МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вонн буюу 100 орчим сая төгрөгийн хандив авсан нь тогтоогдож, харъялалын дагуу шүүхэд шилжсэн. Энэ хэрэгтэй холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга П.Батбаатараас зарим зүйлсийг тодрууллаа.

 


 

 


- Нэр дэвшигч С.Ганбаатартай холбоотой гомдол ирсэн. Хэргийг цагдаагийн байгууллага шүүхэд шилжүүлсэн ч шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Энэ хэрэг одоо юу болж байна вэ? 

 


2017 оны зургадугаар 23-ний өдөр нэр дэвшигч С.Ганбатартай холбоотой захиргааны зөрчлийн материалыг нэмэлт ажиллагаанд буцаасан байгаа.  Энэ нэмэлт мөрдөн байцаалатд Солонгос хэл дээр байсан материалыг албажуулах, мөн нэр дэвшигчээс өөрөөс нь тайлбар ав гэсэн үндэслэлээр цагдаагийн байгууллагад буцаасан. Нэр дэвшигч С.Ганбаатараас тайлбар авах гэж хэд хэдэн удаа холбогдож,  мэдүүлэг авахаар цагдаагийн байгуууллагад дуудсан боловч нэр дэвшигч ирээгүй. Энэ үед тэрээр хөдөө орон нутгаар ажиллаж байсан бөгөөд эхлээд дуудахад Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллаж байсан. Мөн шүүхээс буцаасны дараа дахин мэдүүлэг авахаар дуудсан ч тэрээр Орхон, Дархан, Хөвсгөл зэрэг аймгуудад сурталчилгааны ажлаар явж байна гэсэн. Ингээд бид очсон газар болгонд нь тайлбар авах гэсэн боловч С.Ганбаатар нэр дэвшигч маань тайлбар өгөхөөс татгалзсан. Энэ үйлдэлд нь цагдаагийн тэмдэглэл үйлдээд 2017 оны зургадугаар сарын 24-ний өдөр 17 цагт харъялалын дагуу шүүхэд шилжүүлсэн. Одоо энэ хэрэг шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа. 

 


- Хэрэгтэй холбоотой шинэ мэдээ байна уу? БНСУ-ын иргэн хэзээ Монгол ирсэн, ямар зорилгоор ирсэн гэх мэт ? 

 


Энэ хэргийн шалгалтын ажил үргэлжилж байгаа урчаас хувь хүний мэдээллийг өгөх болмжгүй, Монголд ирсэн нь батлагдсан бөгөөд түүнээс мэдүүлэг авсан. Тухайн иргэн өөрийнхөө мэдүүлэгтээ мөнгө өгснөө хүлээн зөвшөөрсөн.

 


-  Бичлэгийг хуурамч, эвлүүлэг гэж МАХН-ынхан үзэж байгаа. Бичлэг дээр ямар шинжилгээ хийж байгаа вэ? 

 


Шалгалтын явцад Шүүх, шинжилгээний байгууллагын шинжээчид бичлэгийг хянаж, шалгасан бөгөөд энэ бичлэгийг эвлүүлэг биш гэж үзсэн. Мөн энэ бичлэгт гарч байгаа нэр дэвшигч С.Ганбаатарын хоолой үнэхээр түүнийх мөн үү гэдгийг ч шинжилсэн. Энэхүү бичлэг нь эвлүүлэг биш, нэр дэвшигч С.Ганбаатарын дуу хоолой мөн гэсэн дүгнэлт гарсан. Энэ баримтыг бүгдийг хавсаргаад шүүхэд шилжүүлсэн.