Хүний цогцсыг газар булж оршуулахад агаар дутмаг орчинд анероб задрал явагдаж 3-5 жилд зөөлөн эдүүд, 40-50 жилд хатуу эд ясууд задардаг байна. Ингэж удаан хугацаагаар задрал явагдахдаа агаар мандалд 20 шахам төрлийн хорт хийг дэгдээдэг аж. Хүнийг далд оршуулсны дараа цогцост ялзралт явагдсанаар хөрс бохирдож, халдварт өвчин үүсэх шалтгаан болдог байна. Тухайлбал, өмнө нь гоц халдварт, хавдрын болон химийн эмчилгээ хийлгэж байсан хүний цогцос задарснаар хорт бодисууд хөрсөнд нэвчиж, гүний усанд шингэдэг аж. Газрын хөрсөнд нэвчсэн аливаа өвчний нян 20-30 жилд амьдрах чадвартай байдгыг мэргэжилтнүүд хэлж байна...

Урьтал болгон энэ бүхнийг учирлаж байгаагийн шалтгаан нь Улаанбаатарт улам олширч байгаа оршуулгын газартай холбоотой. Өдгөө нийслэлд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийлсэн 17 оршуулгын газар бий гэсэн тоо байна. Тодруулбал, “Далан давхар” 137 га, “Нарангийн энгэр” 260 га, “Цагаан даваа” 50 га, “Оросын оршуулгын газар” 3 га, “Өлзийт” 35 га, “Буянт ухаа” 2 га “Алтан өлгий” гэх мэт томоохон оршуулгын газрууд байгаа.  Үүнээс гадна “Бөхөг”, “Түргэний гол”, 61- ийн гарам, Зуслангийн ногоон бүс, “Өвөр гүнт”, “Орбит”, “Тахилтын ам” зэрэг газарт иргэд дур мэдэн зөвшөөрөлгүйгээр талийгаачаа оршуулсаар байна. Харин эдгээр оршуулгын газрын хамарч буй газар нь 1000 гаруй га гэнэ. 1000 га!!! Энэ мэтээр хамрах хүрээ нь өргөжсөөр байвал нийслэлчүүд бид өөд бологсдоо бүү хэл өөрсдөө амьдрах газаргүй болох вий! Бодох л асуудал...

"Далан давхар"-ын оршуулгын газрыг "Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн" хэзээ болгох вэ?

Далан давхарын оршуулгын газрыг ийм болгохоор төлөвлөж байв...

Нийслэл хотын дунд нэвсийх энэ олон оршуулгын газрыг цэгцлэх цаг болсон уу гэвэл болсон. Айлын хашаатай айлсан орших оршуулгын газруудын дэргэд хүүхэд тоглож, ноход сэг зэмээр нь хооллон амьдарч байна. Ийм байж яавч болохгүй.

Уг нь 2014 онд Улаанбаатарын удирдлагууд  нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу 70 давхрын оршуулгын газрыг "Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн" болгохоор баталж, багагүй төлөвлөгөө боловсруулж байсан ч өдгөө хэрэгжсэнгүй.  Улаанбаатар хотын төв хэсэгт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 137 га талбай эзлэн гэр хороололтой хаяа нийлэн байрлаж байгаа тус оршуулгын газар нь 1927 оноос хойш үүсэн бий болж,1987 онд Ардын депататутын хурлын 72 тоот тогтоолоор албан ёсоор хаагдсан боловч иргэд одоог хүртэл бурхан болоочдоо сул зай олон нутаглуулсаар байгаа юм. Энд  47.586 шарил байдгаас хашааны гадна, айлуудын хашаанд 61 булш тоологдсон гэж албаныхан хэллээ. Нийт булшны 30.241 нь хэвийн, 16.767 нь эвдэрсэн, 517 нь ухагдан тоногдсон байдалтай байгаа юм байна. Уг нь энэ оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгочихвол эргэн тойрон дахь айл өрхүүд, цаашлаад нийслэлчүүдийн эрүүл орчинд амьдрах эрх нь бага ч болов баталгаажих учиртай. Төлөвлөж тооцоолсноор бол "Далан давхар"-ын оршуулгын газрыг "Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн" болгох ажил 2016 оны 11 дүгээр сард дуусах байлаа.

Харамсалтай нь энэ ажил хийгдсэнгүй гурван оныг үдсэн ч бахь байдгаараа л байсаар байна. Энэ хугацаанд оршуулгын газраас ялгарах 20 гаруй төрлийн хорт бодисоор нийслэлчүүд амьсгалж, хэдэн мянган хүн, хэчнээн төрлийн өвчин нян авсан бол гэж бодохоор айдас төрмөөр. Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэсэн "Үндсэн хууль"-д заасан эрхээ нийслэлчүүд эдэлж чадахгүй байгаагийн нэгэн том жишээ бол энэ. Иймээс Улаанбаатарын удирдлагууд, цаашлаад төрийн шийдвэр гаргах төвшний бүх түшмэдүүд нийслэлийг"нөмөрч" буй оршуулгын газруудыг боловсронгуй болгож, цэгцлэх тал дээр анхаарлаа хандуулах болсныг энэхүү нийтлэлээрээ сануулахыг зорилоо.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN