Хоёр сая орчим хүн амтай нийслэл хотын хамгийн тулгамдаж буй асуудал нь яалт ч үгүй Төв цэвэрлэх байгууламж билээ. Анх 500 мянга гаруй  хүн амтай хотын ахуйн бохир усыг цэвэрлэх зориулалттай барьсан тус цэвэрлэх байгууламж өдгөө хоёр сая хүний, олон зуун үйлдвэрийн бохир цэвэрлэх бүхий л ажлыг “нуруун дээрээ үүрч явна”.

 

Хотын хүн ам, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр 1979, 1986 онд тус тус өргөтгөл хийж, өдөрт 20 мянган шоо метр ахуйн бохир ус хүлээн авч 90-92 хувь хүртэл цэвэршүүлэх хүчин чадалтай болсон байдаг. Мөн Испани Улсын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж шинэчлэх хоёр шатны төсөл хэрэгжүүлж,  агааржуулалтын систем, насос, сараалжийн байгууламж, тунгаагчийн төхөөрөмжүүдээ шинэчилсэн байна.

Гэвч нийслэлийн хүн ам эрчимтэй өсөхийн зэрэгцээ үйлдвэр олноор нэмэгдсэн нь цэвэрлэх байгууламжийн ачааллыг хэд дахин нэмсэн. Үүний уршгаар 2015 онд технологийн эвдрэл гарснаар бохир нь хальж айл өрх, үйлдвэрүүдийн усыг хаахад хүрч байсан юм. Тухайн үед энэ асуудалд нийслэл төдийгүй улсаас онцгой анхаарал хандуулж, эвдрэлийг түргэн шуурхай зассан байдаг. Гэвч уг засварыг хийснээр нийслэлийг бохиртоо живэх аюулыг түр зуур л аргацааснаас асуудал бүрэн шийдэгдээгүй. Тиймээс шинэ цэвэрлэх байгууламж зайлшгүй шаардлагатайг дээр дооргүй ярьж, судалгааны ажлыг эхлүүлж байсан. Үүнээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрсөн ч шинэ цэвэрлэх байгууламжийг газар дээр биш цаасан дээр л барьж эхэллээ. 

Уг нь өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төв цэвэрлэх байгууламжийг барих ажлын талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч, барилгын ажлыг даруй эхлэх шаардлагатай байгааг анхааруулж байсан юм. Энэ үеэр ажлын хэсгийнхний зүгээс “Төв цэвэрлэх байгууламж нь 1990 оноос хойш олон улсын зээл тусламжаар удаа дараа хэсэгчлэн засч, шинэчлэлтийг хийж байсан ч сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа нь доголдож, бохир усны цэвэрлэгээний үр дүн эрс буурсан. Иймээс төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна. Одоогоор цэвэрлэх байгууламжийг барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээний дагуу Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК гүйцэтгэн ажиллахаар болсон. Шинэ байгууламж нь хоногт 250 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх буюу одоо байгаа төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх юм. Шинэ цэвэрлэх байгууламжийг 2020 онд ашиглалтад өгөх бөгөөд ойролцоогоор 2030 оноос эхлэн өргөтгөлийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн.

ТЭЗҮ боловсруулалт 100 хувьтай, судалгааны ажлын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг гүйцэтгэж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулахаар хүлээгдэж байгаа. Төв цэвэрлэх байгууламжийг Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК концессын гэрээний дагуу 25-30 жилийн хугацаанд ашиглахдаа 12-15 жилд нь хөрөнгө оруулалтаа нөхнө гэж тооцсон юм билээ. Дараа нь Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлнэ” гэж хариулж байв. Харин гишүүдийн зүгээс ажлын хэсгийнхний авч хэрэгжүүлсэн ажил удаашралтай байгааг хэлээд ажлаа идэвхжүүлж, асуудлаа урагшлуулах хэрэгтэйг сануулж байв. Мөн ирэх дөрөвдүгээр сард барилгын ажлыг эхлүүлж, 2020 он гэхэд ашиглалтад бүрэн оруулсан байх шаардлагатайг ажлын хэсгийнхэнд онцгойлон анхааруулсан юм. Гэвч одоог хүртэл барилгын ажил эхлэх нь байтугай сураг ч үгүй боллоо. Уг ажлыг Үндэсний хөгжлийн газар хариуцаж байгаа бөгөөд яагаад удаашралтай байгааг тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. 

Одоо цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа зогсохдоо тулаагүй ч нэлээд хүнд нөхцөлд ажиллаж байгааг албаныхан хэлж байна. Цэвэрлэх байгууламжийн одоогийн нөхцөл байдлын талаар Ус сувгийн удирдах газрын Төв цэвэрлэх байгууламжийн дарга Ц.Болдоос тодруулснаа хүргэе. 

 

Ц.Болд: Лаг боловсруулах технологийн дамжлагагүйгээс өмхий үнэр их гардаг

-Төв цэвэрлэх бай­гууламж бо­хирыг хэрхэн цэ­вэр­лэдэг вэ. Өнөө­гийн нөх­цөл байдал ямар байна вэ?

-Одоогоор хоногт 160 мянган шоо метр бохир ус хүлээн авч 75 орчим хувьтай цэвэршүүлж байна. Төв цэвэрлэх байгууламж бохир усыг цэвэрлэхдээ эхлээд том хог хаягдлыг сараалжаар шүүдэг. Дараа нь нарийн ширхэгтэй хог хаягдлыг шүүж анхдугаар тунгаагуурт хийдэг. Эндээс биологийн цэвэрлэгээ хийх сав руу шижүүлнэ. Үүний дараа хоёрдугаар тунгаагуурт хийж, халдваргүйжүүлэх байгууламж руу оруулдаг. Энэ байгууламжид хлор болон хэт ягааны тусламжтай нян бактерийг халдваргүйжүүлдэг. Ингээд Туул гол руу цутгадаг юм.

-5 шар, Орбит, Нисэх, Яармаг орчимд өмхий үнэр их үнэрт­дэг. Өмхий үнэрийг арилгах арга технологи ашигладаггүй юм уу?

-Цэвэрлэх байгууламжид анхнаа­саа лаг боловсруулах технологийн дамжлага байгаагүй. Ийм технологийн дамжлага байхгүйгээс маш их үнэр гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, тунгааж авсан лагийг хатаахын тулд гадаа дэлгэдэг. Дэлгэсэн лаг нартай үед хатаж, бороотойд норж байгалийн аргаар л хатдаг гэсэн үг. 

-Өнгөрсөн жил болсон ACEM-ын үеэр цэвэрлэх байгууламжийн үнэр гараагүй шүү дээ. Тухайн үед хучлага хийсэн гэдэг. Одоо ийм арга хэрэглэж болдоггүй юм уу?

-Тухайн үед үнэр саармагжуулах бодис цацах зэрэг арга хэмжээнүүд авч байсан. Харин энэ жил төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс арга хэмжээ авч чадахгүй байна.

-Цэвэрлэх байгууламжийн цэвэр­лэгээний чанар муу байгаа нь үйлдвэрийн бохир уснаас гадна өөр хүчин зүйлс нөлөөлж байгаа байх. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Бохироо бүрэн цэвэрлэж чадахгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Анх цэвэрлэх байгууламж барихдаа ахуйн бохир ус цэвэрлэхээд барьсан байдаг. Гэвч үйлдвэрийн бохир ус хүлээн авахаар цэвэрлэгээний түвшин харьцангуй муудаж байна. Уг нь бохир усыг 96 хувь цэвэршүүлэх ёстой байтал үйлдвэрийн бохирдол орж ирэхээр цэвэрлэгээний түвшин 75 хувь хүртэл доошилж байна. Бохирын хэмжээнээс гадна усны хэмжээ их байвал бохир дутуу цэвэрлэгддэг.

