22 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 2-ны хооронд Их Британи улсын нийслэл Лондон хотод амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 33 орны шилдэг 112 оюуны спортын тамирчид ой тогтоолтын 10 төрөлд бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалд аваргуудаа тодрууллаа.

Энэ тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн тамирчид дасгалжуулагчийн хамт оролцсон бөгөөд багийн бүрэлдэхүүнийг товч танилцуулбал,

1. Х.Хатанбаатар (Дасгалжуулагч);
2. Их мастер С.Цогбадрах (21 нас) – Оюуны Олимпын 1 төрөлд дээд амжилт эзэмшигч ;
3. Ө.Сэнгэсамдан (21 нас) – Ой тогтоолтын ОУ-н аварга;
4. Б.Намуунтуул (17 нас) – 1 төрөлд дэлхийн дээд амжилт эзэмшигч;
5. Ц.Бат-Эрдэнэ (15 нас) – 4 төрөлд дэлхийн дээд амжилт эзэмшигч;
6. З.Цэцэгзул (13 нас) – 1 төрөлд дэлхийн дээд амжилт эзэмшигч;
7. Г.Тэмүүлэн (12 нас) – 3 төрөлд дэлхийн дээд амжилт эзэмшигч;

Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний төгсгөлд Монголын баг тамирчид бага, дунд, насанд хүрэгчид (ерөнхий) ангилалд авах ёстой нийт 90 медалийн 23-г хүртэж багаараа Герман болон Швед улсын дараагаар 3-р байрт орлоо. Мөн бага, дунд насанд өрсөлдсөн манай тамирчид дэлхийн нийт 4 дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор өнөөг хүртэл нийт 13 дэлхийн рекордыг эвдээд байна. Түүнчлэн Ө.Сэнгэсамдан, Б.Намуунтуул нар Ой тогтоолтын Их Мастерийн, Ц.Бат-Эрдэнэ ОУ-н Мастерийн болзлыг тус тус хангалаа. Мөн нийлбэр оноогоор тэмцээний шилдэг 10-т Монголын хоёр тамирчин багтаж тэмцээнийг амжилттайгаар дуусгав. Миний хувьд шүүгчийн шалгалтаа амжилттай өгч нийт 20 шүүгчээс хоёрт орсноор олон улсад шүүх эрхтэй болсон сайхан үйл явдал боллоо.

Насанд хүрэгч (Ерөнхий) ангилал
1. Их Мастер С.Цогбадрах - 1 алт, 1 мөнгөн медаль;
2. Их Мастер Ө.Сэнгэсамдан - 1 хүрэл медаль;

Дунд насны ангилал
1. Их Мастер Б.Намуунтуул – 4 алт, 4 мөнгөн медаль ;
Дэлхийн 3 дээд амжилт тогтоосноос гадна нийлбэр оноогоор дунд насанд Дэлхийн Аварга боллоо.
2. ОУ-н Мастер Ц.Бат-Эрдэнэ – 5 мөнгө, 1 хүрэл медаль;
Нийлбэр дүнгээр дунд насны ангилалд дэд аварга боллоо.
3. Б.Цэцэгзул – 1 мөнгөн медаль;
ОУ-н мастер болох 3 болзлын 2-г биелүүлж нийлбэр дүнгээр дунд насны ангилалд 8-р байрт орлоо.

Бага насны ангилал
1. Г.Тэмүүлэн – 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль;
ОУ-н мастер болох 3 болзлын 2-г биелүүлж Дэлхийн 1 дээд амжилт тогтоосноос гадна нийлбэр оноогоор бага насны ангилалд 3-р байрт орлоо.

Энэ удаагийн тэмцээний гол үйл явдал бол насанд хүрэгч (ерөнхий) ангилалд нийлбэр оноогоор Швед улсын тамирчин Их Мастер Jonas von Essen 2013 оны Ой тогтоолтын Дэлхийн Аварга боллоо. Тэмцээний хаалтан дээр 23 дахь удаагийн Ой тогтоолтын Дэлхийн Аваргын тэмцээн болох газрын тов тодорхой болж БНХАУ-н Хаянан мужид ирэх оны 12 сарын 7-нд болохоор зарлагдлаа.


Энэ жил манай тамирчид олон улсын тэмцээнүүдээс нийт 74 медаль хүртэж 2014 онтой золгох гэж байна.

А.Баярмаа