Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон ажил арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм. Үүний нэг нь Зориг сангийн Эмэгтэйчүүдийн Манлайлал хөтөлбөрийн оролцогч, Австралийн тэтгэлгээр тус улсад суралцаж ирсэн төгсөгчидтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Зам тээврийн осолгүй сургууль” төсөл юм. Уг төслийн нээлтийн ажиллагаа 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль дээр боллоо. Төслийн хүрээнд зам тээврийн осол, хэрэг ихээр гарч болзошгүй, өнөр эрсдэлтэйд тооцогддог Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль замын хөдөлгөөний аюулгүй байдлын жишиг танхим байгуулж сургууль орчимд 2 гэрлэн дохио, 62 метрийн урттай 5 хурд сааруулагч, 34 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 600 метр орчим хайс байрлуулан тохижуулж, тус сургуулийн 6-14 насны 2300 орчим сурагчдад замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг тогтмол явуулахаар төлөвлөжээ. Төсөл энэ сарын 1-нээс 5 дугаар сарын 26 хүртэл 3 үе шаттай хэрэгжинэ.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 1087 хүүхэд зам тээврийн осолд өртсөний 89 хувь буюу 975 нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн нь энэ төрлийн хэрэгт анхаарахгүй байхын аргагүй нөхцөл байдал үүсээд байгааг харуулж байна. Хүүхэд зам тээврийн осолд өртөхөд эрх зүйн орчин, хүн амын нягтаршил, замын зохион байгуулалт, хот төлөвлөлт, сургуулийн автобус, сургалтын хөтөлбөр, хүүхдийн төлөвшил, хүмүүжил зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлж байдаг бөгөөд үүний нэг нь Сургууль орчмын аюулгүй байдал юм.  Дээрх хүчин зүйлүүдээс шалтгаалан жилд 40-50 орчим хүүхэд зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна.