтэй эсэргүүцсээр ирснийг амьдрал харуулсан.

Өнөөгийн үйл явдлууд ч баялгийг хянах асуудал дээр монголчууд ба гаднынхны үзэл баримтлал зөрж буйг гэрчилнэ. Бидний ба тэдний байр суурь ихээхэн ялгаатай төдийгүй тэр ч бүү хэл эсрэг тэсрэг, зарим талаараа бүр эвлэршгүй шинж чанартай гэж хэлж болно.   

Монголын баялгийг хэн хянах вэ? Монголчууд уу, аль эсвэл гаднынхан уу? гэх хатуу ширүүн тэмцэл ийнхүү үргэлжлэн өрнөж байгаа нь тодорхой. Энэ тулааны нөлөөлөл, тусгал нэг “муу” хөтөлбөрт хамрагдах уу,үгүй юу? гэх асуудал дээр хүртэл илэрч байна.     

Багалзуураа шахуулсан хүн шиг ...

 

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр хямрал,хүндрэлийг гэтэлж болох байсан гэх зүйлийг одоо зарим улстөрч яриад байгаа. Өмнөх жилүүдийн олон ноцтой алдаа,завхралыг хариуцах хүмүүс хүртэл ингэж буй нь хачирхалтай ба инээдтэй. Маш дорвитой арга хэмжээнүүдийг эртнээс авч хэрэгжүүлсэн бол тийм боломж байсан гэдэгт эргэлзэх зүйлгүй юм. Гэвч...эрх баригчид тэгэж чадаагүй төдийгүй бүр хүсээгүй билээ. Ингээд цаг хугацаа алдаж, нөхцөл байдлыг хурцатган даамжруулж, улс орныг өнөөгийн ацан шалаа,нуман тулгуурт оруулцгаасан.

 

Хүндрэл,бэрхшээлийн учир шалтгааныг зөв оношлох үндсэн дээр таарч тохирсон эмчилгээг даруй хийгээч, ”(о)доо тохиромжгүй арга хэмжээг авбал жолооны хүрдийг буруу тийш нь мушгисантай адил болж ...улс орныг жинхэнэ хямрал руу гулсуулах аюултай” шүү гэж эрх баригчдад 2013 онд анхааруулахад тоогоогүй билээ (www.sonin.mn/news/politics-economy/19976). Дааж давшгүй гадаад өрийн дарамтанд орж болзошгүй байна гэхэд тэд өр зээлээ төлж чадахгүйд хүрэх асуудал огт үүсэхгүй гээд өөрсдийгөө ба өрөөлийг тайвшруулан сууцгаасан нь үнэн. Ингээд л өнөөгийн байдалд хүрцгээсэн. “Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ,ус хийсэн ч сэгсэрнэ” гэдэг болсон гэлтэй.

Эдүгээ Монгол Улс,үндэстэн дүрслэн яривал багалзуураа шахуулсан хүн шиг л хөөрхийлэлтэй байдалд байна. Гаднынхан томоос том савраа бидний хоолой дээр тавьчихаад хээв нэг инээгээд сууцгааж байна. Тэд дуртай үедээ базаж дарамтлах боломжтой болжээ.Зөөлөн дарах уу, хүчтэй шахах уу гэдгээ тухай бүр ая тааллаараа шийднэ. 

 

Багалзуураа шахуулсан хүн яадаг вэ? Маш ойлгомжтой.Амьсгал нь бачуурна,боогдоно. Мөгөөрсөн хоолой нь өвдөнө,гэмтэнэ. Хоолойны төвөнх нь цааш дарагдвал амьсгалын зам нь бүр бөглөрнө.Гүрээний судас нь дарагдсанаас тархины цусан хангамж нь муудна,ухаан нь балартана. Багалзуурдуулсан хүн нэг бол бууж өгнө,эсвэл эсэргүүцэн тэмцэж хоолойгоо чөлөөлөхийг оролдоно. Ийм л сонголттой байдаг. 

