Ардчиллын ачаар үг хэлэх хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө та бид хангалттай хэрэгжүүлж байгаа. Гэхдээ үүнийгээ дагаад цахим орчинд тархи угаалт өдрөөс өдөрт хүчирхэгжиж байна.  Энгийн жишээ, аз аз гэж бичээд баяждаг бол өнөөдөр ЕБС, их дээд сургуульд сураад ч хэрэг алга.  

Үүнийг нь мэдсээр байж их дээд сургууль төгссөн, төрийн байгууллагын хурган дарга аз аз гэж бичээд өөрийнхөө Фэйсбүүкт шэйр хийсэн байх юм. Хэдийгээр тухайн хүн өөрийнхөө орон зайд юугаа хийх нь тухайн хүний өөрийн эрх ч гэсэн нийгэмд байр сууриа эзэлсэн хүний ийм үйлдэл  бусдад ямар үлгэр дуурлал үзүүлэхийг бодож үзэх учиртай.

Үүний зэрэгцээ СЭМҮТ-ийн хяналтад байдаг юм уу гэмээр  сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс үе үе  лайв хийдэг. Үүнийг нь хүн бүр өөрийнхөө цахим хуудсан  шэйр хийж элийрлийг  “газар авахуулдаг” болоод байна.  

Өнөөдөр хэн дуртай нь алдартай хүний нэрээр, эсвэл брэнд, байгууллагын нэрээр хуудас нээгээд хандалт авах боломжтой. Үүнийг мэдэхгүй Монголчууд гэнэ зангаасаа болж хуурамч хаяганд итгэдэг нь нууц биш.

 

 

Итгэснийхээ дараа энэ мэтээр "ам руугаа алгадуулдаг" жишээ ганц нэгээр дуусахгүй. 

Сонгуулийн энэ цаг үед хэн хэзээ хаана хийсэн нь тодорхойгүй эвлүүлэг мөн биш нь тодорхойгүй  бичлэг, нэвтрүүлэг  цацах боллоо.  Хэн ч үнэн мөн гэдгийг нь тогтоогоогүй байхад  цахим орчинд олны өмнө намаараа талцаж байгаад хэрэлдэх жишээтэй. Сонгууль болдгоороо болж, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Үүнийг мэдсээр байж хэн дуртай нь таньдаг хүнийхээ постон доор  хэрүүл өддөг.  

 

Бид нэгэнт цахим хэрэглээг хязгаарлаж чадахгүйгээс хойш  ядаж зохистой хэрэглэх шаардлагатай. Нэр нүүрээ нууцалсан хүнийг найзаар бүртгэхгүй байх.  Танихгүй хүнийг найзаараа нэмэхгүй байх, элдэв сонжоон дээр орохгүй байх, зохисгүй группүүдээс гарах, гэр бүлийнхээ зургуудыг хамаагүй дэлгэхгүй байх зэрэгт анхаарна уу. 

Танихгүй хүнтэй цахим орчинд найз болсноор таны мэдээллийг авах боломжтой болох бөгөөд тэрхүү мэдээллээр хуурамч хаяг нээх, залилан хийх эрсдэлтэй. Сонжоон дээр дарж орвол таны хувийн мэдээллийг авах боломжтой болдог гэх мэт энгийн зүйлсээс сэрэмжилж цахим орчинд өөрийгөө болзошгүй эрсдлээс сэргийлэх шаардлага байгааг анхаарна уу.