Бид тав дахь Ерөнхийлөгчөө сонгоход хэдхэн хоног буюу 13 хоног үлдээд байна. Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн /БНОУХ/-гийн иргэний нийгэм, засаглалын хөтөлбөрийн мэргэжилтэн А.Отгончимэгтэй ярилцлаа.

 

 

Нийслэл болон хөдөө орон нутгийн сонгогчид “Сонгогчийн боловсрол олгох” сургалт зохион байгуулж талаар яриагаа эхлүүлье. 

2015 оноос Бүгд Найрамдахчуудын Олон Улсын хүрээлэн /БНОУХ/ сонгуульд эмэгтэйчүүд, иргэдийн оролцоог дэмжих зорилготой төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд сонгогчдоос тандалт  судалгаа болон улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо ямар байгаа талаар судлахад иргэний нийгмийн байгууллагууд, иргэд, төр засагт байгаа хүмүүс сонгогчийн боловсрол маш муу байна гэж ярьж байсан. Үүнээс сонгогчийн ямар боловсрол муу байгааг асуухад сонголтоо хийх тал дээр мэдлэг дутмаг байна гэж байсан. Тухайлбал, ихэнхи сонгогч  тухайн үеийн уур амьсгал, сэтгэл хөдлөл зэрэгтээ захирагдаж энэ намь нэр дэвшигч бидний нийгмийн асуудлыг шийдэхийнтөлөө юу хийх гэж байна вэ гэдгийг харахаасаа илүү тухайн үеийн өрнөсөн байдал дээр үндэслэж сонголт хийгээд байсан. Үүнтэй холбоотойгоор сонгогчийн боловсрол олгох сурталчилгаа, сургалт хэрэгтэй байна гэж үзээд Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-той хоёр жилийн хугацаанд хамтарч ажиллан төслийнхөө сүүлийн шатанд сонгогчийн боловсрол олгох гарын авлага боловсруулан гаргалаа. Үүнийг хороо, сум, аймгаар дамжуулан сургалтаар хүргэхийг СЕХ дэмжсэн. Ингээд 2016 4 дүгээр сараас түгээн дэлгэрүүлэх ажилдаа ороод байна. Бид бүх сонгогчид хүрэх нөөц, бололцоо бага учраас СЕХ-той хамтраад 21 аймаг болон 9 дүүргийн 152 хороонд иргэдтэй тулж ажилдаг алба хаагчдыг бэлтгэх сургалтыг зохион байгуулж эхэлсэн.

Одоогийн байдлаар 9 дүүргээс  100-гаад хороог хамарсан сургалт хийгээд байна. Үргэлжлүүлэн жижиг, алслагдмал дүүрэг буюу Багануур, Налайх, Бага-Хангай болон Баянгол, Хан-Уул гэсэн таван дүүрэгт ирэх долоо хоногоос явагдаад дуусна.  Энэ явцад иргэний нийгмийн байгууллагуудаар дамжуулан  идэвхтэй иргэд, иргэний нийгмийн зүтгэлтнүүдэд хүргэх хэрэгцээ байгааг харан 21 аймгийн төвүүдээр түгээхээр болоод сургалт эхэлчихсэн явж байна. Өнөөдрийн байдлаар 4 аймаг үлдэж, 17 аймагт сонгогчийн боловсрол энэ чиглэлийн мэдлэгтэй хүмүүс бэлтгэгдээд байна. Говь-Алтай аймагт төрийн болон төрийн бус байгууллагын иргэд рүү чиглэсэн хоёр удаагийн сургалт эхэлж хийснээр иргэдэд энэ талын боловсрол хэрэгтэй байна гэдэг нь харагдсан.

Сургалтын зорилго ямар асуултанд тулгуурлан байна вэ?