Ингэж төсөөлвөл эрх баригчид амьсгаа авахын тулд аргагүйн эрхэнд бууж өгчээ гэж ойлгож болохоор. Харин энэ нь тактикийн шинжтэй буулт,ухралт байв уу, үгүй юу гэдэг нь одоогоор тодорхой бус үлдэж байна.

ОУВС-гийн хачирхалтай байр суурь

 

ОУВС-гийнхан шийдвэрээ хойшлуулсан нь тэд УИХ-ын тогтоолын заалтыг “капитал контрол” буюу валютын урсгалд хяналт тавих,хязгаарлалт хийх оролдлого гэж үзсэнтэй холбоотой байсан гэх мэдээлэл бий.

Энэ үнэн бол их сонин дүгнэлтүүд хийгдэхэд хүрнэ. Нэгд, борлуулалтын орлогыг Монгол дахь банкаар дамжуулдаг болъё гэж УИХ шийдсэнийг тэд гуйвуулан “хадны мангас” болгож дэвэргэсэн болж таарна. Учир нь валютын урсгалыг хянах,хязгаарлах шийдвэрийг УИХ гаргаагүй. Ийм байтал тэгэж хардаж сэрдэн “улстөржүүлr” ойлгоно гэдэг бол дэндүү хачирхалтай хэрэг. ОУВС-гийнхан ямар мэдээлэл,ойлгоцтойгоор асуудалд ханддаг, хэний мэдээлэлд илүү итгэж ач холбогдол өгдөг нь эндээс харагдаад байх шиг. Манай Ерөнхий сайд хүртэл УИХ-ын тогтоолын заалт олон улсын гэрээнд хамаарахгүй гэх зэргээр бичгээр учирлахад тэд монголчуудын тайлбарыг хүлээж аваагүй юм билээ.

 

Хоёрт гэвэл, ОУВС-гийнхан валютын урсгалд ямарваа хяналт тавихын эсрэг, тийм оролдлого ч хийхийн эсрэг байгаа болж таарах гээд байна. Энэ тийм бол бүр ноцтой асуудал. Учир нь, ямарваа хяналт тавихын эсрэг байна гэдэг бол ОУВС-гийн үүрэг,зорилтод (тухайлбал, макро эдийн засгийг тогтворжуулахад туслалцаа үзүүлэхэд) нийцэхгүй,тиймээс ойлгоход бэрх байр суурь юм. Валютын гүйлгээндээ хяналт бүү тавь гэж шаардах нь зөвхөн явцуу ашиг сонирхлыг урьтал болгосон нөхцөлд буюу улс орны эдийн засаг дээрдэх,дордох нь гол чухал биш, юуны өмнө гадаадын хөрөнгө оруулагчдын ашиг сонирхол чухал гэж үзсэн тохиолдолд л утгатай, ойлгомжтой байр суурь байх юм. 

 

Уг нь ОУВС валютын урсгалдаа хяналт сайн тавь гэж биднээс шаардах учиртай. Гэтэл тэгээгүйгээр барахгүй, хянах гэж оролдлоо хэмээн монголчуудыг буруутгасан, бүр “шийтгэсэн” дүр зураг харагдана.

ОУВС үнэхээр хяналт тавихын эсрэг байгаа юм уу? Хэрэв тийм бол ямар учраас эсрэг байгаа юм? Хяналтын эсрэг биш юм бол УИХ-ын тогтоолын заалтыг яагаад өлгөн авч шалтгаан, эсвэл шалтаг болгон ашиглаж ийнхүү аашлав? гэх зэрэг асуудлаар ОУВС-гийнхан Монголын олон нийтэд тайлбар өгөх нь зүйтэй санагдана. Эс бөгөөс маш их хардлага,болгоомжлол зүй ёсоор төрж, хөтөлбөр батлагдаж ч амжаагүй байхад үүсээд буй үл ойлголцол цаашид улам нэмэгдэж болзошгүй байна.

