Энэ сарын 12-нд “Эрдэнэт” үйлдвэрийн “Уурхайчин” соёлын ордонд Эрдэнэтийн сэтгүүлч, уран бүтээлчдийн  “Он цагийн орчил” номын нээлт боллоо.

Монгол улсад Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 100 жил, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 35 жилийн ойд  зориулан МСЭ-ийн Орхон аймгийн салбар сэтгүүлчдийнхээ уран бүтээлийг ийнхүү эмхэтгэн гаргав.

Эл  номонд Эрдэнэтийн 60 шахам сэтгүүлч, уран бүтээлчийн бүтээл багтсан байна. Тэд Эрдэнэт хот “Эрдэнэт” үйлдвэрийн бүтээн байгуулалт, Эрдэнэтчүүдийн ажил үйлс, монголын нийгмийн өнөөгийн байдал,  ахуй амьдралыг  өөр, өөрийн өнгө аяс, авьяас билгээрээ нээн үзүүлжээ. “Он цагийн орчил” номын нээлтэд Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Б.Намхайнямбуу, МСЭ-ийн Орхон аймгийн салбарын тэргүүн Б.Баттогтох нар оролцож номын дээжийг уран бүтээлчдэд гардуулав. Мөн Хэвлэл мэдээллийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг салбарын шагналаар шагнав.