Жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний энэ өдрийг "Авлигын эсрэг" олон улсын өдөр хэмээн НҮБ-аас тунхаглан зарласан билээ.

Мөн одоогоос арван жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарлан тунхагласан юм.

"Авлигын эсрэг" НҮБ-ын далбаан дор нэгдсэн улс орнууд эл өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Авлигын эсрэг конвенцид тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах учиртай аж. Авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан НҮБ-ын Конвенцийг дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг юм.

Манай улсын хувьд НҮБ-ын Авлигын эсрэг Конвенцид 2005 онд нэгдэж, мөн оны 10 дугаар сарын 27-нд Конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт хөл нийлүүлэх болсон байна. Авлигын эсрэг хуулийн дагуу Авлигатай тэмцэх газар байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг албан ёсоор өргөн хүрээнд 7 дахь жилээ тэмдэглэж байна.

Авлигыг таслан зогсоох, устгахад хүн бүрийн оролцоо, дэмжлэг, хувь нэмрийг чухалчлан үзэж, энэ жил авлигын эсрэг өдрийг дэлхий дахинаа “Шударга нийгмийн төлөө хамтдаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа ажээ. Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан Конвенцид нэгдсэн гишүүн орон бүр Авлигын эсрэг конвенциар хүлээсэн үүргээ сурталчлах, хүүхэд залуучуудад шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах, авлигын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж байна. Мөн төрийн байгууллагын үйл ажиллагаанд авлигаас урьдчилсан сэргийлэх, ил тод хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэх, авлигын эсрэг үйл ажиллагаанд төрийн төв болон орон нутгийн байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, түншлэлийг өргөжүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх, тэдний оролцоог нэмэгдүүлэх, авлигын эсрэг ажилд хүүхэд залуучууд, хэвлэл мэдээллийн байгууллагыг татан оролцуулах зорилгоор олон арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газар Монгол Улсын Засгийн газар, Хууль зүйн яам, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, АНУ-ын Азийн сан Мерси Кор Монгол зэрэг олон улсын байгууллагууд хамтран дараах ажлуудыг зохион байгуулж байна.

Үүнд: "Хууль дүрэм бодит амьдрал" дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлгийг энэ сарын 04-нд Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулсан билээ. Хэлэлцүүлэгт Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, АТГ-ын дарга Н.Ганболд болон АНУ-ын Азийн сан, Сант Марал сан, Мэрси Кор олон улсын байгууллагын төлөөлөл оролцож өөрсдийн авч хэрэгжүүлж буй арга, хэмжээ цаашид баримтлах бодлого, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн тус хэлэлцүүлэгт төр, нутгийн захиргаа, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд төрийн төв болон орон нутгийн удирдлагын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд талууд хамтын ажиллагаа, түншлэл, иргэдийн оролцоог дэмжих асуудлаар харилцан ярилцаж санал солилцсон юм. Тус хэлэлцүүлгийн үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сангаас явуулсан “Авилгын талаарх олон нийтийн ойлголт мэдлэг тогтоох” судалгааны дүнг нийтэд танилцуулсан юм Мөн “Ил тод худалдан авах үйл ажиллагаа” дугуй ширээний ярилцлагыг энэ сарын 05-нд Улаанбаатар зочид буудлын Хархорин Танхимд зохион байгуулав. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, худалдан авах үйл ажиллагааг авлига, сонирхлын зөрчлөөс ангид явуулах, худалдан авалтын тогтолцоог боловсронгуй болгох арга зам зэрэг олон асуудлын талаар хэлэлцсэн бөгөөд худалдан авах үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн төв болон орон нутгийн түвшинд авч хэрэгжүүлж буй сайн туршлагууд болон орон нутгийн худалдан авалтад хийсэн мониторингийн дүн, түүний туршлагаас нийтэд танилцуулсан байна.

Тус дугуй ширээний ярилцлагад Худалдан авах ажиллагааны газар, Нийслэл дүүргүүдийн худалдан авах ажиллагааны газар, албадын төлөөллүүд болон иргэний нийгмийн байгууллагаас илтгэл хэлэлцүүлж, худалдан авах үйл ажиллагааг шударга, ил тод нээлттэй явуулахад хуримтуулсан туршлага, тулгарч бэрхшээл, цаашид баримтлах бодлогын талаар санал солилцлоо. Түүнчлэн, “Хүүхэд, залуучууд авилгын эсрэг хамтдаа” өдөрлөгийг энэ сарын 07-нд Нийслэлийн хүүхэд залуучуудын соёлын ордонд зохион байгуулсан юм. Авлигын эсрэг хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх, шударга зан чанарыг төлөвшүүлэх, шударга ёсыг түгээн дэлгэрүүлэх ажилд хүүхэд залуусын идэвхи оролцоог өрнүүлэх зорилгоор хүүхэд залуучуудад зориулсан өдөрлөгийг зохион байгуулж байна. Хүүхэд залуучуудад хандсан “Шударга хүний 7 дадал” лекц, илтгэл, “Төлөөс-2” жүжиг, хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэн болон тэдгээрийн оролцсон парад зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.

Тус арга хэмжээний үер хүүхэд залуучуудад авлигын эсрэг соён гэгээрүүлэх мэдээллийг тогтмол хүргэж, дуу хоолойг нэгтгэж байх зорилгоор бүтээсэн www.xamtdaa.mn цахим хуудасын нээлтийн ажиллагаа болно. Харин өнөөдөр Авлигатай тэмцэх газраас 10:00 цагт “Авлигын эсрэг хүчин чармайлтад хувийн хэвшлийн оролцоо, санаачилга” уулзалт ярилцлагыг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулах юм. Энэхүү уулзалт ярилцлагын үеэр "Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгаа"-ны дүнг танилцуулна.

Х.Даваа