Нөгөөтэйгүүр ОУВС валютын урсгалд ямар ч хяналт тавьж болохгүй гэх байр суурийг баримталж буй бол бид үүнийг Монгол Улсыг сул дорой,багалзуурдуулсан байдалд байлгах атгаг бодлого,санаархал хэмээн үзэхээс өөр аргагүй.  

Ер нь бол ОУВС-гийн бодлого,үйл ажиллагаа дандаа зөв байна гэж үгүй бөгөөд тийм байх ч боломжгүй билээ. Тэдний бодлого,үйл ажиллагаа ялангуяа хөгжиж буй гэх нэртэй улс орнуудын хувьд заримдаа халгаатай, цөөнгүй тохиолдолд бүр шууд харш байдаг нь дэлхийн практикаар ч, хөгжлийн онолын судалгаагаар ч аль хэдийнэ хөдөлшгүй батлагдсан зүйл. 

 

Ийм байгууллагаас тусламж,дэмжлэг гуйхад хүрсэн нь бидний өөрсдийн буруу. Түүгээр явж буй аюулыг үүгээр даллан дуудсан л хэрэг.     

Валютын урсгалд хяналт тавих,хязгаарлалт хийх асуудлын гүн рүү өнгийж яривал, эдгээр нь хурц хямралыг даван туулах, ялангуяа үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад валюттай харьцах ханшийн огцом уналтыг хазаарлаж тогтворжуулахад тодорхой нөхцөлд оновчтой,үр нөлөөтэй арга хэмжээ байдгийг хэлэх ёстой. Үүнийг жишээ нь 1980-аад оны Латин Америкийн өрийн хямрал,1997 онд дэгдсэн Зүүн Азийн эдийн засгийн хямрал, 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараах Исланд,Кипр,Грекийн хямралын сургамж харуулсан. 

 

1997 оны Азийн хямралын үеэр ялангуяа Малайзын туршлага нотолсон. Тэр үед ОУВС ба Өрнөдийн орнууд ийм арга хэрэглэхийн эсрэг байсан юм. Гэвч тэдний “мундаг” мэргэжилтнүүд, бодлоготнууд алдаатай сэтгэж, буруу зөвлөж,үндэслэл муутай шахаж шаардаж байсныг үйл явдлууд харуулсан байдаг. Энэ тухай дурдах,ярихыг ОУВС ба Барууныхан одоо ч хүсдэггүй юм. Яагаад гэдэг нь ойлгомжтой. Тухайн үед банкны системийн ужгирсан хүндрэлээ давахаар зүдэрч байсан Японы эрх баригчид Өрнөдийнхний мэдэмхийрсэн зөвлөгөөнд дургүйцэж тэдэнтэй “эв түнжин хагарчихсан” байсан нь ОУВС зэргийн шахалтыг тэсвэрлэхэд тус дэм болсон юм.

 

“Гадилын улс” болох үндэс суурь эртнээс тавигдсан 

Монголын нийгмийн доройтол,хямрал улс төр,эдийн засаг,хууль зүй,оюун санаа,ёс суртахуун зэрэг бүхий л гол чухал хүрээнд дээд цэгтээ хүрснийг өдгөө бид мэдэрч байна. Ялангуяа санхүү, эдийн засгийн хувьд улс орон маань бусдаас хараат байдалд ороод байна. Энэ хүрээн дэх үндэсний аюулгүй байдал эмгэнэлтэйгээр алдагджээ. Энэ аюултай ба эрсдэлтэй байдал хэр удаан үргэлжлэх нь тодорхой бус байна. Тодорхой зүйл гэвэл монголчууд ойрын жилүүдэд гаднынхны хараа хяналт дор амьдарч амь зогоох нь. 

 

Монгол өмнө нь Зөвлөлт Холбоот Улс хэмээх дэлхийн агуу гүрнээс хараат “дагуул улс” байдаг байсан бол одоо Оюутолгойг хяналтандаа оруулсан Рио Тинто гэх ганцхан компаниас хараат болох нь холгүй явна.

