Монголын улс төр халуухан байна. Жилийн өмнө АН яг л иймэрхүү байсан. Тал талд гарч, хөнжилдөө хөлөө жийлцэж байв. Харин өнөөдөр МАН тийм болжээ. МАН-д өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал, түүний буруутан хэрэгтэй байна. Тэдний олонх нь сонгуульд ялагдсан нь 60 тэрбумын бичлэгээс боллоо гэж буй. Харин ард түмэнд бол төрийн албыг наймаалцах, өөр ноцтой зүйл олныг ярьсан 60 тэрбумын гэх бичлэгийн үнэн мөнийг олох нь чухал байгаа юм. Тиймээс бид энэ бичлэгийн талаар ямар байр суурьтай байгааг УИХ-ын гишүүдээс тодруулсан юм. Тэдэнтэй уулзахаар Төрийн ордонд очоод хоёрхон гишүүнийг олж уулзсан. Үргэлжлүүлээд бүх гишүүд рүү утас цохиж, дараах гишүүдээс л байр суурийг нь асууж чадсан юм. Дашрамд хэлэхэд, эрхэм гишүүд шинэ, хуучингүй гар утсаа авах тун дургүй байна. Зарим нь тасална, заримынх нь гар утаснаас гадаадад явна гэсэн хариулт ирж байна. Ингэхэд тэд сонгуулиар яадаг билээ дээ. Очоод гэрийг чинь цэвэрлээд өгье гэх нь холгүй байдаг гишүүд өнөөдөр нэг иймэрхүү зан аягтай болсон байна. Ингээд өчигдөр Төрийн ордондоо ажиллаж байсан болон гар утсаа авч, улс төрийн халуун сэдвээр товч хариулт өгсөн эрхэм гишүүдийн байр суурийг хүргэе. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр хоногийн өмнө АТГ-ын удирдлагуудыг дуудаж бичлэгийг шалгах чиглэл өгсөн юм.

 

 

 

Ерөнхийлөгч Х.Баттулга: ТӨРИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

 

-Г.Доржзодов гэдэг залуу 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг илчилж 90 минутын бичлэг цацагдсан. Энэ бүхэн Монгол Улсыг ямар байдалтай, АТГ ямар ажиллагаатай гэдгийг харуулж байна.  Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөж ямар нэг байдлаар дарамт шахалт байсан эсэхийг үгүйсгэхгүй. Энэ тал дээр мэдээлэл гаргаж улсынхаа нэр хүндийг аваръя. Авлигатай тэмцэх газрыг байх уу, үгүй юу гэх асуудал яригдаж байна. УИХ-ын  гишүүн асан Ц.Оюунгэрэл гадны байгууллагаар нэг орчинд тасралтгүй хийгдсэн бичлэг байна гэдгийг нотлуулсан байгаа. Мэдээж   дотоод асуудал руу орохгүй. Хорьж цагдахгүйгээр төрийн хамгаалалтад, албан тушаалаар хамгаалж байгаа хүмүүс мэдүүлэг өгөхгүй. Төрд байгаа энэ эмгэнэлт асуудлыг  Авлигатай тэмцэх газрын даргатайгаа Төрийн тэргүүн нь нийлээд  хэрхэн илчлэх вэ. Энэ төрийн эсрэг хийсэн гэмт хэрэг. Хүмүүс нь бүгдээрээ хүлээчихсэн. 

 

Г.Тэмүүлэн: ХЭН НЭГЭН АЛБАН ТУШААЛТАН АТГ-Т НӨЛӨӨЛЖ, ЧИГЛЭЛ ӨГӨХ ХУУЛИАР ХОРИОТОЙ 

 

-60 тэрбумаар Ерөнхийлөгч чиглэл өгсөн асуудлыг би өөр өнцгөөр харж байна. Авлигатай тэмцэх газар гэдэг бол хэн нэг улстөрч албан тушаалтнаас хамаарахгүйгээр үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй байгууллага. Хэн нэгэн албан тушаалтан АТГ-т шууд нөлөөлж үүрэг даалгавар, чиглэл өгөх асуудал байж болохгүй. Хуулиар хориглосон зүйл. Энэ асуудал Үндсэн хууль дээр очвол унах хэмжээнд хүрнэ. Шинэ Ерөнхийлөгч бүрэн эрхээсээ давсан үйлдэл хийсэн нь алдаа юм. Зарчмын хувьд санал бодлоо солилцож байр сууриа илэрхийлэх зүйл байж болно.  

 

Н.Оюундарь: ШАЛГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

 

-60 тэрбум төгрөгтэй холбоотой энэ асуудалд нам хамаагүй. Хэрэв буруутай нь тогтоогдвол хуулийнхаа дагуу хариуцлага хүлээх ёстой. Хамгийн гол нь хууль журмынхаа дагуу явагдах ёстой. Шалгуулах хэрэгтэй. Үнэхээр л шалгуулаад янз бүрийн хууль бус зүйл илэрвэл хариуцлагаа үүрнэ биз. 

