Манай улсын АН-ынхны балгаар “элгээр нь хэвтүүлсэн” эдийн засгаа өөд нь татахын тулд ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-т хамрагдахаар болж, түрүүчийн санхүүжилт орж ирсэн нь хүн бүхэнд цаад утгаараа хүртээлтэй л асуудал. Үүний төлөө ОУВС-гийн  өмнө тодорхой үүрэг хүлээж, хэд хэдэн татварын хувь хэмжээг өөрчлөхөөр болсон.

Тэдгээрийн нэг нь импортын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлсэн явдал байлаа. Манайхны хошигнон ярьдгаар “нүдээ аниад чулуу шидэхэд нэг нь заавал оногддог” “Приус” машинд ч энэ нь хамаарч энэ оны тавдугаар сарын 1-нээс хуулийг хэрэгжүүлээд эхэлсэн чинь импорт эрхлэгчид бөөн юм болов. Уг нь өчигдөр яриад л өнөөдөр шийдэж, маргаашаас нь хэрэглээд эхэлсэн хууль ч биш л дээ. Гэвч олон хүний амьдрал, бизнестэй холбоотой юм байна гэж ойлгосны үндсэн дээр хуулийн хэрэгжилтийг түр зогсоож, хойшлуулсан чинь “Эргэж буцсан шийдвэр гаргалаа. Сар хүрэхгүй настай хууль баталжээ” гэхчлэн сөрөг хүчнийхэн баалаад сууж байх юм.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Нямаагийн мэдээлснээр, тавдугаар сарын 1-нээс хойш 50 хувийн гаалийн татвараа төлсөн 375, гаалийн баталгаат агуулах дээр орж ирчихээд задалж ч амжаагүй 2600 “Приус” машин байгаа юм. Тэдгээрээс гаалийн татвар төлөөгүй нь тэг хэвээрээ, хууль хэрэгжиж эхэлснээс /1/V-нээс/ хойш оруулж ирснийх нь татварын хураамжийг импортлогч компани, хувь хүнд нь буцаагаад өгчихье. Хэрвээ худалдчихсан бол эцсийн хэрэглэгчид нь буцаан олголт хийе. Эдгээр зохицуулалтыг ирэх долоодугаар сарын 1-нээс өмнө амжуулаад хийж болно. Үүнд 4.1 тэрбум төгрөг шаардлагатай юм байна гэж УИХ-ын гишүүд ярьж хэлэлцээд шийдчихлээ. Манай “Приус”-тэнгүүд үүнд талархахын оронд харин ч “хугацаа богино байна” гэж гоншигнож, сөрөг хүчнийхэн “сонгууль угтсан шоу хийлээ” хэмээн мушгин гуйвуулж байгаа нь зөөлөн хэлэхэд дэндүү увайгүй явдал биш гэж үү. Манай хууль тогтоогч, гүйцэтгэх засаглалынхан ч “Төр буй дор татвар буй” гэсэн эцэг өвгөдийн сургаалийг нэгэн мөр, хатуу  шийдвэртэй хэрэгжүүлэхгүй, хэсэг бусаг хүнийг гомдол санал болонгуут хэлсэн ярьсан, хэлэлцэж шийдсэнээсээ буцаж байгаа нь төрийг нялцгар харагдуулж хэврэгшүүлж  буй хэрэг. Дараа нь өөр нэг төрлийн бизнес эрхлэгчид борлуулалт муу байна, бид татвар төлөхгүй ээ гэвэл яах юм бол. Өмнө нь нэгэнтээ ийм явдал болж л байлаа.

Эко буюу хосолмол хөдөлгүүртэй, шатахуун бага хэрэглэдэг “Приус” төрлийн машины импортыг тэг /0/ болгосноор хангалттай хугацаа өнгөрч, нийлүүлэлт ч “хоолойгоор татсан”. Үүнийг дагаад замын хөдөлгөөний ачаалал ч эрс нэмэгдсэнийг нийслэлийнхэн мэдэрдэг л байх. Гаалийн байгууллагын мэдээллээр жилд 50 мянга орчим автомашин импортолдгийн талаас илүү хувь нь “Приус” байдаг аж. Амьдрал, санхүү хүнд байгаа энэ үед хямд төсөр, шатахуун бага хэрэглэдэг машин унаа хэрэглэхэд юу нь буруу байхав. Гагцхүү “үнэгүй бяслаг хавханд л байдаг”-ийг санахад илүүдэхгүй. Алийн болгон өөрийнхөө ядуу доройг дөвийлгөж, бусдыг сааж амьдрах вэ. Амьжиргаагаа залгуулах, “хөл дүүжлэх” унаатай болохдоо иргэний үүргээ биелүүлж, 50 хувийн татвар төлөхөд буруудах юусан билээ. Төр ч бас хийдгээ хийж л байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Учралаас тодруулахад, “Приус” машины татварын хэрэгжилтийг хойшлуулж өгөх талаар иргэд маш олон хүсэлт ирүүлсэн. Энэ дагуу манай намын бүлэг дээр ярилцаад ийм шийдвэрт хүрсэн. Энэ нь олон түмнийхээ дуу хоолойг сонсч, тэдний төлөө хийж буй эерэг үйл явц гэж ойлгож байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр байр сууриа илэрхийлж, “Приус” машин бол манайхны амьдралаа залгуулж байгаа техник хэрэгслийн нэг яалт ч үгүй мөн. Тиймээс  долоодугаар сарын 1 хүртэл Автомашины онцгой албан татварын хуулийн өөрчлөлтийн үйлчлэлийг түр зогсоосон. Энэ хугацаанд “Приус” урьдын адил гаалийн татваргүй худалдаалагдаж, хил гаалиар орж ирнэ гэсэн үг. Ашиглаж чадвал багагүй хугацаа шүү дээ. Энэ нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан улсын хувьд тэдэнтэй ярилцаж тохиролцсон өөрчлөлт гэж ойлгож болно” гэсэн тайлбар өгч байлаа. Харин Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Приус” машины гаалийн татвар долоодугаар сарын 1-нээс 50 хувиараа хэрэгжиж эхлэхийг УИХ-ын чуулган дээр маш тодорхой хэлсэн. Тийм ч байх учиртай.

Хуулийг хэрэгжүүлэх гэж л баталдаг шүү дээ. Тэгээд ч ОУВС-гийн өмнө бидний хүлээсэн үүрэг бий. Өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг бичигдээгүй хуулийг монголчууд бид дэндүү сайн мэдэх билээ. 

Д.МӨНХЖАРГАЛ