Нэгэн үе Монголчуудын амьдрал алтнаас хамааралтай байсан гэхэд болно. Ажил хөдөлмөр эрхэлж байсан нэг хэсэг алтны уурхай дагаж нинжа болж, амь насаа алдах асуудал ихээр гарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Энэ үед  төсвийн орлогыг алтнаас бүрдүүлж, уул уурхайн компаниуд алтны бизнесд илүүтэй ажиллаж байв. Өнгөрсөн хугацаанд манай улсын алтны салбарт  нийтдээ 100 гаруй компани ажиллаж, 130 гаруй тонн алтыг олборлосон гэдэг. Тиймээс ч тухайн үед Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат анх санаачлан “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. “Алт” хөтөлбөрийг 1992-2000 он хүртэл хэрэгжсэн гэж үздэг юм.

Энэхүү хөтөлбөр нь манай улсын эдийн засгийг маш хүнд байх үед нь хөл дээрээ зогсоход түлхэц үзүүлсэн гэж олон хүн дүгнэдэг. Гэхдээ тухайн үед анхлан алтны бизнест хөл тавьж байсан компаниуд дэвшилтэт техник технологигүй байснаас, мөн хариуцлагатай уул уурхайд ороогүй байсан тул нөхөн сэргээлтийг тэр бүр хийгээгүй. Үүнээс үүдэн Манай улсын олон сум дайн болсон улс орон шиг балгас болон хувирсан гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Гэсэн ч тухайн үед жилд 20 тонн алт тушааж байсан тохиолдол бий. Энэ ч утгаараа “Алт” хөтөлбөрийг амжилттай хэрэгжсэн гэж үзэн, хаасан байдаг.

Харин үүний дараа “Алт-2000” хөтөлбөрийг гаргаж ирсэн нь алтны салбарын уналтыг эхлүүлсэн юм. Монгол улсын хэмжээнд алтны анхны албан ёсны олборлолт 1900 оноос эхлэлтэй. Орос-Манж-Монголын хамтарсан “Монголоор” нэгдэл 1900-1919 онд 20 орчим тонн алт олборлосон гэсэн мэдээлэл бий.

Харин уул уурхайн салбарын анхны дүрмийг 1913 онд “Олон зүйлийн уурхайг нээж, шийтгэх дүрэм” нэртэйгээр Богд хаан гаргаж байсан байна. Үүний дараа 1923 онд “Ардын засагт Монгол улсын уурхайн дүрэм” гэж батлагдаж байжээ.

Тухайн үед алтны орлогыг нэмэгдүүлэх зорилгоор санаачилсан гэнэтийн ашгийн 68 хувийн татвар байдлыг бүр ч дордуулж, алтны олборлолт, худалдааг далд хэлбэрт оруулсныг салбарын мэргэжилтнүүд онцлон ярьдаг. Гэтэл үүний араас байгаль орчноо хамгаалах чиглэлд “Урт нэртэй” хуулийг гаргаж ирсэн нь алтны салбарт тухайн үедээ хийж байсан алдаатай бодлогуудын үргэлжлэл болсныг хэн хүнгүй мэдэж байгаа.

Үүний эцэст алтны салбарын толгойны өвчин болсон нинжа нар буюу хувиараа алт олборлогчид гарч ирэн байдлыг улам дордуулжээ. Тиймээс алтны салбар 2009 оноос унаж эхэлсэн гэж үздэг байна. Үүнээс хойш 20 тонн алт тушааж байсан үе өнгөрч Монголбанкны эрдэнэсийн сан бараг хоосрох шахжээ. Алтны тушаалт бүр хоёр тонн болон буурч байсан аж. Ийнхүү алтны орлого дундарсантай холбоотойгоор Засгийн газраас нүүрс, жонш хөтөлбөрүүдийг гаргаж ирэн, алтнаас хамааралтай байсан Монгол Улс нүүрсний салбарт түлхүү ажиллах болсон юм.

Энэ үеэс хойш алтны салбарыг тоохоо больж, энэ салбарт гаргасан алдаатай бодлогуудаа алтны нөөц дууссан гэх үгээр хаацайлж байлаа. Тиймээс ч иргэдийн дунд алтны нөөц дууссан, дахин алтнаас ашиг олохгүй нь гэсэн хандлагатай болж, нөөц нь дундарсан гэх шороон ордуудыг нинжа нар эзэмших болсныг мэдэхгүй хүн үгүй. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд нинжа нарыг болиулах, албадан буулгах, үйл ажиллагааг зохицуулах, тэднийг буруутгасан өнгө аястай үйл ажиллагаа өрнөсөөр ирсэн.

