Бичил уурхай эрхлэгчдэд сургалт хийлээМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Швейцарийн Хөгжлийн Агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төслийн дэмжлэгтэйгээр бичил уурхай эрхлэгч болон ХАМО иргэд, нөхөрлөлийн гишүүд хүний эрхийн мэдлэг, ойлголт, эрхээ шаардах чадавхыг нэмэгдүүлэх, түүнчлэн орон нутгийн өөрөө удирдах ёсны болон төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, төрийн үйл ажиллагааг хүний эрхэд суурилсан арга зүйгээр явуулах чадварыг сайжруулах чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, ахлах референт З.Өнөржаргал, ХЭҮК-ын Архангай аймаг дахь ажилтан Ж.Очирбат нар Архангай аймгийн Эрдэнэбулган, Цэнхэр сумдад 2017 оны 05 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд ажиллаж, аймаг сумдын төр захиргааны байгууллагын ажилтнууд багийн нийгмийн ажилтан, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, менежер, нэгдсэн эмнэлгийн ажилтнуудад зориулан "Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг зохион байгуулав.

Мөн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт гар аргаар алт олборлолтын үйл ажиллагаа явуулж буй бичил уурхай эрхлэгчид болон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, улмаар тэдэнд зориулан "Хүний эрхэд суурилсан хандлага” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.