Хар тамхи түүний хэрэглээ Үндэсний аюулгүй байдал (ҮАБ)-д нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна гэж хэн ч хэлээгүй бөгөөд үүнийг батлах гэж элдэв тоо, баримт материал нурших шаардлагагүй. Учир нь, УИХ-ын Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж хэлсэн юм. Хар тамхитай холбоотой хэрэг, зөрчил гарлаа, төдий тооны хүн баривчлагдлаа, энэ хэрэг жил бүр өсөн нэмэгдэж байна, гадаад улс орнуудад тийм тооны хүн энэ хэрэгт холбогдож ял эдэлж байна гэх мэтээр сүүлийн хэдэн жил хэвлэл мэдээллийн хэрэгслээр албаны хүмүүс, цагдаа, хуулийн байгууллагуудаас улиг болтол хангалттай ярилаа, бичлээ.

 

Энэ төрлийн гэмт хэргийг тоон үзүүлэлт, холбогдох хэлбэрээс нь харсан ч (хэрэглэх, дам- жуулах, худалдах, хадгалах г.м) ямар хэмжээнд хүрснийг Ерөнхийлөгчийн хэлсэн үг баталлаа. Тэгвэл одоо тоо баримт яриад, мэдээлээд үр дүн гарсангүй, ард түмэн сонсоод ойлгож, мэдсэн ч анхаарал хандуулсангүй. Энэ нь ч аргагүй юм. Төр, засаг, холбогдох байгууллагууд анхаарал хандуулаагүйн дээр, иргэдийн энэ талын мэдлэг боловсрол дутмагаас юмуу, хэнэггүй байдал ч нөлөөлсөн байх талтай. Хар тамхи түүний хөнөөлийн талаар мэдлэг олгох, урьдчилан сэргийлэх чиглэлийн тодорхой ажил хийхгүй, ярих мэдээлэхээс хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Нэгэнт тоон үзүүлэлт, бодит байдлаас харсан ч тодорхой байхад холбогдох арга хэмжээ авч ажилламаар байна. Асуудлыг заавал хүндрүүлж, ниргэсэн хойно нь хашгирав гэгчийн үлгэрээр ажилладаг нь манайд гэм биш зан болжээ.

 

2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайд, дарга нар, холбогдох албаны хүмүүсийг байлцуулан албан ёсоор мэдээлэл хийж, холбогдох яамдын албан тушаалтнуудад тодорхой үүрэг даалгавар өгч, энэ цаг мөчөөс хар тамхи, мансууралтай хатуу тэмцэл явуулж, хариуцлага тооцож, ажиллах болно гэж амлаж байсан ч тэгсхийгээд замхарсан юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл дээр хэлсэнчлэн тоо баримт яриад мэдээлэхээс өөр тодорхой ажил хийсэнгүй. 2000 онд тухайн үеийн Засгийн газар анхаарч, бодит байдлыг мэдэрч, мөн оны гуравдугаар сард Засгийн газрын XXIV тогтоол гаргаж, хар тамхи, мансууралтай тэмцэх үндэсний хөтөлбөр гаргаж, хэрэгжүүлэх төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг холбогдох яамдын сайд, агентлагийн дарга, аймаг нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож байсан. Хөтөлбөрт тодорхой зорилтуудыг дэвшүүлж, хэрэгжүүлэх арга зам, үйл ажиллагааны талаар тодорхой зааж, чамлахааргүй олон ажлыг хийхээр төлөвлөсөн юм билээ. \ Гэвч тодорхой ажил хийж, үр дүн гараагүйгээр өнгөрсөн байна. Яагаад үүнийг нэхэн ярьж, хэлэх болов оо гэвэл, саяхан Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газар баталлаа. Энэ хөтөлбөрөө 2000 онд баталсан хөтөлбөр шиг битгий болгоосой гэсэн үүднээс сануулж нэхэх нь зүйд нийцнэ.