Сонгууль гэж юу вэ, сонгуулийн систем нь юу вэ, энэ мажоритар болон пропорционал системын давуу болон сул талууд  юу вэ, манай улс ийм тогтолцоотой тохиолдолд хүмүүс сонгуульд хэрхэн, яаж оролцож, сонголтоо хийвэл оновчтой вэ, мэдлэг, мэдээлэлтэй байж сонголтоо хийснээр ямар ач холбогдолтой вэ, сонгуулийн үеэр сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд хоцрогдоод байгаа хүмүүсийг анхаарах зүйлс юу байна вэ, сонгуулийн өдрөө яаж оролцох вэ, энэ үеэр хуулийн дагуу олгогдсон ямар эрх бидэнд байна, хууль бус ямар арга хэмжээнүүд байдаг вэ, үүнийг яаж хуулиар хязгаарласан байдаг гэх мэт үндсэн ойлголтуудыг өгч байна. Хамгийн гол нь сонгуульдаа яаж оролцох, сонголтоо яаж хийх вэ гэдэгт нь туслах мэдлэгийг өгч байна. Сонгогчдод нам бус байдлаар ажиллаж  сонголтоо хийхэд нь туслах хэрэгтэй байгааг анхаарах хэрэгтэй байна. Улс төрийн намууд мэдээж хэрэг өөрийнхөө намыг сурталчлах, энэ тал дээр сонголтоо хийхийг ятгах нь гарцаагүй. Энэ үед нам бус байдлаар сонгогчдод сонголтоо хийхэд нь туслах үнэлэлт, дүгнэлт өгөх, судалгаа, шинжлэх чадвартай болгох сонгогчийн боловсрол хэрэгтэй байна. Мөн сонгогчийн хувьд сонгогч бол зөвхөн нэг удаа сонгуульд оролцоод зогсдоггүй, сонгуулиас хойш 4 жилийн хугацаанд сонгогдсон хүмүүсийг бүрэн эрхийнхээ хүрээнд юу хийх ёстой байдаг, ажлыг нь хийлгэх шахалт үзүүлэх, үүнд иргэд өөрсдөө идэвхитэй оролцож байхыг уриалсан боловсролыг сургалтаараа зааж байна.

Өнгөрсөн жилийн сонгуулийн судалгааны дүгнэлтээс харахад иргэд сонгуулийн өмнө, дараа ямар байр суурьтай байна вэ?

БНОУХ төслийнхөө хүрээнд олон нийтийн тандалт судалгааг сонгуулийн өмнө, сонгуулийн дараа, Засгийн Газрын 100 дахь хоног гээд гурван удаагийн судалгаа хийсэн. Одоо бас Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ямар байр суурьтай байгааг судалж байна. Олон нийтийн тандалт судалгааны дүнг улс төрийн нам бүрт нь буюу сонгуульд ялсан, ялаагүй, суудалтай, суудалгүй ялгаагүй тэгш хүргэдэг. Судалгаанаас үзэхэд сонгуулийн өмнө 2016 оны 3 дугаар сард 5000 хүнийг хамруулсан судалгааны дүгнэлтээс хувь хүмүүсийн эдийн засгийн байдал дордож, ажилгүйдэл, ядуурал туйлдаа хүрээд байна гэдгийг сонгогч хариулсан байдаг. Энэ судалгааны дүнг танилцуулахад улс төрийн намууд хэр сонсож мөрийн хөтөлбөртөө тусгаж ямар  үр дүн гарсныш харж болно. Ингээд сонгуулийн дараа иргэдийн үзэл бодол ямар байгааг 2016 оны 8-р сард дахин судалж үзсэн. Иргэдийн сонголтоо хийсний дараа ямар байр суурьтай байгаа талаар судалсан. Судалгаагаар иргэд сонгосон намдаа итгэж найдсаар байгаа бидний сонголт зөв гэсэн хандлагатай байлаа.  Иргэд эдийн засгийн байдал сайжирна гэсэн итгэлтэй байсан. Тэгтэл Засгийн газрын 100 дахь хоног буюу 2017 оны 1,2 дугаар сард дахин судалгаа явуулж үзэхэд итгэл нь буурч эхэлсэн хандлага харагдсан. Манай улс орны байдал буруу чигт яваад байна гэсэн хариулт, хандалт дийлэнх хувийг эзэлсэн. Эдийн засгийн байдал тогтворгүй болж их нөлөөлөөд байгаа учраас энэ сонгууль дээр ч бас улс төрийн намуудад энэ тал дээр ажиллах  хэрэгтэй байгаа юм. Судалгаан дээр дөрөөлж ард түмнээ  сонсож явбал их нэмэртэй байх болов уу гэж бодож байна.

Иргэд сонгуульд оролцох хэр хүсэл, эрмэлзэлтэй байна, насны ангиллаар нь авч үзвэл ямар насны хүмүүс сонгуульд идэвхитэй оролцдог гэсэн тоон судалгаа байна уу?

