Амралт, зугаалгын үе дуусч, сургууль цэцэрлэг орох цаг асуй. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараагаас л эзгүйрсэн яам, тамгын газрынхан ажилдаа орж, эрх баригчдын улстөр идэвхжиж байна. Харамсалтай нь, ихэнх нутаг гантай, сүүлийн үед бороо их орж байгаагаас ургац алдах, өвөлжилт хүндрэх бодит эрсдэл байгаа ч энэ бүхэнд анхаарал хандуулж, шийдвэр гаргаж байгаа юм алга.

Улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэх биш, улс төрийн эрх ашиг, албан тушаалын төлөө эрхбаригчид алалцаж байгааг л харах боллоо.

Улстөрчид талцан хэрэлдэж байх зуур улс орны өмнө олон хүндрэлүүд ар араасаа үүсч эхлээд байна. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч тариаланчид ургац алдах, Монгол Улс дотоодоосоо гурилын хэрэгцээгээ хангаж чадахгүй байх эрсдэл үүсэх магадлалтай байна. Зуншлага сайтай баруун болон зүүн аймгуудад малын гоц халдварт шүлхий өвчин гарлаа.

Энэ бүгдийг эс тооцдог юмаа гэхэд Монгол Улс гурван сарын дараа дэлхийн санхүүгийн зах зээл дээр дампуурлаа зарлуулах эсэх дээрээ тулаад байна.

Манай улс таван жилийн өмнө олон улсын зах зээлээс босгосон Чингис бондынхоо эхний 500 сая ам.долларын эргэн төлөлтийг дөрвөн сарын дараа барагдуулах ёстой. Тодруулбал, 2012 оны арванхоёрдугаар сард босгосон Чингис бондын 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларын эргэн төлөлтийг 2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр төлөх хуваарьтай. Мөн 2018 оны тавдугаар сард Дим Сан бонд буюу нэг тэрбум юанийн хүүд 160 сая ам.долларын төлбөр хийнэ. Өөрөөр хэлбэл, он гараад 660 сая ам.долларын өр төлбөрийг барагдуулна.

Засгийн газар эдгээр бондын эргэн төлөлт, хүүгийн төлбөрийг хийх санхүүгийн чадамжтай юу. Энд анхаарлаа хандуулж байгаа хүн байна уу. Бүгдэрээ сандал ширээ л яриад байх юм. Энэ Засгийн газар гарч ирэнгүүтээ Хөгжлийн банкны 580 сая ам.долларын өрийг төлөх үүрэг хүлээсэн. Мөнгөгүй учраас Хөгжлийн банкны өндөр хүүтэй зээлээ бага хүүтэй зээлээр солих өрийн менежмент хий дампуурлаа зарлуулахаас аврагдсан. Одоо дахин өрийг өрөөр дарж чадах уу.

Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хийх санхүүжилтийг зээл, бондын эргэх төлөлтөд зарцуулахгүй байх заалттай. Зээлийг хугацаанд нь төлж чадахгүй бол ямар асуудал үүсэх вэ. 2018 оны эхээр төлөх бондын эргэн төлөлтийг хийхдээ дахин бонд босгож өрийг өрөөр дарах аргыг хэрэглэхээс өөр арга байна уу. Гэтэл дотоодоо улс төрийн ийм бужигнаантай байхад олон улсын зах зээл дээрээс бага хүүтэй бонд босгож чадах уу, чадахгүй. Засгийн газрыг огцруулах санаархал, эрх баригч МАН-ын дотоод зодоон нь зах зээл дээр бонд босгоход сөргөөр нөлөөлнө. Улс төрийн тогтворгүй байдалтай гэж үзнэ.

Өмнө нь босгосон бондоос бага хүүтэй санхүүжилт татахын тулд манай улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулж, бүх төвшинд тогтвортой байдлыг хангах ёстой. Хамгийн гол нь зээлжих зэрэглэлээ ахиулж л Засгийн газар бага хүүтэй бонд босгох боломжтой болно. Засгийн газрын зээлжих зэрэглэл ахихад улс төрийн тогтвортой байдал маш чухал.

Хэрвээ бондыг төлбөрийг бонд босгох замаар шийдэхгүй бол дотоод эх үүсвэрээ, гаднын зээл тусламж хүсэхээс өөр гарцгүй болно.

Дотоодод нүүрс, зэсийн үнэ өсч, орлого төвлөрөлт сайн байгаа ч талаас илүү хувь нь цалин тэтгэвэрт зарцуулагдана. Цаана нь үлдэх багахан орлого бондын эргэн төлөлтийн хаана ч хүрэхгүй нь мэдээж. Энэ эрсдлийг хэн мэдэж байгаа улстөрчид байна уу?

Бидний өмнө одоо Засгийн газраа огцруулна гэж гурван сарын турш дотроо бужигнах, гурван сарын дараа төлөх нэг тэрбум орчим ам.долларын өрөө яаж төлөх шийдлээ олох гэсэн хоёр сонголт байна. Засгийн газар огцорвол мэдээж шинэ Засгийн газар байгуулагдана. Энэ улс төрд байдаг л, монголчууд бидний хангалттай мэдэх процесс. Харин гурван сарын дараа нэг тэрбум ам.долларын өрөө төлж чадахгүй бол санхүүгийн дампуурлаа зарлуулах уу. Монгол Улс өрөө төлж чадахгүй байгааг олон улсын зах зээл дээр зарласны дараа гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд итгэх үү. Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр зудтай өвлөө яаж давах вэ. Энэ бүгдэд хариулах чадвартай, бэлэн хариулттай нь хэн байна вэ.

Усгүй болох гэж байж алтаар яах вэ

Улсгүй болох гэж байж амиар яах вэ гэж үг байдаг даа. Үүн шиг санхүүгийн дампуурлаа зарлуулах гэж байж сайдын суудлаар яах гээд байдаг юм бол доо, энэ улстөрчид.

Э.Мөнхцэцэг

Эх сурвалж: www.itoim.mn