 

Хар тамхи, мансуурлын байдал ямар хэмжээнд хүрснийг нэгэнт Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн мэдэгдсэн учраас батлах гэж олон тоо, баримт нурших шаардлагагүй гэж үзэв. Уг нь хар тамхи, бүх төрлийн мансуурал нь олон улсын өвчний ангиллын 10 дугаар бүлэгт тусгайлан орсон сэтгэл мэдрэлийн өвчин юм. Тэгвэл өвчнийг мэргэжлийн эмч судалдаг, оношилдог, эмчилдэг нь мэргэжил, шинжлэх ухааны үүднээс, хууль эрх зүйн талаасаа ч зөв юм. Гэтэл хар тамхи, мансуурлын чиглэлээр ажилладаг, оношилдог, судалдаг бүр эмчилдэг гэх ТББ-ууд олон байгааг үгүйсгэж болохгүй ч энэ талаар анхаарах юм их байна.

 

ДЭМБ-аас энэ чиглэлийн асуудал хариуцсан хоёр мэргэжилтэн ирж, 2010 онд ЭМЯ- нд сургалт семинар, уулзалт хийсэн юм. Тэд зөвлөхдөө, энэ чиглэлийн ажлыг мэргэжлийн эмч, мэргэжилтний оролцоотой хийх ёстойг онцолж байсан. Манайд энэ чиглэлээр ажилладаг ТББ-ууд мэргэжлийн бус байна. Тэдний хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлага, судалгаа, хэлсэн тоо баримтаас нь харвал бодит байдлаас ихээхэн зөрөөтэй, үнэн тоо, мэдээлэл байхгүй нь харагддаг. Хар тамхинаас иргэдээ хамгаалах нийгэмлэг (ТББ)-ээс 2016 оны дөрөвдүгээр сард мэдээлэхдээ, Монголд 600 хар тамхичин байна гээд, таван сарын дараа есдүгээр сард 3000 байна гэх мэт. Энэ хугацаанд 2400-аар нэмэгдсэн байх нь ээ. Мөн өөр хэвлэлд, хар тамхинд донтсон 2000 хүн байна, 45 хүүхдэд сургалт явуулаад, 25- ыг нь эмчилсэн, 10 хүнийг хар тамхинаас бүрэн гаргаж эмчилсэн гэх ч ЭМЯ-наас эмчлэх зөвшөөрөл аваагүй, эмчлэх эрх байхгүй байх жишээтэй. Гэтэл хар тамхийг мэргэжлийн байгууллага, эмч ч бүрэн эмчлэх боломж туйлын хомс, 95 хувь нь үр дүн бараг байдаггүй, 3-5 хувийн үр дүнтэй байдаг гэж үздэг. Дээрх мэдээлэлд хэн итгэх юм бэ. Архичдыг хэдэн мянгаар нь эмчилдэг ид шидтэн гарсан тухай өнгөрсөн онд баримтад тулгуурлан хэвлэлээр шүүмжилж, холбогдох газарт мэдээлж байсан. Ийм мэдээлэл, баримт маш их байдаг ба ЭМЯ-наас холбогдох хүмүүст мэргэжлийн бус хүмүүс судалдаг, олон тоогоор эмчилдэг юм байхгүй гэдгийг сануулж хэлсэн байдаг. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч анхаарч, мэдээллийн үнэн зөвийг нягталж байх шаардлагатай. Ингээд хар тамхи, мансууралтай тэмцэхэд дараах байдлаар ажиллах боломж байна гэж санал бодлоо хэлэхийг хүсч байна.

