Жинхэнэ ханхүүгийн амьдрал яг л Дорнын үлгэр мэт байдаг байна. Тэд хамгийн тансаг зэрэглэлийн хүлгийг унаж, хувийн нисдэг тэрэг, хөлөг онгоцтой байдаг. Эдгээр ханхүүгийн нэг нь 32 настай Хамдан бин Мохаммед бин Рашид аль-Мактум (Hamdan bin Mohammed bin Rashid Al Maktoum) юм. Тэрээр Инстаграмын байнгын хэрэглэгч бөгөөд өдөр бүрийн амьдралын тухай фото зургийг оруулдаг ажээ.

Тэгвэл Фазза хэмээх нэрээрээ алдартай Дубайн ханхүү Улаанбаатарын цагаар өглөөний 09.00 цагийн орчимд инстаграм хуудсандаа Монголын зургийг оруулсан байна. Ээлжит нэгэн аялалын хэсэг Монгол улс байсан бололтой. 

Хамдан Дубай дахь Рашида хувийн сургуулийг төгссөн бөгөөд Их Британийн 1-3 жилийн турш сургалт явуулдаг хамгийн дээд зэрэглэлийн цэргийн сургуулийг төгссөн байна. Үүнээс гадна Лондонгийн санхүүгийн коллеж болон Дубайн удирдлагын сургуулийг тус тус дүүргэсэн аж. 

Дубайн тэргүүний долоон хүүгийн хамгийн ухаалаг нь болох тэрээр шүлэг зохиодог байна. Түүний шүлгүүд ихэвчлэн гэр бүл, хайр сэтгэл, эх орны талаар байдаг аж. Шүлгүүдээ тэрээр "Fazza" нэртэйгээр нийтэлдэг бөгөөд энэ нь амжилт гэсэн утгыг агуулдаг гэнэ. 

Хамдан Дубайн Хотын зөвлөлийн дарга, Спортын холбооны тэргүүн, Залуучуудын бизнесийг дэмжих холбооны хүндэт ажилтан юм байна. Тэрээр морин уралдаанд ихээхэн сонирхолтой бөгөөд Азийн Олимпийн наадмын үеэр алтан медаль  хүртсэн байна. Ханхүү нисдэг тэргээс эхлээд лимузин машиныг ч унах боломжтой бөгөөд заримдаа өөрийн үржүүлдэг тэмээг ч унах нь бий.