Сүүлийн үед орон сууцны ам метр их, бага хэмжээгээр дутаж буй талаар иргэд зохих байгууллагад гомдол хүргүүлэх болсон. Энэ дагуу ШӨХТГ-ын улсын байцаагч нар өнгөрсөн сараас эхлэн барилгын компаниудад шалгалт хийсэн билээ. Шалгалтын үр дүн, хэрэгжилтийн талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас зарим зүйлийг тодрууллаа. 

-Шинээр баригдаж байгаа орон сууцнуудын зай талбайд шалгалт хийхэд ямар зөрчил илэрсэн бэ? 
-Шинээр баригдаж байгаа төдийгүй ашиглалтад ороод удаагүй орон сууцнуудын ам метр зөрж буйтай холбоотой гомдол сүүлийн үед иргэдээс ирж байна. Өдөр өнгөрөх тусам гомдлын тоо улам өссөөр байгаа. Энэ удаагийн шалгалтаар нэг айл барилгын компанид дор хаяж 1-2 ам метр талбайн мөнгө луйвардуулж байсныг тогтоосон. Орон сууцыг хамгийн хямд үнээр худалдаалдаг компаниуд л гэхэд иргэдэд 2-15 ам метр талбайг зөрүүтэй зардаг байж. Мөн Зайсан орчмын айлуудын байрнаас бүр 15- 20 ам метрийн зөрүү гарсан. Тэгэхээр иргэд олон арван сая төгрөгийг барилгын компаниудад зүгээр л “идүүлсэн” байгаа юм. 

-Иргэд хамгийн багадаа хэдэн төгрөгөөр хохирсон байна вэ? 
-Иргэд орон сууцанд орохдоо өрөөний хэмжээг төдийлэн анзаардаггүйгээс болж ийм асуудал гарч байна. Харин зарим айл өмнө нь ижил хэмжээтэй байранд тавьж байсан тавилга нь багтахгүй байвал мэддэг юм билээ. Тэгээд холбогдох газруудад гомдол гаргадаг. Ер нь хамгийн багадаа 2.8 саяас дээш төгрөг завшуулсныг шалгалтаар тогтоосон. 

-Тухайлбал, ямар ямар компаниудаас зөрчил илэрсэн бэ? 
-“Тайгам Алтай”, “Ти Си Ди”, “Гангар инвест” зэрэг компанитай холбоотой өргөдөл их ирж байна. Зах зээл дээр ам метр талбай ямар үнэтэй байгаа билээ дээ. Гэтэл тухайн барилгын компаниуд стандартын дагуу хэмжилтийг хийдэггүй. Мөн хүчин төгөлдөр бус гэрээ хийж хэрэглэгчээ хохироож байна. 

-Иргэдийг хохироосон компаниудад хариуцлага тооцох уу?
 
-11 компанид шалгалтын ажиллагааг явуулаад улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн. Энэ нь гаргасан зөрчлөө арилгаж, хэрэглэгчийн хохирлыг барагдуул гэсэн утга бүхий албан шаардлага юм. Тэд энэ сарын 9-ний дотор зөрчлөө арилгах ёстой. Хэрвээ улсын байцаагчийн албан шаардлагыг заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд БХБЯ, СХЗГ-тай хамтарч арга хэмжээ авч тусгай зөвшөөрлийг нь цуцална. Мөн өчигдөр Эрүүгийн цагдаагийн газраас “Гэмт хэргийн шинжтэй юм байна. Энэ хэрэг дээр хамтарч шалгая” гэсэн хүсэлтийг манайд ирүүлээд байна.
 
М.НАР