НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлаар мэдээлэл хийлээ.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон тус намын зарим гишүүд 60 тэрбумын бичлэг эвлүүлэг биш гэдгийг хүлээн зөвшөөрсөн мэдээлэл хийсэн билээ. Тус бичлэгт байлцаж, 60 тэрбумын талаар ярилцаж буй Ц.Сандуйг МАН-ын удирдлагууд өмгөөлөн хамгаалж байна гэж үзэж, түүнийг огцруулах ёстой хэмээн өргөх бичиг барьж буйг дэмжинэ гэв.

Түүнчлэн "МАН-ын удирдлагууд Ц.Сандуйг өмгөөлж байна. Төрийн албыг наймаалцан 60 тэрбум төгрөг босгож буй МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдлийг эсэргүүцэж байна.

Төрийн албаны чадавхийг бууруулсан, төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн, албан тушаал, эрх мэдлийн арилжааг хөхиүлэн дэмжсэн, авлигын нууц сүлжээг санаачилсан, төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг санаархсан, маш ноцтой гэмт хэргийн шинжтэй, ёс зүйгүй үйлдэл мөн.

Гэтэл МАН-ын удирдлагууд эрх бүхий гишүүддээ хариуцлага тооцох биш хаацайлж байна. Иймд НИТХ дахь АН-ын бүлгээс НИТХ-ын хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлөх ёстой" гэв.