Сүүлийн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулиудын суралцагч нарын тоо хэт ачаалалаасаа хэтэрч хотын захын зарим сургуулиуд сурагч нараа гурван ээлжээр хичээллүүлж байгаа билээ.

Нэг ёсондоо шөнийн ээлжийн ч гэмээр бага ангийн сурагчид хичээл нь үдээс хойш эхэлж, өвлийн цагт орой 19 цаг өнгөрөөд тардаг байсан. Ингэхэд харанхуй болсон байдаг учир зарим нэг нь тэднийг шөнийн ээлжний сурагч ч гэж шоглонгуй ярьдаг байна. Бага ангийн сурагчдын мөн ийм ээлжээр хичээлүүлэх нь тэдний сурлагын идэвхид ч муу гэдгийг мэргэжлийн байгууллагууд ярьж байсан ч дорвитой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. 

Тэгвэл энэ жилээс тус байдалд анхаарлаа хандуулахаар болжээ. Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Эдгээр сургуулиудын 21 нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэ жил гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоог цөөлөхөд анхаарч ажиллахаа мэдэгджээ. 

Энэ ажлын хүрээнд ерөнхий боловсролын 10 гаруй сургуулийг шинээр барьж байна. Гэхдээ хөрөнгө мөнгөний асуудлаас шалтгаалж зарим сургуулийн барилгын ажил удаашрах хандлагатай байгаа аж. 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 32 мянга 623 хүүхэд элсэн суралцана. Жил бүр 4 мянга гаруй сурагч хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирж суралцдаг юм байна.

Гуравдугаар ээлжийн сурагчдын хувьд өвлийн цагт оройтож хичээлэхийн хажуугаар ид утааны голомтод амьдарч, яг л утаа ид гарах үеэр хичээлээ тарж байгаа нь багачуудын хувьд эрүүл мэндийн ноцтой асуудал гэдгийг холбогдох албаныхан анхааралдаа аваасай.  Энэхүү орой ээлжийн хуваарилалтад голдуу 1-3-р ангийн сурагчид хамрагдаж байгаа юм.