Ийнхүү бидний тусгаар улс нөгөө дэлхий даяар доог тохуу хийж жигшин яриад байдаг “гадилын бүгд найрамдах улс”-уудаас дээрдэхээргүй өрөвдөлтэй төвшинд уруудан очжээ.

 

Энэхүү доройтлын түүх,учир шалтгаан юуны өмнө улс орны эдийн засгийн доройтолтой салшгүй холбоотой, өсгөж яривал бүр түүнээс үүдэлтэй.

Эдийн засаг доройтох үндэс суурь олон жилийн туршид бүрэлдэн тогтсон юм. Үүнд янз бүрийн хүрээ,эрэмбэ,төвшний олон хүчин зүйл, нөхцөл нөлөөлсөн. Доройтлын үе шатуудыг тодорхой үйл явдлаар төлөөлүүлэн хэлэх ч боломжтой. 

 

Миний ойлгож байгаагаар, доройтлын бодит бөгөөд ил харагдах үндэс суурь 1997 ба 2006 оны Ашигт малтмалын тухай хуулиар тавигдсан бөгөөд ялангуяа 2009 онд Оюутолгойн ХОГ хэмээх гамшгийн уршигтай гэрээгээр биеллээ олж хэлбэржсэн юм (www.sonin.mn/news/politics2economy/69071). Дараа нь “Дубайн гэрээ”-ний шууд үр дагавар болох Оюутолгой төслийн санхүүжилтийн гэрээ гэгчийг 2015 оны 12дугаар сард байгуулснаар олон улсын гэрээний хэмжээнд баталгаажсан болно (www.bolod.mn/News/157616.html).

 

Оюутолгойн гайхамшигт баялгийг гаднынханд үнэгүй шахуу өгсөн ХОГ,түүнийг байгуулсан, дэмжсэн  ба одоо ч хамгаалсаар буй этгээдүүд Монгол Улс,үндэстэнд ямар их хор хөнөөл учруулсныг эндээс бэлхнээ харж болно.

”Стратегийн онцгой ач холбогдолтой Оюутолгойн асар их нөөц баялгийг ... харийнхны бүрэн эрх мэдэлд шилжүүлвэл үндэсний хөгжилд нөхөж баршгүй хохирол учирч, манай төрийн бодлого, эдийн засаг гадаадын нэг компаниас үлэмж хараат болох аюул нүүрлэж байна” хэмээн бүр 2007 онд сэрэмжлүүлж байсан нь одоо үндсэндээ биеллээ олжээ.

 

Оюутолгой хүчтэй дурдагдаж буй нь эдийн засаг дахь түүний онцгой жин,байр сууриас гадна эрх баригчдын ноцтой алдаатай шийдвэрүүдийг яруу тод харуулах загвар жишээ болж буйтай нь холбоотой. Гэхдээ Оюутолгой нь манай эдийн засгийг доройтуулсан нийт хүчин зүйл, нөхцлийн зөвхөн нэгээхэн хэсэг. Зүйрлэвээс,мөсөн уулын үзэгдэж буй орой нь юм. 

 

Эдийн засгийн ерөнхий доройтол яван явсаар хямралд хүргэж, харин хямрал нь бидний үнэн байдлыг илчилсэн болно. Бид одоо багалзуураа шахуулах байдалд орсон нь хямралаас болсон гэхээс илүүтэйгээр эдийн засгийн доройтлоос шалтгалсан. Ийм ч учраас хямралыг давчихвал бүх юм хэвийн, сайхан болчих мэтээр болхиор ойлгож болохгүй юм. 

 

Ил хямралыг давсан ч далд оршсоор буй доройтлын гайгаар хоолойгоо шахуулсаар байх магадлал өндөр байгаа. Хямралаас гарах далбаан дор одоо гаднаас авах их хэмжээний зээлийг үр өгөөж багатай зарцуулбал доройтолд хүргэсэн нөхцөл байдлыг улам муутгана.

