Монголын Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооноос сэрэмжлүүлэг гаргажээ. Уг мэдэгдэлд дурдахдаа “Сүүлийн үед ипотекийн зээл хязгаартай олгогдож, орон сууцны худалдааны эргэлт муудсан, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдан үл хөдлөх хөрөнгийн борлуулалт буурсантай холбоотойгоор янз бүрийн оноосон нэр бүхий Үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллага гэсэн хаягтай хувь хүн, оюутан, гадны иргэд олширч байна.

Үүнтэй холбоотой орон байрны хулгай, болон эд хөрөнгө, нэр хүнд, мөнгө төгрөгөөрөө хохирох байдал нэмэгдэж болзошгүй тул нийт иргэд байгууллагууд хамтран ажиллаж байгаа компаниа сайтар судалж гэрээ хийхийг анхааруулж байна. Цаашилбал эдийн засагт эргэлдэж буй нийт мөнгөний багагүй хувийг үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулалт хийсэн байдаг бөгөөд эрх зүйн зохицуулалт муу байгааг далимдуулан гаднаас мөнгө угаалт хийгдэж болзошгүй юм.
Иймд нийт иргэд, байгууллага нь Монголын Үл хөдлөх хөрөнгө зуучлагчдын нэгдсэн холбооны албан ёсны QR код бүхий, ёс зүйн хариуцлага хүлээх чадвартай ҮХХөрөнгийн үндэсний компаниудын реалторуудаар үйлчлүүлж, учирч болзошгүй эрсдлээс өөрийн нэр хүнд, эд хөрөнгөө хамгаалахыг сануулж байна.
Түүнчлэн сошиал, интернэтээр бэлэн мөнгөөр яаралтай худалдаж авах, худалдах, түрээслэх, түрээслүүлэх зарууд нь ихэвчлэн хулгайн болон эд хөрөнгийн шунахайн сэдэлтэй байж болзошгүй байгаа тул мэргэжлийн байгууллагуудад хандан шалгуулж байх нь зүйтэй.

Тус холбоо нь ҮХХөрөнгө-ийн борлуулалт, хөрөнгө оруулалттай холбоотой санал гомдолыг нээлттэй авч байгаа тул энэ талаар асуудал гарсан иргэд байгууллага холбоо барина уу” гэжээ.