Харин одоо дэлхийн зах зээл дээр алтны үнэ өсч, ирэх жилүүдэд унци алтны үнэ 1600 ам.долларт хүрэх төлөвтэй байгаа энэ үед алтны салбарыг дахин анхаарч эхэллээ. Түүнчлэн нөөц нь дууссан гэх яриаг үгүйсгэж, “Алт-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар ярьж эхлэв. “Алт-3” хөтөлбөр өмнөх хоёр хөтөлбөрийнхөө алдаа оноог засах нь ойлгомжтой. Тиймээс ч эхнээсээ хууль эрхзүйн орчинг сайжруулж, далд хэлбэрт орсон олборлолт, тушаалтыг ил болгохоор Алтны ил тод байдлыг бүрдүүлэх хуулийг санаачлан боловсруулж, хэлэлцүүлж байна. Түүнчлэн Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг ч боловсруулан хэлэлцэж буй. Мөн Алтны тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна.

Мөн байгаль орчин, нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайн асуудлыг засч сайжруулж, алтны салбарын эдийн засагт гүйцэтгэх үүргийг тодруулна гэж байгаа. Хамгийн гол нь “Алт-3” хөтөлбөр манай улсын зээлийн баталгаа болох бөгөөд дэлхийн зах зээл дээрээс бонд босгоход барьцаа болох учиртай аж. Үүнээс гадна төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын тулд Төв банк тодорхой хэмжээний алттай байх ёстой гэдэг. Үүгээр ч зогсохгүй алт цэвэршүүлэх үйлдвэр зэрэг алтны салбарын цаашдын чиг хандлагыг “Алт-3” хөтөлбөр л тодорхойлох аж. Өөрөөр хэлбэл, алтны салбарыг “Алт-3” хөтөлбөр аврах нь гэвэл өргөөсгөл ойлголт гэдгийг хэлж, уг хөтөлбөрийг эсэргүүцэх хэсэг бий. Энэ нь ч зөв.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: "Өнөөдөр алтны ханш өндөр байна. Жил ирэх тусам ханш нь өслөө. Энэ л хүрээнд бид алтны тухай ойлголт, мэдлэг эргэлддэг. Гэхдээ манай алтны нөөцийг хаана байршуулдаг, юуны барьцаанд байдаг, хэрхэн зарцуулдаг, түүний төлбөр тооцооны талаар бодлого боловсруулагч улстөрчид тэр дундаа Засгийн газар хэр зэрэг мэдлэг, мэдээлэлтэй бол. Зөвхөн алтны талаарх бодлого олборлогч компаниудын аманд багтдаг уу. Үүнд дүгнэлт хийх цаг болсон. 

Алтыг орлох, валют олох нөөцийг бид эргэлтэд оруулсан шүү дээ. Нүүрс, зэс, цайр, төмөр гээд өнөө үеийнхэнд хангалттай бус уу. Жилд 30 сая тонн нүүрс олборлох Тавантолгой ашиглалтад орж байна. Аливаа улс байгалийн баялгаа нөөж, бас хойч үеийнхэндээ үлдээдэг. Өнөөдөр алт, ашигт малтмал руу хэтэрхий шунаж, 20 жилийн өмнөхтэй адил ханцуй шамласан бодлогоо азнах боломжтой. Оюутолгойн зэсийн ил уурхай ашиглалтад орсон. Эдийн засгийн бусад салбарт нөхөх чадавхи үлэмж нэмэгдсэн. Ноолуур бол алт, бид дэмжсэн. Төрийн дэмжлэгийн үр дүнд үр тариа гадаадад гаргахыг тариаланчид хүсдэг боллоо. Бас л валют олъё гэж байна. Мах, сүү боловсруулж гаргавал алт, валютын л үнэтэй. Эдгээрийг хийх хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого хавьгүй ирээдүйтэй. Газар шороогоо төнхөн дахин хэзээ ч нөхөгдөхгүй алтыг ухаж хялбархан амьдрах уу.  Өнөөгийн Засгийн газар амар хялбар амьдралын энэ замыг сонгож байх шив. Нэг Засгийн газар дөрвөн жилээ бялхалзан, сайхан нэртэй өнгөрөөж болно. Улс төрчид орд газар дээр нь оролцож юм унагаж болно. Өөрсдөө лиценз, зөвшөөрлийг нь авчихаад хөөцөлдөөд буй хүмүүс байгааг бид харж л байна. Гэхдээ улс ийм сонирхолд хөтлөгдөж болохгүй. Хожмоо ирээдүйгээ бодсон ч, баялгийг хямгатай, хязгаартай зарах, байгалиа хамгаалах, дан эрдсийн баялгийн хамааралтай өрөөсгөл эдийн засгийн бүтцийг засах чамбай бодлогоосоо төр ухрах ёсгүй. Харин тодотгож болно. 1990 оны алтнаас эхэлсэн байгалиа цөлмөсөн явуургүй бодлогыг 20 жилийн дараа Н.Алтанхуягийн Засгийн газар шинээр амилуулах гэж байна. Хэсэг компани, хэсэг хүн хөлжиж, байгаль хохирох явц үргэлжилнэ. Өөр юу байгаа юм" хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж байгаа юм.

