Олон банк дампууруулж, олон хүн шоронгийн хаалга татуулаад байгаа Олон овоотын  ордны  нөөцийг дахин тогтоолгох шаардлагатай хэмээн үзсэн Эрүүгийн цагдаагийн газрынхан Уул уурхайн яаманд ханджээ.

Тэд тус яамнаас хөндлөнгийн шинжээч томилж өгөхийг хүссэн дагуу шинжээчээр ажиллах санал гаргасан таван хүний нэрийг Эрүүгийн цагдаагийн газарт хүргүүлсэн гэнэ. Тэр хүмүүстэй мөрдөгчид нэг бүрчлэн уулзаж ажлын хөлс, аваа өгөөгөө тохирч чадвал Олон овоотын нөөцийг судлах ажлыг албан ёсоор эхлүүлэх тухай мэдээлэл бий. Чухам ямар хүмүүс Олон овоотын нөөцийг тогтооход хөндлөнгийн шинжээчээр ажиллах боломжтой хэмээн санал гаргасныг одоогоор хэлэх боломжгүй гэж буй юм билээ.

 

    Юутай ч тун удахгүй энэ асуудал нэг тийш болж, Эрүүгийн цагдаагийн сонгосон баг ажилдаа орвол "Монгол газар"-ын Ц.Мянганбаяр үлгэр хүүрнэж, үүнд нь "Анод", "Зоос" банкны эзэд, "Жаст"-ын Ш.Батхүү гэсэн гэнэн улс итгэж хамаг хөрөнгөө салхинд хийсгэсэн үү гэдэг тодорхой болж мэдэх юм. Ер нь Олон овоотын нөөц яг хэд вэ гэдэгт хүн бүр л өөр өөр тoo хэлж, толгой эргүүлж байсан байдаг. Тухайлбал, энэ ордын эзэмшигч хэмээгдэж байсан "Монгол газар" компанийн захирал Ц.Мянганбаяр "Зоос", "Анод", "Хадгаламж", "Голомт" банкнаас гадна Америкийн "Голдман сакс"-аас авсан 186 тэрбум төгрөгний өрөндөө барьцаа болгосон Олон овоотынхоо алтны нөөцийг 2009 онд 100 тонн хүрнэ гэж Канадын компаниар тогтоолгож дүгнэлт гаргуулсан тухай ярьж байв.

 

    Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөл Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутагт, Улаанбаатар хотоос баруун урагш 550 км зайд орших Олон овоотын ордын нөөцийг 18,5 тонн хэмээн тодорхойлж 2004 онд Эрдэс баялгийн нөөцийн санд бүртгэсэн байдаг. Мөн өөр нэг эх сурвалж "Наад ордын чинь нарийвчилсан судалгааг гавьяат Цэрэн-Очир хийсэн. Түүнийхээр ердөө 3.5 тонн алттай гэж гарсан гэнэ билээ" хэмээж байсан нь ч бий. Олон овоотоос авах алтыг барьцаалан 30 сая долларын зээл Ц.Мянганбаярт олгосон "Голдман сакс" ч энэ ордын нөөцийг тогтоолгосон. Тэд Канадын өөр нэг компаниар Олон овоотын нөөцийг тогтоолгоход 12.2 тонн гэж гарсан гэдэг. Тиймээс энэ хэмжээнд нь тааруулаад 30 сая ам.долларын зээл олгохыг зөвшөөрсөн. Түүнээс биш Ц.Мянганбаяр тэднээс арай ихийг авахыг хүсч байсан бөгөөд энэ зээлийг зуучилсан өдгөөгийн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат ч чамгүй их мэрийсэн гэдэг юм.

 

   Энэ мэтээр Олон овоотын нөөц хэд вэ гэдэг дээр үнэн худал нь үл ойлгогдох мэдээлэл өнгөрсөн хугацаанд олон сувгаар хөвөрсен. Хэрэв Ц.Мянганбаярын үлгэр үнэн байсан бол энэ ордыг Монгол Улс стратегийн гэж онцлоод олох ашиг орлогоос нь ард түмэнтэйгээ хуваалцах ёстой байв. Учир нь УИХ-аас 2007 онд тогтоол гаргаж стратегийн чухал ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудын жагсаалтыг баталсан. Анх баталсан 15 дотор ч, дараа нь яригдаж байсан нэжгээд ордын тоонд ч Олон овоот огт дуулдаагүй юм. Тэгэхээр Олон овоот ойгүй их нөөцтэй хэмээдэг нь худал болж таараад байгаа биз. Стратегийн ач холбогдолтой орд гэдгийг Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.11-д "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд гэж үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд нлөөлөх хэмжээний, эсвэл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний таван хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа болон буюу үйлдвэрлэх боломжтой ордыг хэлнэ" хэмээн хуульчилсан байгаа. Гэтэл Олон овоотын стратегийн гэж үзээгүй.

 

   Тэгэхээр Ц.Мянганбаярын 100 тонн алт элбэг бий хэмээсэн нь үнэнээс хол зөрсөн дэгс буюу тэр бусдыг төөрөгдүүлж залилан хийхийн тулд ийм худал тoo ярьж байсан болж таарах нь. Уул уурхайн үйлдвэрлэл, хайгуул судалгааны ажил хариуцсан хувь, хувьсгалын байгууллага манайд мундахгүй олон бий. Уг нь иймэрхүү мэдээллийн үнэн, худлыг тэдгээр газрууд тодорхойлоод бусдыг төөрөгдүүлж буруу замаар будаа тээхээс нь өмнө тус болчихдог баймаар. Харамсалтай нь тэд ийм үүрэг хүлээдэггүй юу, эсвэл баян хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй гэсэн зарчимд үнэнч ажилладаг уу бүү мэд. Юутай ч хоёр гурван банк дампууруулж, бас тав зургаан хүн шоронгийн хаалга татсаны дараа л арай гэж нэг албан ёсны дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулан шалгаж нягтлахаар болж байна

 

 

Н.ГЭРЭЛ