Одоо ОУВС,Өрнөдийн хөрөнгө оруулагчид биднийг дарамтлах боломжтой байгаа бол дараа нь өөр хэн нэг нь тэгэх боломж олж авна. Бид бусдын эрхшээлд байсаар байна л гэсэн үг.

 

Ийм байдлаас гарахын тулд, ийм байдалд цаашдаа ер орохгүй байхын тулд санхүү,эдийн засгийн хувьд бусдаас хараат бус байх тийм л бодлого,үйл ажиллагааг явуулах ёстой. Ингэхийн тулд эдийн засгийг доройтуулж буй гол шалтгаан, нөхцлүүдийг юуны өмнө арилгах,саармагжуулах учиртай. Арилгая,засъя гэвэл төрийн бодлогыг ихээхэн өөрчлөхөөс өөр аргагүй. 

Гэтэл эрх баригчид зарим зайлшгүй арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд буй хэдий ч бодлогоо дорвитой өөрчлөхийг хүсэхгүй байгаа дүр зураг анзаарагдана. Гаднынхан ч улс оронд хэрэгтэй, гэхдээ тэдэнд таалагдахгүй өөрчлөлтийг зөвшөөрөх янзгүй байна. Ингээд л ахиц дэвшил гаргаж болдоггүй “чөтгөрийн тойрог” үүсчихэж байна. 

 

Цоо шинэ бодлого,хандлага хэрэгтэй

Улс оронд бий болсон туйлын урагшгүй байдлын түгээмэл эх сурвалж, хөрс нь тодорхой юм. Хорь гаруй жил ноёрхсон хариуцлагагүй ба эмх цэгцгүй байдал үүнд зүй ёсоор хүргэсэн. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг. Юугаа тарина,түүгээ хураадаг. Монголчууд үүнийг мэдээгүй биш, сайн мэдэж байсан.  Ялангуяа “(у)лс орныг удирдаж байсан ... хүмүүс, бүлэглэлүүд, улс төрийн хүчнүүд энэ бүхний хариуцлагыг хүссэн,хүсээгүй бүрэн хүлээх ёстой” (http://archive.olloo.mn/News/1150876.html).  

Одоо өнгөрсөн он жилүүдийн алдаа,оноог бүхэлд нь шүүмжлэлтэйгээр цэгнэн дүгнэх шаардлага үүсч байна.Бидний явж буй зам мөр ер нь зөв байна уу гэх асуултыг ч тавих хэрэгтэй болжээ.

 

Үе үеийн эрх баригчдаас хэрэгжүүлж ирсэн эдийн засгийн харалган бодлого,шийдвэрүүдийг чадвал засч залруулах,ядвал хор уршгийг нь багасгах нүсэр ажилтай тулгарч байна. Гэвч бусдын дарамтанд орсон үед энэ бүхнийг хэрэгжүүлж чадах уу гэдэг нь маш их эргэлзээтэй. Гадагш гарч буй баялгийнхаа орлогыг Монголын санхүүгийн системээр дамжуулж бага ч болов эмх цэгц бий болгоё гэхэд гаднынхан жадлан зогсоож байна. 

 

Үнэндээ бол одоо эргэлтийн шинжтэй цоо шинэ бодлого,үйл ажиллагаа үгүйлэгдэж байна.Угийн бүтээмж дорой манай эдийн засаг өмнөх алдаатай бодлого,шийдвэрүүдийн балгаар өсөлт, хөгжлийнхөө нөөц боломжийг үндсэндээ шавхаад, одоо ихээхэн тамирдан сульдаад эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна. Гадаадын зээл,тусламжаар хүчтэй тариулан жаахан тэнхэрч болох боловч олигтой эрүүлжих нь юу л бол.

