Өнгөрсөн онд түүхий эд, төгрөгийн ханш суларч, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд дараалан буурсаар ДНБ-ий өсөлт хасах үзүүлэлт рүү орж байв. Ингэснээр төсвийн алдагдал нэмэгдэж, зээлжих зэрэглэл хоёр шатлал буурснаар гаднын хөрөнгө оруулалт багасч эхэлсэн юм.
Тэгвэл энэ онд манай улсын эдийн засгийн бараг бүх салбарт өсөлт гарч, эдийн засгийн өсөлт 5.3 хувьд хүрээд байна.

Энэ онд аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн орлого өмнөх жилээс 40 хувиар өсч, экспорт 38, импорт 27 хувиар өссөн байна. Энэ нь сүүлийн хоёр жилд сонсогдоогүй сайн мэдээ гэж хэлж болно. Учир нь, экспорт, импортын орлого сүүлийн хоёр жил дараалан хасах үзүүлэлттэй буюу алдагдалтай гарч байсан. Тухайлбал, өнгөрсөн онд экспорт 9.7, импортийн орлого 17 хувийн алдагдалд хүрсэн юм.
Экспорт, импортын өсөлтийг дагаад гадаад худалдааны тэнцэл ч өндөр өсөлт үзүүллээ. Уг тэнцэл 2006 оноос хойш тасралтгүй алдагдалтай гарсаар 2014 оноос хасах тэмдгээс арай хийн “өндийж”, ашигтай гарч эхэлсэн. Тэгвэл энэ онд 1.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 67 хувиар өсчээ. Өөрөөр хэлбэл, манай улс бусад улстай хийсэн худалдаа, санхүүгийн гүйлгээ сайжирсныг илэрхийлж байна. Өнгөрсөн жилийн эхний хагас жилийн байдлаар 708 сая ам.долларт хүрч байсан юм. Ийнхүү төсөв, мөнгөний алдагдал танагдан, худалдаа, хөрөнгө оруулалт сэргэж, эдийн засаг “эрүүлжихэд” нөлөөлсөн таван онцлох үйл явдлыг хүргэе. 

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдав

Манай улс төсвийн алдагдлаа бууруулан, мөнгөний бодлогын цогц арга хэмжээ авч,  эдийн засгаа сэргээх зорилгоор өнгөрсөн тавдугаар сараас ОУВС-тай зургаа дахь удаагаа уулзаж,  “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах болсон. Тухайлбал, хамгийн анх 1991, 2009 онд макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн оновчтой бүтцийг бий болгох, ядуурлыг бууруулах зорилгоор “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Түүний дараа 1993, 1997, 2001 онд эдийн засгийн өсөлтийг дэмжих Өргөтгөсөн зээлийн хөтөлбөрт хамрагдсан билээ. Энэ хүрээнд нийт 195.7 сая ам.долларын эх үүсвэрийг авч ашигласан байна. 
Тэгвэл энэ удаагийн хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон донор орнуудаас нийт  5.5 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн.  Үүний 440 сая ам.долларыг ОУВС-гаас зээлэх бол үлдсэн гурван тэрбум орчим ам.долларыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон, БНСУ-ын Засгийн газраас санхүүжүүлнэ. Өнгөрсөн тавдугаар сард эхний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар орж ирсэн бол энэ сарын 10-нд хоёрдахь санхүүжилт болох 100 сая ам.долларыг Азийн хөгжлийн банкнаас олгоод байна. Хөтөлбөрийг нийт гурван жилийн хугацаанд хэрэгжүүлж, зээлийг 10 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй. 
Хөтөлбөрийн эхэнд төсвийн орлогыг нэмэх зорилгоор долоон төрлийн татварыг нэмж, төсвийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авч эхэлсэн.  Тухайлбал, шатахуун, хувь хүний орлого, суудлын автомашин, тамхи, согтууруулах ундааны албан татварыг нэмсэн. Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг хувиар нэмж, хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгон, хадгаламжийн хүүний орлогоос 10 хувийн татвар хурааж эхэлсэн. Мөн Монголбанкыг мөнгөний бодлого хэрэгжүүлээд зогсохгүй бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах арга хэмжээ авахыг зөвлөсөн. Энэ хүрээнд төсөвтэй адилтгах санхүүжилт хийхийг хориглоод байгаа. Иймээс Орон сууцны ипотекийн санхүүжилтийн хөтөлбөрийг ирэх оноос Засгийн газарт шилжүүлэхээр болсон билээ. Тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал бүр үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд бодлогын арга хэмжээ санал болгохоор тохиролцсоны хүрээнд энэ сарын эхээр эхний шатны үнэлгээ хийж, сайн үнэлгээ өгсөн билээ. 