Учир нь бохир ус олон шат дамжлагуудад байх ёстой хугацаа гэж байгаа. Араас нь их ус ирвэл шат дамжлагуудаар бага хугацаанд шилжиж, дутуу цэвэрлэгддэг. Мөн тоног төхөөрөмж нэлээд асуудалтай болсон. Энэ нь цэвэрлэгээний чанарт их  нөлөөлж байгаа. Ерөнхийд нь хэлбэл, бохирын хэмжээ, усны хэмжээ их, тоног төхөө­рөмж муу, лаг боловсруулах технологийн дамжлагагүй зэрэг асуудлууд байна.

-Үйлдвэрийн бохир усыг “Хар­гиа” цэвэрлэх байгууламж цэвэр­­лэ­­дэг. Олон жилийн өмнөөс л үйлдвэ­рийн бохирдлыг цэвэрлэж чадах­гүйд хүрээд байгаа тухай яригд­сан. Одоо энэ байдал хэвээрээ юү. Зас­вар үйлчилгээ хийгээгүй юм уу?

“Харгиа” цэвэрлэх байгууламж зөвхөн ойр орчмын 20 гаруй үйлдвэрийн бохир усыг цэвэрлэдэг. Гэвч бохирдол ихтэй учраас бүрэн гүйцэд цэвэрлэж чаддаггүй. Үүнээс гадна хот даяар тархсан олон үйлдвэр бий. Тэдний бохир төв шугам руу орж манай цэвэрлэх байгууламжид ирээд байгаа юм гэлээ. 

 

Төв цэвэрлэх байгууламж орчмын иргэдийн 90 гаруй хувь нь харшилтай

Төв цэвэрлэх байгууламжид лаг боловсруулах технологи байдаггүйгээс өмхий үнэр ихээр үнэртдэг. Энэ үнэр нь ойр орчмын оршин суугчдын төдийгүй нийслэлчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг мэргэжлийнхэн судалгаагаар нотолсон. Тухайлбал, цэвэрлэх байгууламж орчмын 163 айлын иргэдийн дунд өмхий үнэр хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаар МХЕГ, ЭМЯ-наас өнгөрсөн онд хамтарсан судалгаа хийж байсан. Судалгаагаар 43 хувь нь элэгний, 47 хувь нь бөөрний үрэвсэл, 90 гаруй хувь нь харшлын өвчтэй гэсэн дүн гарсан байдаг. Мөн  2000 онд 10 мянган хүн тутмаас амьсгалын замын өвчнөөр 791 хүн өвчилдөг байсан бол 2014 онд 1579 болж нэмэгдсэн үзүүлэлт байна.

Лагийн найрлагад агуулагддаг органик бохирдуулагч болох азот, фосфор, хлорын нэгдэлд гадаргуугийн идэвхт бодис, эгэл биет, вирус, шимэгч хорхойн өндөг зэрэг бичил биетийн исэлдэлт явснаар хүхэрт ус төрөгч, аммиак, нүүрсхүчлийн хий, метан ялзралын хий ялгарч эвгүй үнэр бий болдог аж. Энэ үнэр нь хүний төв мэдрэлийн системийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, судас нарийссанаас толгой өвдөх, нойргүйдэх, ядрах шинж илэрдэг байна. Улмаар хүн бохир агаараар амьсгалснаар үнэрлэх, амтлах эрхтэний үйл ажиллагаа муудах, хоолой загатнах, хорсох, ханиалгах, цээж давчдаж нүд загатнах, улайх, үрэвсэх, арьс улайж загатнах зэрэг харшлын шинж илэрдгийг мэргэжилтнүүд хэллээ. Тиймээс Төв цэвэрлэх байгууламжийн үнэр иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар зарим иргэнтэй уулзсан юм.

Ц.Цэрэнчимэд: 

-Манайх Сонгинохайрхан дүүр­гийн XX хороонд арав орчим жил амьдарлаа. Өмхий үнэр байнга үнэртдэг. Урдаасаа салхитай үед бүр ч их үнэртдэг. Урьд нь настай хүн болохоор л толгой байнга өвдөөд, хамар битүүрээд байна гэж боддог байсан чинь энэ үнэртэй л холбоотой юм билээ. Эгч нь байнгын толгойны эм, хамрын цацлага хэрэглэдэг болсон. Уг нь өөр газар нүүе гэж бодсон ч бололцоо хүрэхгүй юм. 

