Дорнод аймгийн харъяат З.Сэлэнгэ нь Л.М-ийн нөхөр Ц.Ц-той эр эмийн харьцаа тогтоосны улмаас Л.М-тай маргалдан утас руу нь мессеж бичин өсөрхөж, өс хонзонгийн сэдэлтээр 2016 оны 09 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1-р баг .... тоотод оршин суух 7 настай Ц.Т-г биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж алахыг насанд хүрээгүй П.Барсболдод захиалж 200 000 төгрөгөөр хөнөөлгөсөн хэрэг гарч байсан талаар бид мэдээлж байсан. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал 2017-06-22-ны өдөр болж З.Сэлэнгэд 23 жилийн ял, П.Барсболдод 15 жилийн ял оноосон.

Шүүх хуралдааны дараа ялтан Сэлэнгийн аав Зориг “Миний охин бүү санаа зов. Аав нь энэ хүмүүсийг бүгдий нь зүйл дуусгана” заналхийлсэн бөгөөд энэ талаар талийгаачийн ээж шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.

Тэгвэл энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал  2017.07.26-ны өдөр Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч Б.Сүхгомбо, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийлээ.

Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс З.Сэлэнгэд оногдуулсан 23 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид, ялтан П.Барсболдод оногдуулсан 15 жилийн хорих ялыг 2-5 жилээр ялыг хөнгөрүүлсэн байна. Ингэхдээ ялтан  З.Сэлэнгэд оногдуулсан ялыг 17 жил 3 сар 10 хоног хорих ялыг эмэгтэйчүүдийн хаалттай хорих ангид, шүүгдэгч П.Барсболдод оногдуулсан ялыг 13 жил хорих ялыг эрэгтэйчүүдийн хаалттай хорих ангид эдлүүлэхээр болсон байна.