Г.Шийлэгдамбэ Эрүүл мэнд, спортын сайдаар ажиллаж байхдаа албан өрөөндөө авилга авч байгаад баригдсан. Уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Түүнийг шүүх хурал өнөөдөр боллоо. 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй Нийслэлийн Прокурорын газраас Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2, Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр товлогдсон байсан. 
Шүүгдэгч Г.Шийлэгдамбын өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүгдэгч О.Даваасүрэнгийн өмгөөлөгч Дэлгэрням нар нь эрүүл мэндийн шатгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд бичгээр мэдэгдэж энэ талаарх баримтаа хүсэлтийн хамт ирүүлсэн. 
Иймд шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09-00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.