 

Нэг. Хууль эрх зүйн хувьд:

 

-Хар тамхи, мансуурлын асуудлаар өмнө нь гарсан хууль эрх зүйн актуудыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх. Үүнд архидан согтуурал, бусад мансуурлыг орхигдуулахгүй байх

-Хар тамхи, архидан согтуурал, бусад хэлбэрийн мансуурлыг хариуцсан орон тооны бус хороо ба зөвлөлийг Засгийн газар, эсвэл ХЗДХЯ-ны харьяанд буй болгож, энэ чиглэлийн бүхий л ажлыг хариуцах эзэнтэй болгох

-Хар тамхи, мансуурлын чиглэлээр ажилладаг төрийн ба төрийн бус байгууллагуудыг мэргэжлийн чиглэлтэй болгож, уялдаа холбоог нь сайжруулж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлд дайчлан ажиллуулах -Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бодисын хууль бус эргэлттэй тэмцэх талаар Засгийн газраас саяхан баталсан Үндэсний хөтөлбөрт тусгасан ажлуудыг бүрэн хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж, төр, захиргааны бүх шатны байгууллага, яам, агентлаг, Засгийн газрын харьяа байгууллагууд, олон нийтийн болон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдийг тодорхой үүрэг чиглэлтэйгээр бүрэн оролцуулах

 

Хоёр.Судалгаа, сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргий­лэх эмчилгээний талаар

-Хар тамхи, мансуур­лын чиглэлээр (архидан согтуурлаас бусад) хийсэн бодит судалгаа байхгүй байна. ТББ- уудаас гаргасан одоогийн судалгаа нь бодитой бус гэдгийг дээр хэлсэн. Иймд, юуны өмнө өндөр мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын оролцоотой судалгаа хийж, бүрэн хэмжээний судалгаатай болж, мансуурлын байдлын ерөнхий байдлыг тогтоох. Бодит судалгаанд үндэслэн, сургалт сурталчилгаа, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажиллах нь үр дүн өгнө. Үүнд:

а.Судалгаанд үндэслэн сургалт явуулж, өсвөр үе залуучууд, эрсдэлт бүлэг, шаардлагатай иргэдэд мэдлэг, ойлголт өгөх

б.Энэ чиглэлээр гарын авлага, зурагт хуудас, видео кино, бусад хэлбэрээр материал бэлтгэн, нийтийн хүртээл болгох, сургалт сурталчилгаанд өргөн хэрэглэх

в.Хэвлэл мэдээллийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, хууль эрх зүйн актууд, мансуурлын хор уршгийн талаар сургалт, сурталчилгаа, зөвлөгөө байнга гаргах

г.Ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгуулж, сурагч, оюутнуудад мэдлэг олгох д.Хар тамхи, мансууралтай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлаар холбогдох байгууллага, ажилтнуудыг оролцуулан семинар зөвлөгөөн, онол практикийн хурал хийх, бэрхшээл, сөрөг үр дагаврыг судалж, эрх зүйн орчныг тодорхойлж ажиллах

е.Хар тамхи, мансуурлыг эмчлэх тасаг, нэгжийг ЭМЯ-ны харьяа СЭМС-ын үндэсний төвд нээж, орчин үеийн арга техник, эмчилгээний шинэ аргаар эмчлэх

 

Гурав.Бусад ажлын талаар

 

-Хар тамхи, мансууруулах бодисыг нарийвчлан тодорхойлох, хил, гаалиар орж, гарч байгаа хар тамхины төрлийн болон синтетик бодис зэргийг (одоо синтетик ба нийлэгшүүлэх аргаар гарган хэрэглэдэг болсон) мэдрэх өндөр нарийвчлалтай рентген, лабораторитой болох

-Хар тамхины чиглэлээр нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх

-Хар тамхины чиглэлээр тусгайлан хууль гаргаж, ялын бодлогыг чангатгах.

-Холбогдох санхүүжилтийг Засгийн газраас шийдэж, жил бүрийн төсөвт тусгах Бусад холбогдох асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, хар тамхи, мансуурал ҮАБ-д нөлөөлөх хэмжээнд хүрсэн тул эрчимтэй, хурдтай ажиллах шаардлага тулгараад байна.

 

Н.ДОНРОВ /СЭМС-ийн тэргүүлэх зэргийн их эмч/