 

Ё.Баатарбилэг: МЭДЭЭЛЭЛГҮЙ БАЙНА

 

-60 тэрбум болон Ерөнхийлөгч АТГ-ын удирдлагуудыг хүлээж авч үүрэг чиглэл өгсөн гээд байгаа асуудалд одоогоор ямар ч мэдээлэлгүй байна. Хөдөө тойрогтоо ажиллаж байгаа учраас мэдээлэл харж амжаагүй. 

 

М.Оюунчимэг: НЭГ ТИЙШ НЬ БОЛГОЖ ШИЙДЭХ ЁСТОЙ ГЭЖ ХАРЖ БАЙНА

 

-Аврагчидтай холбоотой асуудлаар газар дээр нь ажиллаж байгаа учраас мэдээлэл муу байна. Ерөнхийлөгч үүрэг чиглэл өгсөн бол Авлигатай тэмцэх газрынхан 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал үнэн эсэхийг тодорхой болгох хэрэгтэй. Үнэхээр эвлүүлэг үү, эсвэл худал цуурхал тараагаад байна уу гэдгийг нэг тийш нь болгож шийдэх ёстой гэж харж байна. 

 

М.Билэгт: АТГ-ААС ГИШҮҮДТЭЙ УУЛЗАЖ ТАЙЛБАР АВСАН

 

-Баянхонгор сумын Баацагаан суманд тойрогтоо ажиллаад хөдөө явж байна. 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ардчилсан намынхан АТГ-д шалгуулахаар хандсан юм билээ. АТГ-аас гишүүдтэй уулзаж тайлбар авсан. Авлига авч, улс орныг хохироосон гэж тогтоогдсон юм  байхгүй гэж ойлгож байгаа. 

 

О.Баасанхүү: ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ШААРДЛАГА ТАВИХ ЭРХТЭЙ 

 

-Ерөнхийлөгч ямар ч хууль хяналтын байгууллага байтугай жирийн иргэнтэй уулзаж санал бодлоо илэрхийлэх эрхтэй. Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар шаардлага тавих эрх бий. АТГ-т Ерөнхийлөгч нь чиглэл өгч болдог болоод л Н.Энхбаяр гэдэг хүнийг баривчлахад тухайн үед чиглэл өгсөн юм байна лээ. Харин ингэж ил гарсан нь олон нийтэд хардлага төрүүлэхгүй амар юм бишүү. 

 

Г.Мөнхцэцэг: ХЭТЭРХИЙ ТҮРГЭДСЭН ШИЙДВЭР

 

-Ерөнхийлөгч 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хүсч, чиглэл өгсөн мэдээллийг сонин хэвлэлээс л харсан. Хувь гишүүний бодлоор АТГ-ын удирдлагуудыг дуудаж чиглэл өгөх, мэдээлэл хүсэх эрх нь хэдийгээр  Ерөнхийлөгчид байгаа боловч хууль зөрчиж байгаа үйлдэл гэж харж байна. Энэ асуудал дээр хэтэрхий түргэдсэн шийдвэр байлаа. 

 

З.Нарантуяа: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БҮРЭН ЭРХЭЭС ХЭТЭРСЭН ЗҮЙЛ БАЙХГҮЙ

 

-Амарч яваа болохоор мэдээлэл муутай байна. Хэвлэлд гарсан мэдээллийг харсан. Ямар нэгэн авлигатай холбоотой асуудлаар ирсэн гомдлыг АТГ хэр шалгаж байна. Мөн үйл ажиллагааны байдал ямар байна, ажлаа эрчимжүүл гэж хэлэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс хэтэрсэн зүйл байхгүй. Түүнээс энэ хүнийг шалга, энэ асуудалд хэрэг үүсгэ, эсвэл боль гэдэг чиглэл өгөөгүй. Тиймээс Ерөнхийлөгч эрх хэмжээнийхээ хүрээнд ажлаа хийж байгаа байдлыг улстөржүүлж шүүмжлэх нь утгагүй. Тэр тусмаа Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд нь үндсэн үүргээ ойлгохгүй байгаа нь харамсалтай. Харин ч 60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудалд анхаарч байх ёстой юм. 

 

Ж.Батзандан: ХАРИУЛАХ БОЛОМЖГҮЙ

 

-60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлаар утсаар хариулт өгөх боломжгүй. Маргааш уулзая. 

 

Ж.Лүндээжанцан: ХЭРЭГЖСЭН ЭСЭХИЙГ МЭДЭХГҮЙ ЮМ 

 

-60 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгаж байгаа юм байна лээ. Би мөнгөөр гишүүн болоогүй болохоор энэ асуудлыг мэдэхгүй. Намын санхүүжилт, зөвлөх үйлчилгээ, улс төрийн намуудыг татан буулгах  гээд есөн шидийн л юм яригдаж байна. Яг хэрэгжсэн эсэхийг мэдэхгүй юм. 

 

Л.Болд: МАРГААШ ХАРИУ ӨГНӨ 

 

-60 тэрбумтай холбоотой асуудлаар одоогоор хариулт өгөх боломжгүй. Маргааш хариулт өгье.

 

 

С.Уянга