УИХ-ын гишүүн Ц.Цолмон:Миний бодол бол алтны ил тод байдал, худалдааг нь чөлөөтэй болгох хэрэгтэй. Түүнчлэн алтны худалдааны янз бүрийн бэрхшээлийг багасгах, нөгөө талаар хувийн болон бизнесийн орчныг нь илүү хангах зэргээр хөнгөвчлөх сайжруулах, хууль зүйн зохицуулалтыг хийхийг дэмжиж байгаа. Харин алтны худалдаатай ямар ч холбогдолгүй роялтиг нь багасгах талаар хууль дагалдаад яваад байгаа шүү дээ. Үүн дээр би санал нийлэхгүй байгаа. Алтны роялтиг багасгах шаардлагаггүй гэж үзэж байна. Энэ дээр хоёр зүйл хэлж болно. Бид хэдэн сар хэлэлцэж байж Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталлаа. Энэ хуулийг батлах гээд татварын орчинг тогтвортой болголоо, одоо хөрөнгө оруулалт орж ирнэ гэж яриад байгаа шүү дээ. Ингээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг  баталчихаад сарын дараа татварынхаа орчинг өөрчлөх талаар ярьж байна. Бууруулахаар өөрчлөлт биш ихэсгэвэл өөрчлөлт болно гэж байхгүй шүү дээ. Гадныхан монголчуудыг сарын дараа татвараа өөрчилдөг тогтворгүй хүмүүс байна л гэж харна. Өөрөөр хэлбэл, сарын дараа татвараа багасгаж чадаж байгаа юм чинь хоёр сарын дараа татвараа ихэсгэж чадах найдваргүй хүмүүс байна гэдэг ойлголт төрнө шүү дээ. Тэр утгаараа Засгийн газар энэ хуулиа буцаагаад татаж авах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсантай холбогдуулан роялиг багасгах талаарх саналаа Засгийн газар татаж авах нь зүйтэй. Ямар ч тохиолдолд таван хувиас багасгах шаардлагагүй. Нөгөө талаар манай сайд нарын оруулж ирсэн энэ санал нь эхлээд гурван жилийн хугацаанд багасгана гэж байснаа сүүлдээ таван жилийн дараа багасгаад, дараа нь буцаагаад хэвэнд оруулна гэж ярьж байна. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө сайд байх хугацаанд зориулж хийж байгаа зүйл шиг санагдаж байгаа" гэлээ.

"АЛТ-3" хөтөлбөр хэрэгжих нь зөв ч хэт туйлширч болохгүй юм. Учир нь алт дагасан Монгол хүн хэзээ ч баяжиж байгаагүй гэдгийг санах хэрэгтэй. Ирээдүйгээ бодох л хэрэгтэй. Алтны уурхайгаас болж сүйдсэн аймаг, сумаа эргэн нөхөн сэргээлт хийж бараг үзээгүй байж дахиад алт ухах талаар ярих чухал гэж үү. Алт дагасан Монгол сүйрэлт хүрнэ үү гэхээс баяжихгүй гэдгийг ухаармаар. Ирээдүй хойч үедээ ядаж Эх орнын бүрэн бүтэн үлдээх юмсан Эрхэм гишүүд минь.

Та нар одоо зөөлөн суудалдаа байхдаа сайхан амлалтаа өгнө, эцэст нь энэ үйл хэргийг чинь дахиад л шинээр сонсгогдсон хэд чинь өмнөх Засгийн газрын ажлын эхлүүлсэн ажил гээд Ухсан газартаа нөхөн сэргээлт хийхгүй бол ард түмэн чинь яах болж байна.

Х.Даваа