Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдийн асуудал нь ихээхэн тулгамдсан асуудлуудын нэг болсоор ирсэн гэдэгтэй олон хүн санал нийлнэ.

Бага насанд нь харьяа цэцэрлэгт нь оруулах гэж нэг санаа зовно. Харин сургуульд орсон хойно нь санхүүгийн дарамтаас нь бас эмээнэ. Учир юу гэвэл сурагчийн дүрэмт хувцасны үнэ хэтэрхий үнэтэйд оршиж байна.

Өмнө нь ахлах ангийн хүүхдийн 3 хос дүрэмт хувцсыг 30-50 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо 90-157 мянган төгрөгөөр авч байна. Шинэчлэн баталсан шинэ дүрэмт хувцас хэт өндөр үнэтэй гарснаас болж анги дотор дүрэмт хувцасгүйгээсээ болоод баян ядуугийн ялгаа гарч байна. Ард иргэдээ санхүүгийн дарамтад оруулж, бизнесийн байгууллагын эрх ашгийг хүүхдүүдээс дээгүүр тавьж байгааг холбогдох эрхмүүд анхааралдаа эрхтэн аваасай. Нэг өрх гэхэд сургуулийн насны гурван хүүхэдтэй байлаа гэхэд тухайн айл зөвхөн дүрэмт хувцасанд 300-400 мянган төгрөг зарцуулах болж байна. Үүнээс гадна сургуулийн бэлтгэл гээд бас л чамгүй зардал гарна. Энэ бүгдээс харахад дүрэмт хувцасны үнэ иргэдэд дарамт болж байгааг харж болно.

Өндөр үнэтэй дүрэмт хувцасаар бизнес хийх гэж улайрах бус өндөр үнэ цэнэтэй боловсрол олгох нь илүү хэрэгтэй болов уу даа.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид Боловсролын тухай хуулинд орсон 2012 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу нэгдсэн загварын дүрэмт хувцас өмсөж байгаа аж.

Засгийн газраас сурагчдын дүрэмт хувцсыг үндэсний түүхий эдээр, эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож эх орондоо бүтээх, үндэсний үйлдвэрлэгчдээр үйлдвэрлүүлэх бодлого барьдаг гэж мэдээлжээ.

Сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл, нийлүүлэлт нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны аливаа оролцоогүйгээр хэрэглэгчийн сонголт, чанарын хяналт, хэрэглэгч, нийлүүлэгчийн өөрсдийнх нь хамтын ажиллагаа, хэлэлцээний үндсэн дээр зохион байгуулагддаг хэмээн холбогдох албаныхан тайлбар хийжээ.

Энэ бүгдээс харахад Боловсролын яам гэх мэт холбогдох албууд өөрсдөө энэ үнийн дарамтад хамааралгүй хэмээн нэр цэвэр үлдэхээр бултаж байна. Тиймээс энэ бүх өндөр үнийг дүрэмт хувцас үйлдвэрлэдэг компаниуд гаргадаг гэсэн үг үү.

Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь зөв ч, ард иргэдээ бодохгүй дарамт болоод байвал сонгох хэрэг байна уу. Материалын хувьд ч эхний жилдээ л бөөстөж өнгөө алддаг энэ материалынх нь оронд зах барааны дэлгүүрээс хавьгүй илүү чанартай хувцасыг эцэг эхчүүд өөрсдөө сонгоод авчих чадалтай л байх шүү.

Тиймээс ирэх намар гэлтгүй одооноос энэ асуудалд анхаарлаа хандуулж ҮНИЙН ДАРАМТГҮЙ, ДҮРЭМТ ХУВЦАСТАЙ сурагчдыг хармаар л байна шүү.

Боловсролын яамныханд ДҮРЭМТ ХУВЦАС-ны асуудал хамаагүй бол энэ хэнд хамаатай вэ дарга нар аа