Энэ сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны нутаг дэвсгэрт ”Хутгатай хүн дайраад байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад иргэнээс ирүүлжээ. Тодруулбал, эрэгтэй 38 настай иргэн Ч нь баруун гарын сарвуундаа хутга нууж, Сонгинохайрхан дүүргийн 22 хороонд суух, эрэгтэй 38 настай Б-д тулган “худалдаж авсан байраа буцаана” гэж маргалдан, хутгаар зүсэж гэмтээжээ.

Гэмт этгээд иргэн Б-г хутгалаад зугтаж явахдаа Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Хилчний 101-р байрны зүүн замд “Toyoto Ist” автомашины жолооч, эмэгтэй, 32 настай О-д хутга тулган, автомашиныг нь дээрэмдэн зугтсан байна. Хутга барьж нэг хүн гэмтээж, нэг хүний машин дээрэмдсэн этгээдийг Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт цагдаагийн алба хаагчид хэргийн газраас дайчлан баривчилсан байна. Одоогийн байдлаар уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.