Б.Орхонсэлэнгэ: 

-Хотын бүх бохирыг амьсгалж байгаа хүмүүсийн эрүүл мэнд ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Наад зах нь толгой өвдөж, амьсгал давчиддаг. Шинэ цэвэрлэх байгууламж барина гэж яриад л байсан. Хэзээ барих гэж байгаа нь мэдэгдэхгүй удлаа. Хурдхан шинэ байгууламжтай болж, энэ өмхий үнэрээс салахыг л хүсч байна. 

Ө.Даваадулам: 

-Би “5 шар”-д нэг жил байр түрээсэлж амьдарч байна. Цэвэрлэх байгууламжийн үнэр хүний эрүүл мэндэд мэдээж муу байх л даа. Надад мэдэгдсэн зүйл алга л байна. Харин өмхий үнэр нь хувцас, үсэнд шингэх нь их хэцүү байдаг. Тиймээс энэ намраас өөр газар амьдрахаар төлөвлөж байгаа. Ер нь энэ орчимд түрээсийн байр их байдаг нь өмхий үнэртэй холбоотой юм билээ. Эзэд нь эндээ байж чадахгүй учраас орон сууцаа хямд түрээсэлдэг юм билээ гэв. 

 

Туул голын бохирдлын бүх үзүүлэлт зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарчээ

Монгол орны 5585 гол горхиос хамгийн бохирдолттой нь Туул гол. Энэ голыг бохирдуулдаг гол эх үүсвэр нь Төв цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир ус байна. Байгаль орчин хэмжилзүйн төв лаборатори нь Цаг уур, орчны шинжилгээний газраас баталсан хөтөлбөрийн дагуу Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламжуудын хаягдал уснаас сар бүр сорьц авч, шинжилгээ хийдэг байна. 2016 онд хийсэн судалгаанаас харахад төв цэвэрлэх байгууламжинйн хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадвар 37-80 хувьтай байжээ.

Туул голын усанд нийлүүлж байгаа хаягдал бохир усны бохирдлын гурван гол үзүүлэлтээс дурдвал биохимийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2-28 дахин их гарсан байна. Үүнээс гадна хаягдал усан дахь жинлэгдэх бодисын агууламж 1.3-8.7 дахин их, химийн хэрэгцээт хүчилтөрөгчийн агууламж 1.5-12 дахин их байжээ. Түүнчлэн 2016 онд Туул голын усан дахь аммонийн азот тус онд зөвшөөрөгдөх хэмжээнээс  3-71 дахин их байсан талаар Монгол орны байгаль орчны төлөв байдлын тайланд дурджээ. 

Уг нь шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орчихвол дээрх асуудлууд аяндаа шийдэгдэнэ. Учир нь шинэ цэвэрлэх байгууламж нь иж бүрэн автомат ажиллагаатай үнэр,  дуу чимээ гаргахгүй аж. Ингээд ч болоогүй ахуйн лагийг ашиглан дулаан, цахилгаан үйлдвэрлэх, цэвэрлэсэн усыг  эргүүлэн хөдөө аж ахуй, ногоон байгууламж, үйлдвэрүүдийн технологийн хэрэг­цээнд ашиглах, гүний уст давхаргыг тэжээх боломжтой гэнэ. Ажлын хэсгийнхний хэлснээр 2020 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан. Гэвч одоог хүртэл барилгын ажил эхлээгүй. Цаашдаа хэдэн ч сарыг ингэж өнгөрөөх юм, бүү мэд. Хөрөнгө их шаардлагатай маш том байгууламж гэдэг нь ойлгомжтой ч анхнаасаа концессын гэрээгээр хөрөнгийг нь шийдэж, барих ажилд Франц Улсаас туслах нь шийдэгдчихсэн л байсан шүү дээ. Цаасан дээрх цэвэрлэх байгууламжийг даруйхан газар буулгая, ажлын хэсгийнхээн.

Б.ЦЭНД-АЮУШ

Үндэсний шуудан сонин