Сургалтаар судалгаа хийгээгүй гэхдээ дасгал ажил хийхэд анзаарагддаг зүйлс бий. Хүмүүс яагаад сонгуульд оролцдог, оролцдоггүй вэ гэдэг шалтгааныг яриулж байсан. Оролцдог шалтгаан нь иргэний үүргээ биелүүлж байна, сонгох, сонгогдох эрхээ эдэлж байна, төр барих эрхээ эдэлж байна гээд үүнээс гадна дэмждэг намын хүмүүс гарч байгаа учраас дэмжиж, оролцдог гэдэг эдгээр шалтгаануудыг бичсэн байдаг. Харин оролцдоггүй шалтгаан юу вэ гэхээр энгийн зохион байгуулалтын шалтгаанууд ч гарч байгаа юм. Сонгуулийн үеэр амралтын өдөр болгодог  ч энэ үеэр ажилладаг, ажлуулдаг байгууллагууд байсаар байна. Тухайлбал, уул уурхай, газрын тосны компаниудад олон залуус ээлжээр ажиллаж сонгуулиа өгөх боломжгүй болдог байна. Үүнийг ажил олгогч байгууллагууд сонгуулийн үеэр амраах, санал өгөхөд нөхцлийг бүрдүүлэх зохицуулалт хийх шаардлагатай гэж бодож байна. Насны ангиллаар үзэхэд залуучууд сонгуульд  идэвхитэй оролцдоггүйг мөн хөнддөг. Сонгогчийн боловсрол дутмагтай холбоотойгоос гадна залуучууд намуудад итгэл алдарсан, сонгох хүн байхгүй байна, өөрчлөлт гарахгүй байна гэх шалтгаануудыг хэлсээр байна. Ихэнх шалтгаан нь итгэл үнэмшилтэй холбоотой байгаад байна. Харин сургалт явуулснаар иргэдийн бодол өөрчлөгдөж байна. Мөн иргэд эрх мэдэлтнүүдэд хариуцлагатай ажиллахад түлхэц болж өгөхгүй, үнэлэлт, дүгнэлт гаргахгүй, сонгуулийн үеэр сенсаци, гүжир, гүтгэлгүүдийг бодитой байсан уу үгүй гэдгийг анхаарахгүй орхигдуулаад байна. Ялалт байгуулсан нам сонгуульд оролцдоггүй, санал өгдөггүй хүмүүс ихэнхи байдаг тул хэсэгхэн бүлэг хүмүүсийн сонголтоор гарч тэдний сонголтоор амьдрахад хүрч байгаа явдал манай улс үргэлжлээд байна. Хэдий тэд сонгогдоод гараад ирчихсэн ч 4 жил л болно, бас энэ хугацаанд тэднийг хазаарлах, шахаж шаардах боломжууд байсаар байгаа. Улс орны цаашдын бодлогод нөлөөлсөн үйл ажиллагаанд идэвхитэй оролцоод явбал өөрчлөлт гарна гэж хэлмээр байна.

Одоогийн тогтолцоогоор сонголт хэрхэн явагдаж байгааг тодруулбал, нэг сум, хорооны оршин суугчид дунджаар 2500 орчим оршин суугчидтай гэж бодоод үзье. Тэгтэл оршин суугчдын сонгууль өгөх насны 1500 хүн байна гэж тооцоолоход УИХ-ын болон ИТХ-ын сонгуульд 1500 сонгогчийн 50 хувь саналаа өгөөд орчихвол хүчинтэй болно. Тэгэхээр 750 хүн санал өгч сонгуульд оролцвол болно гэсэн үг. УИХ-д хэрвээ 3 хүн өрсөлдлөө гэж бодоход 34 орчим хувийн санал авсан хүн гарах магадлалтай. 255 хүний санал авахад л тухайн нэр дэвшигч ялалт байгуулаад гараад ирж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд 50-иас дээш хувийн санал авсан хүн ялалт байгуулана. 382 хүний санал авчихвал тухайн хэсгээс ялалт байгуулан гарч ирнэ. Ингээд 2500 хүн амтай харьцуулахад УИХ, орон нутгийн иргэдийн хуралд 10,2 хувийн санал авсан хүн л ялалт байгуулж байгаа юм. Үүнээс үзэхэд 1500 иргэн бүр бүгд саналаа өгвөл олонхийн санал авсан хүн гарч биднийг сонссон, ойлгосон хүн гарч бидний хүсэл зорилгоыг хэрэгжүүлэх магадлал өндөр болно. Ялсан намын мөрийн хөтөлбөрөөр бидний цаашдын амьдрал шалтгаалж өөрчлөлт гарч байна. Бид сонгуульд оролцохгүй байх чинээгээр  “муу сонгогч ийн ачаар муу улс төрч гарах”-ад нөлөөлөөд байна. 250 хүний санал авахын тулд  100 хүнийг хөлсөлж ажилуулаад 100 хүн  нь 2-3 хүн татан оруулснаар 300 хүн болчихно ингээд ялалт байгуулах боломж бүрдэж парламент болон орон нутгийн иргэдийн хуралд гарч байгаа юм. Ингэж бид сонгуульд оролцохгүйгээр ийм хүмүүсийг гаргаж ирчихээд гомдолдог. Жишээ нь, “царцаа” ирээд гарчихлаа гэж яриад байдаг тэгтэл яг үнэндээ тэр царцаа бол 1500 оршин суугчаас хэзээ ч давж чадахгүй 1500 иргэд 100 хувь саналаа өгөөд гарчихсан бол тухайн хүн царцааны нүүдлээс ирсэн 100 хүнээс хол давж чадна. 100-200 орчим хүн л нүүж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд гэхэд нийт оршин суугчдын 17 хувийн саналаар тухайн тойргоос ялах боломжтой байна гэсэн үг. Жижиг тойрог, хороогоор салгаад аваад үзэхэд ийм байна. Иймээс

