Дээхнэ үед багшийн эрдэм шавиас гэж ирээд л бахархан ярьдаг байж билээ. Харин эдүгээ хүүхэд ямар сурах эсэх нь багшид хамаагүй болсон бололтой.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар 5-11 дүгээр ангийн 58827 суралцагчаас стандартын түвшин тогтоох шалгалт авахад 27731 сурагч буюу 47.1 хувь нь F буюу хангалтгүй үнэлгээ авчээ. Энэ нь өнөөгийн боловсролын салбар ямар байгааг харуулж байна хэмээн холбогдох мэргэжлийн хүмүүс онцолж байсан. Гэтэл салбарын яам нь боловсролын салбар шинэчлэгдэж байгаа. Сүүлийн үеийн хүүхдүүд шинжлэх ухаан техникийн дэвшлийг мэдэрч сэтгэн бодох чадвар нь илүү сайжирсан гэж үзэж байна. Харин шалгалтын дүнгээс харахад эсрэгээрээ байгаа нь хүн бүрийн нүдэнд ил. Хөдөөгийн хүүхдүүдийн тухайд бүр ч ярих зүйл байхгүй. Хэдхэн цаг хичээллэсэн болоод тардаг. Төгсөлтийн шалгалт болоход 60 хүүхдээс хоёр нь улсын сургууль авч чадвал амжилт.

 

    Үлдсэн нь хувийн сургууль руу шахагдаж байгаа юм. Багш нар сурагчдынхаа сурлагын чанарт анхаарна гэсэн ойлголт өцөө цагт байхгүй гээд хэлчихвэл хэтрүүлсэн болохгүй биз. Тэд цалин нэмүүлэх талаар л бодож суухаас хүүхдийн сурлагад тэр бүр санаа тавьдаггүй бололтой. Үүнийгээ хүн бүр математикч болох албагүй, харин хүн бүр эцэг эх болдог гэдэг үгээр цайруулдаг. Дэлхийн бусад орон ерөнхий боловсролын сургуулиас нь эхлээд л гэр бүл төлөвлөх, эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх гэх мэтийн зүйлийг зааж сургадаг тухай мэдэх хүмүүс нь ярьдаг. Харин манай улсын ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээл орох гэж гурилддаг тухай нэгэн ээж хэлж байсан. Ахлах ангийн хүүхдүүдэд нөхөн үржихүйн хичээл заасан багш нь сурагчдаасаа ичээд олигтой зүйл заагаагүйг тэр ээж сонирхуулан ярьж байлаа. Хичээл заах гэж зарим багш халтуурддаг болоод л хүүхдүүдийн сурлагын чанар өнөөдөр хамгийн муу гэсэн үнэлгээ авахдаа тулчихаад байна.

 

   Нөгөөтэйгүүр хүүхдүүд техник, технологийн дэвшлийг багаасаа мэдэрч буй. Гэтэл энэ бүхэн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж байж болзошгүй гэж ахмадууд ярьдаг юм билээ. Энэ ч үнэний ортой байж мэдэх юм. Компьютер тоглоом, мессенжер, фэйсбүүк гээд хэтэрхий олон зүйлд хүүхдүүд сатаардаг болжээ. Зарим нь хичээлээ тараад компьютер тоглоомын газар хонон өнжин тоглож ирээдүйнхээ тухай төсөөлөхийг ч хүсэхгүй байгаагаа ярьдаг. Иймээс ирээдүйнхээ төлөө эцэг эх, багш тэр ч бүү хэл салбарын яам нь хүртэл санаа тавих хэрэгтэй биз.

 

   Хуучин нийгмийн үед тухайн ангийн хүүхдүүдийн сурлагын чанар тааруу байвал багш нь хариуцлага хүлээдэг байлаа. Харин өнөөгийн багш нар хариуцлагаа ухамсарлахаа байжээ. Багш нарын амьдрал тааруу байна. Төр засаг харж үзсэнгүй. Цалин багатай гэж гомдоллохоос биш сурагчдын сурлага муу байх нь асуудал биш бололтой. Уул шугамандаа сурлагын чанар муудсан нь салбарын яаманд хамгийн их хамааралтай баймаар. Харин яамныхан шинэчлэл ярьж сэвээд л байх юм. Гэхдээ тэр шинэчлэл нь газрын хөрсөнд дээр бууж харагдахгүй юм. Системийн шинэчлэл гэж яриад байгаа хэрнээ ерөнхий боловсролын сургууль нь бахь байдгаараа л байна. Сургууль, цэцэрлэгийн орчин сайжирсан зүйл огтхон ч байхгүй. Мөн л МХЕГ-аас хийсэн шалгалтаар баахан хангалтгүй дүн авсан байсан. Жишээлбэл, сургуулиудын 24 буюу 13.7 хувь нь сургалтын зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг. 60 буюу 34.2 хувь хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаа явуулах анги танхим, заал, талбай хүрэлцээгүй, 66.7 хувьд нь хими, 58 хувьд нь физик, 47.8 хувьд нь технологи, хөгжим, компьютер, 49.2 хувьд гадаад хэлний хичээлийг дадлагын зориулалтын лаборатори, кабинетад хийдэггүй, 29 хувьд нь биеийн тамирын заал талбай байхгүй, 36.2 хувийнх нь номын сан шаардлага хангаагүйг онцолж байв.

 

   Түүнчлэн 88 буюу 37.9 хувьд нь сургуулийн дотоод хяналтын тогтолцоо төлөвшөөгүй зэрэг зөрчил илэрснийг дурдаж байсан. Энэ мэтээр тоочоод байвал стандартад нийцсэн зүйл бараг байсангүй. Адаглаад л мэргэжлийн багшаар бүрэн хангагдаагүй 86 буюу 49.1 хувь, багшлах эрхтэй багшаар бүрэн хангагдаагүй гэх зэргээр болж бүтэхгүй бүхнийг байцаагч нар жагсааж ирээд л ярьж байлаа. Боловсрол, шинжлэх ухааны яам байсхийгээд л тэргүүний заах аргазүйч багшийг алдаршуулах тухай мэдээлэл цацдаг. Үнэхээр заах арга сайтай багш нар олон байдаг бол хүүхдүүдийн сурлагын чанар F гэж дүгнэгдэхгүй л байлтай. Муу сурлагатнуудаа яах вэ, Боловсролын яамныхаан.

 

Б.ГАНДОЛГОР