Өнөөдөр Улаанбаатар хотноо “Dawa” цомын нэрэмжит “Үзэсгэлэнт Улаанбаатар-2017” олон улсын өртөөт марафон болно. Анхдугаар тус арга хэмжээг ЗГХА, Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо, “Grand china sport” холбоо хамтран зохион байгуулагдана.

Тэмцээн жуулчин, гэр бүл, найзууд, сэтгэлд хоногшсон Улаанбаатар гэсэн төрлөөр өрнөнө. Жуулчин төрөлд гадаадын 2-3 хүн нэг баг болж, гэр бүл төрөлд 3-11 насны нэг хүүхэдтэй эцэг, эх, өвөө, эмээ нийт гурван хүн нэг баг болж тус тус оролцох юм байна. Харин найзууд төрөлд 18-аас дээш насны 2-3 хүн нэг баг болж өрсөлдөх бол сэтгэлд хоногшсон Улаанбаатар төрөлд 50-65 хүртэлх насны 2-3 хүн баг болж оролцох боломжтой.

Төрөл тус бүрт оролцогчид таван өртөө дамжин өгөгдсөн даалгавруудыг хамгийн богино хугацаанд биелүүлсэн нь тэмцээний ялагч болох юм. Тэмцээний эхний гурван байрт орсон багийг медаль, өргөмжлөл, гадаадад амрах эрхийн бичгээр урамшуулах ажээ.