Нэгдүгээрт: Сонгууль өгөх насны бүх иргэд сонгуульд оролцож саналаа өгөх хэрэгтэй байна. 

Хоёрдугаарт: Сонголт таалагдахгүй байсан ч энэ сонгууль яах гэж явагддаг вэ миний амьдралын болон нийгмийн асуудлуудыг яаж шийдэх вэ гэдэг саналыг үнэлж дүгнэх хэрэгтэй байна. Ялсан нам нь бодлогоо хэрэгжүүлж, Засгийн газраа байгуулж, хэрэгжүүлдэг гэдгийг санаж, бодож анхаарах ёстой болоод байна.

Хэрвээ та саналаа өгөхгүй бол дээр ярьсан жишээ буюу 250 хүний саналаар ялсан хүмүүс Засгийн газрын бодлогоо хэрэгжүүлдэг гэдгийг огт мартаж болохгүй. Тэгэхээр үлдсэн санал өгөөгүй 75 хувь буюу оролцдоггүй болон оролцоогүй энэ хүмүүсийн эрх ашиг бол тэр 250 хүний бодлогоор хэмжигдэж, өөрийн эрхгүй амьдрал чиглэгдэж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй болоод байна.   

Хүмүүс сонголтоо яаж, юунд үндэслэж хийж байсан бэ,

Хөдөө орон нутгийн сонгогчид сонгуульд оролцохдоо үнэхээр учир дутагдалтайгаар саналаа өгдөг тул энэ сургалтыг цааш түгээх хэрэгтэй гэсэн сэтгэгдэл их гарч байна. Намчирхах, намаар нь хардаг үзэл их байна гэж оролцогчид хэлж байна. Нутгийнхаа хүнийг дэмждэг эсвэл хэдэн төгрөг болон шуудай гурил өгсөн хүнийг сонгох, мөн гэр бүл, ахмад хүнийхээ хэлж байсан хүний үгээр сонголтоо хийдэг тухай видео үзүүлэхэд оролцогчид бүгд хүлээн зөвшөөрдөг .  Энэ нь өнөө л хүмүүст хараат бусаар сонголтоо хийхэд нөлөөх боловсрол, мэдлэг өгөх хэрэгтэй байна гэдгийг илтгэж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгуулийн үеэр орхигдуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй манлайлагч иргэдийн төлөөлөл “REHTUS” компаний үүсгэн байгуулагч  В. Ойдов өөрийн цахим орчинд тулгамдсан асуудлаа бичсэн түгээснийг уншсан. Тэрбээр би хүмүүс шиг сонгосон хүмүүс нь таалагдахгүй байна, хийж буй ажлууд нь таалагдахгүй байна гэж хойш суухгүй ээ. Үе үеийн сонгуулиар Засгийн газрын бодлогод үргэлж орхигддог хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаархи асуудлыг хэн хамгийн их бодитой санал дэвшүүлж байна вэ гэдгийг харж байгаад би сонгоно гэсэн үлгэр жишээ сонгогчийн боловсролд нөлөөлсөн санааг энэ хүн нийтэлсэн байсан. Үүнтэй яг адилаар сонголтоо хийгээсэй гэж хэлмээр байна. Намуудын мөрийн хөтөлбөртэй бүрэн нухацтай танилцаж таны амьдралд, өдөр тутамд тулгарч байгаа асуудалд хэр нөлөөлж чадах, хэрэгжих боломжтойг харж, ажилд оруулах бус, мөнгө өгөхөд нь бус нийт даяар улсын бодлогод сууснаараа миний асуудалд хэрхэн нөлөөлөх тэр зүйлүүдийг хэр тусгасан бэ гэдгийг л харж сонголтоо хийгээсэй гэж хүсэж байна.