 

Цаашдаа эдийн засгийн өсөлт,хөгжлийн шинэ загварт шилжих шаардлагатай. Бусдын бус,өөрийн үзэл бодлогоор явж аажим ч гэсэн алхам алхмаар бодитой урагшлах нь дээр.Үүний тулд баялгаа хяналтандаа байлгаж, өсгөн үржүүлж, үр шимийг нь зөв хуваарилах хэрэгтэй байна. Үсрэнгүй хөгжил, рекорд өсөлт энэ тэр гэж хийрхдэгээ больж гадаадын хөрөнгө оруулалт хэмээн сохроор, нөхцөл байдалдаа тохируулалгүйгээр үхэн хатан зүтгэдгээ хязгаарлууштай. 

Бодит байдалд тулгуурласан улс төрийн үнэлгээ,дүгнэлт ч дутагдалтай байгаа нь харагдана.Улс орон хөөрхийлэлтэй байдалд орсонд хэн буруутай вэ? гэх асуудлыг МАН,АН-ынхан нөгөө л үхширмэл янзаараа, нэг нэгнийгээ буруутгах байдлаар ярьсаар байна. Энэ хоёр намын удирдлагууд өнгөрсөн 25 жилийн туршид төр,засгийн жолоог ээлжлэн ба хамтран барьж ийм байдалд хүргэснээ одоо ч хүлээн зөвшөөрч чадахгүй байна.

Улс орон маань санхүү,эдийн засгийн хувьд бусдаас хараат болчихоод, үндэсний аюулгүй байдал алдагдчихаад байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг сүүлийн 8 жил тэргүүлсэн Ерөнхийлөгчийн ажлын үр дүнг “сайн” гэж дүгнэх боломжгүй. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ ч хаашаа харж,юугаа хийж суусан болоод ийм байдалд хүрснийг асуух ёстой.   

 

Хорь гаруй жил зонхилж ирсэн худал хуурмаг бодлого,ухуулга, мөн улстөрчдийн ойворгон, гоомой,шоучин,гөлөлзүүр зан,үйлдлүүд цаг хугацааны хатуу шалгуураар эрхбиш тараа таниулж одоо эцэс төгсгөл болох тийшээгээ явж буй нааштай шинж тэмдэг ажиглагдаж буйг хэлэх нь зүйтэй байх. Харин улс орноо сүйрлийн ирмэгт аваачсан дэндүү өндөр үнэ,өртгөөр ийм өчүүхэн ахицад хүрэхээр гэлдэрч буй нь монголчуудын эмгэнэл.

Бусдын эрхээр жаргахаар,өөрийн эрхээр зовж “бор гэртээ богд,хар гэртээ хаан” суух нь хамгаас чухал билээ. Гаднын улс гүрнүүд, ОУВС,Дэлхийн банк,гадаадын хөрөнгө оруулагчдын хэн нь ч бидний аврал биш, бас дайсан биш. Асуудлын гол нь гаднынхан юу хүсэж санаархаж буйд биш, харин монголчууд бид өөрийн эрх ашигт нийцэхгүй аливаа бодлого,үйлдлийг сөрөн зогсож, няцааж,бие даасан байдлаа олж, хадгалж, бататгаж чадаж байна уу гэдэгт оршсоор. 

Манай шинэ үеийн түүхийн бүхий л чухал цаг мөч,үе шатанд, тухайлбал 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн,1921 оны Ардын хувьсгал,1945 оны бүх нийтийн санал хураалт,1990 оны Цагаан морин жилийн хувьсгалын үед асуудал ийм утгаар л яригдаж, ойлгогдож, монголчуудын хөгжлийн зорилго,зорилт болж тавигдаж ирсэн. Үүнийг бүгдээрээ яс махандаа шингэтэл дахин ухаарч, зөв хөдлөхгүй бол улс,үндэстний хувь заяа бидний хүссэн,зорьсоноос өөрөөр эргэж мэдэх нь ээ.

 

Р.Эрхэмбаяр, “Ирээдүйтэй хөгжил” зөвлөл