-ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ ШИНЭЧЛЭХ ЗАРДЛЫГ ӨДӨР БҮР ЗОХИОЖ БУЙ БАЯР НААДАМД ЗОРИУЛЖЭЭ-

Ард түмнийхээ үг хэлэх эрх чөлөөг бүрэн хорих гэж талбайд дээр өдөр бүр асар их үрлэг зарлага гаргаж, онгоц белаз хүртэл зөөн аваачиж, олон хүнийг ажиллуулж хөлсөлж, аргаа бараад хятад үндэсний бүжиг дахин дахин хийлгэж, есөн шидийн баяр наадам зохиож байгаа билээ.

Тавдугаар сарын 1-нээс эхэлсэн баяр наадмууд бүх талбай дээр өдөр бүр, ирэх 6, 7-р сард ч болно гэдгийг ЧД-ийн ажилтан надад хэлсэн. Өөр нэгэн эрхмээс, энэ баяр наадмуудад  Улаанбаатарын цэвэрлэх байгууламжийг шинэчлэх хэмжээний мөнгө хөрөнгө зарцуулагдаж буйг сонсож харуусал төрөв. Үнэр танар нь ч амар байлгахыг болив.

Шугам хоолой бөглөрөх, бас метан хий халснаас болж дэлбэрэлт үүсэн, их хэмжээний бохир цацагдаж, хальж, мөн цэвэрлэх байгууламж ажиллагаагүй болж, УБ хот баасандаа живэх цаг айсуй гэнэм. Улаанбаатар биш Улаанбаас хот болох цаг хаяанд ирнэм.

1964 онд байгуулагдсан, 86 онд ЗХУ-ын тусламжаар нэмж бүтээн байгуулалт хийсэн, 98 онд Данийн тусламжаар дөрвөн сорогч авсан, хамаг тоног төхөөрөмжийнх нь хугацаа дууссан, хятад төхөөрөмжүүд нь харин хугацаанаас өмнө хэрэглээнээс гарчихдаг, 50 жил олигтой засвар хийгдээгүй, гар ажиллагаанд шилжсэн энэ газар 200 мянган оршин суугчид зориулагдсан.

400 мянган төгрөгийн цалинтай ажилчид гар аргаар баас цэвэрлэдэг агаад, сард тэдэнд тусгай хангамж гэж 1 бээлий, 2 маск өгдөг. Бээлий нь урагдаад нүцгэн гараараа баастай ноцолддог. Метан хий, химийн бодис, мөөгөнцөр зэргээс болоод хордон, элэг уушиг, зүрх өвчилж, багтраатай болж, дүлийрч эрүүл мэндийн шалтгаанаар халагддаг. Дийлэхээ болиод хэд хоногоор нийслэлийн бохирыг Туул руу урсгасан тохиолдол ч бий.

Бохирыг ашиглан шатдаг хий үйлдвэрлэх үйлдвэр ЗХУ барьж өгсөн ч ашиглаагүй.

Ард түмнийг үг хэлүүлэхгүй байх яах вэ? Ажлаа хийгээч ээ, ариун цэврийн өрөөг анхаараач! Хийх юмаа хийхгүй бол татвар төлөгчдийн хэлэх үг барагдахгүй шүү дээ! Эцэст нь хэлэхэд, манай дарга нар элсэн цөлд хуралдах зэргээр шоуддаг, тэгвэл цэвэрлэх байгууламж дээр ядаж нэг ажлын өдөр хуралдаж, амьдралын бодит байдалтай танилцахыг шаардаж байна! Тэгж байж л ойлгох байх! Хэлээд ойлгохгүй шинжтэй.

Ч.Мөнхбаяр