Тулгарсан, анхаарч ажиллах асуудал нь юу байв?

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрийн сонгох сонгогдох эрх ашгийн төлөө оролцож чадахгүй байна. Энэ нь нийгэм, улс төрийн идэвхитэй оролцоог муу хангасан байгаатай холбоотой. Тухайлбал, Сонсголгүй иргэдийн бичгийн боловсрол муу олгодог гэдгийг саяхан өрнөсөн мэдээлэл баталлаа. Улс даяар албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Дүгнэлт гарч 29-р сургуулийн захирал нь халагдсан, мөн бичгийн боловсролоос ч илүү эрх нь ноцтой зөрчигдсөн байдал гарч байсныг бид мэдэх болсон. Бид 2016 оны 6 дугаар сард сонсголгүй иргэдэд сонгогчийн боловсрол олгох сургалт зохион байгуулсан. Тэгэхэд сургалтаар хүртэл бичгийг боловсрол муу эзэмшсэн нь харагдаж байсан. 25 хүн сургалтанд саналын хуудас бөглүүлэхэд зөв дугуйлсан 2-3 хүн байсан. Эдгээр хүмүүсийг сонгуульд оролцох боломжоор хангаж, анхаарах нь зүйтэй байна. Мөн хараагүй иргэдэд брайль үсэгтэй саналын хуудас бэлдсэн байдаг. Гэвч үүнийг сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүс иргэдэд дуулгаж санал өгөх тал дээр түлхүү ажиллах хэрэгтэй байна. Үүнийг мэдээгүй хараагүй хүмүүс сонгууль өгөхгүй. Тиймээс уриалж, таниулах ажил хийгдэж явмаар байна. Үүнээс гадна орчныг ээлгүй зохион байгуулж байгаа тохиолдол байна. Тэргэнцэртэй хүн сонгуулиа өгөхөд шатаар гараад саналаа өгнө гэдэг үнэхээр хүндрэлтэй. Мөн улс төрийн намууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байдлаар мэдээллээ өгөхгүй байна. Сонсголгүй иргэдэд сурталчилгаа хийх үеэрээ дохионы хэлний хэлмэрчтэйгээр хүргэхгүй байна. Үүнээс болоод хүмүүс сонголтоо хийхэд хүндрэлтэй байгааг анхааралдаа авах нь чухал байна. Сурталчилгааны байранд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог сайтар бодолцож бололцоог нэмэгдүүлэх нь зүйтэй байна. Дийлэнх, олонх хүмүүсрүү  чиглэсэн ажлууд хийгдээд байна. Уг нь сонгогчийн 3.3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эзэлж гэдгийг анхаарч анхааралдаа авах болсон байна. Энэ хүмүүсийн санал санаачлагыг сонсвол цаашдын улсын бодлогод нөлөөлнө тиймээс орхигдуулж болохгүй юм.

Нэмж мэдээлэх зүйл байна уу?

Сонгогчийн гарын авлага, бичлэг хичээлүүд нь Сонгуулийн ерөнхий хорооны www.gec.gov.mn цахим хуудас дээр сонгогчийн булан хэсэгт “Сонгогчийн гарын авлага” гарчигтайгаар байрлуулсан үүнийг авч ашиглаарай гэж хэлмээр байна. Мөн сургалт явагдаж байх хугацаанд сонгогчийн боловсролыг бага наснаас нь мэдлэг, мэдээлэл өгвөл хэрэгтэй байна гэдгийг хэлж байсан. Тиймээс манай залуучуудад сонгууль гэж юу вэ, сонголтоо яаж хийх талаар боловсрол, мэдлэг өгвөл 18 наснаасаа эхлэн шууд сонголтоо итгэлтэй хийж идэвхитэй оролцоод явна. Тийм учраас 10 жилийн багш нар иргэний боловсрол хичээлээр, хүний эрхийн хичээл заах үедээ энэхүү гарын авлагыг авч ашиглаарай гэж хэлмээр байна. Сонсголгүй хүмүүст зориулж дохионы бичлэгтэй видео хичээлтэй тул гарын авлагыг үзүүлж сонгогчийн анхан шатны мэдлэг, мэдээлэл олгох боломжтой юм шүү.

 

Сэтгүүлч: М.Буянжаргал

www.Cityinfo.mn