Хүний эрхийн хуульч М.Ичинноров найз залуудаа  48 цагийн турш зодуулсан  бүсгүйн хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлэхээр болсноо мэдээлсэн.  Тэгвэл  энэ талаараа өнөөдөр сэтгүүлчидтэй уулзлаа. Тэрбээр стратегийн өмгөөлөл хийхэд хуульчдын баг, сэтгүүлч, эмч, багш, охин хүүхэдтэй хүн бүрийг хамтран ажиллахыг урьсан.   Тэрбээр ирэх долоо хоногоос талийгаачийн эцэг эхтэй нь уулзахаар Баянхонгор аймгийг зорих юм.  

 Хэргийг эргэн сануулахад найз бүсгүйгээ  хардалтын улмаас 48 цагийн турш зодсоор амь насанд нь хүрсэн гэх хэрэг  Сүхбаатар дүүрэгт гарсан. Энэ хэрэгт  иргэн Алтанхүүг сэжиглэн саатуулаад байгаа бөгөөд уг хэрэг өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст шалгагдаж байгаа юм.  Энэ хэрэг цагдаагийн байгууллагад шилжсэн цагаасаа эхлэн хоёр удаа байцаагч  нь солигдсон байна.

Талийгаачийн гэр бүлээс энэ хэргийн талаар тодруулахад “Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байна, одоохондоо хэрэг дээр ажиллаж байгаа байцаагч ямар нэгэн мэдээлэл өгөхгүй байна. Энэ хэргийг үнэн зөвөөр шүүж өгөөсэй гээд л сууж байна” гэж мэдэгдсэн.  

Сэжигтэн Н.Алтанхүү өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд нэг хүүтэй ажээ.  Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн хугацаанд цөөнгүй хамтран амьдрагчтай байсан ч хардалт, гар хүрсний улмаас  салдаг байсан гэдгийг эх сурвалжууд хэлж байна.

Талийгаач бүсгүйн хувьд 20 настай, Япон хэлтэй  Ц хэмээх бүсгүй байжээ. Дээд боловсролтой, япон хэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллаж байсан.  Тэрбээр найз залуудаа удаа дараа зодуулж байсан бөгөөд үүнийг талийгаачийн нагац эгч нь баталж байгаа юм. Өөрөөр хэлбэл  талийгаачийг  удаа дараа хардалдтын улмаас зодож, хавиргыг нь хүртэл хугалж байжээ. Үүгээр ч зогсохгүй  аавтай нь хардаж зодож байсан гэнэ.  Тодруулбал аав нь шинэ дугаараасаа залгасныг  буруугаар ойлгон хардаж, зодож байсан ажээ. Үүгээр ч зогсохгүй сэжигтэн Н.Алтанхүү хохирогчийг 48 цагийн турш биш 7 хоногийн турш зодсон байх магадлалтай байгаа бөгөөд  энэ хэргийг шалгаж байгаа тул хэргийн талаархи мэдээллийг цагдаагийн байгууллагаас нууцалсаар байна.