Нүүрсний экспорт хоёр дахин өссөн

Энэ оны эхний долоон сард манай улсын нүүрсний салбар сэргэснээр, эдийн засгийн олон салбарт таатай мэдээ болов. Тухайлбал, нүүрсний экспорт өмнөх оны мөн үеэс 1.1 тэрбум ам.доллараар өсч, 1.4 тэрбум ам.долларт хүрээд байна.  Өөрөөр хэлбэл, энэ онд 19.1 сая тонн нүүрс экспортолж, өмнөх оны мөн үеэс хоёр дахин ихэссэн үзүүлэлтэд хүрээд байна. Ингэснээр эдийн засгийн олон салбарт эерэг дохио болж, экспортын 40 хувийг дангаар эзлэх болов. Энэ нь манай улс гаднын хөрөнгө оруулагчдыг ихээр татаж байсан 2012 онд экспортолж байсан нүүрсний хэмжээнд дөхсөн үзүүлэлт юм. Манай улс энэ онд хамгийн багадаа 23 сая тонн нүүрс экспортлох зорилт дэвшүүлсэн. Энэ байдлаараа төсөвт тусгасан төлөвлөгөө биелэх төлөвтэй байна. 
Үүний шалтгаан нь, олон улсад өрнөсөн үйл явдалтай холбоотой. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Австрали Улсын  Квийнсланд мужид болсон хар салхины улмаас тус улсын нүүрсний экспорт буурч, бусад орнуудын нүүрсний эрэлт нэмэгдсэн.  Ингэснээр сүүлийн  хэдэн жил уналтад ороод байсан нүүрсний ханш эргэн өссөн нь ийнхүү нөлөөлжээ. Мөн манай урд хөршийн нүүрсний зах зээл сэргэж, манай улсаас авах нүүрсний хэмжээ 80 хувь өссөн юм. Түүнчлэн Хойд Солонгосоос авах нүүрсний хэмжээгээ огцом бууруулсан нь манай улсын хувьд таатай мэдээ болж, нүүрсний экспорт өсөх шалтгаан боллоо. 

Түүхэн дээд хэмжээнд хүрсэн бодлогын хүүг бууруулав 

Өнгөрсөн онд улсын төсвийн алдагдал ихэсч, төгрөгийн ханш сулран эдийн засагт хүндрэл учруулах болсон. Иймээс Монголбанк төсвийн болон мөнгөний бодлогыг засах замаар төгрөгийн ханшийн тэнцвэрийг хангах зорилгоор бодлогын хүүг түүхэндээ анх удаа 4.5 хувиар нэмж, 10.5 хувь байсныг 15 хувь болгон өсгөсөн билээ. Монголбанк бодлогын хүүг анх 2007 онд нэвтрүүлэхдээ жилийн 6.4 хувиар тогтоож байсан бол түүнээс хойш 2009 онд 14 хувьд хүргэж байсан юм. 
Тэгвэл энэ оноос мөнгө, төсвийн бодлогын арга хэмжээ болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн нөлөөгөөр макро эдийн засгийн эрсдэл, гадаад өрийн эргэн төлөлтийн дарамт буурч эдийн засагт эерэг нөлөө үзүүлж эхэлсэн. Тиймээс өнгөрсөн зургадугаар сард Төвбанкны Мөнгөний бодлогын зөвлөл мөнгөний бодлогыг зөөлрүүлж, 12 хувьд хүргэсэн. 

Үнэт цаасны арилжаа тав дахин нэмэгдлээ

Үнэт цаасны арилжаагаар энэ оны эхний долдугаар сард 923 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 53 сая ширхэг үнэт цаас гаргасан нь өмнөх оноос 5.8 дахин өссөн дүн болжээ. Харин  өнгөрсөн оны өдийд 97 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж байсан юм. Иймээс үнэт цаасны арилжаа цаашид ийн үргэлжилбэл түүхэн дээд амжилт үзүүлэх төлөвтэй байна. Үүний шалтгаан нь, Засгийн газраас гурваас сараас гурван жилийн хугацаатай бонд арилжаалж буйтай салшгүй холбоотой. Учир нь, энэ оны нийт арилжааны 96 хувийг зөвхөн Засгийн газрын бонд бүрдүүлсэн. Үлдсэнийг нь компанийн бонд, хувьцаа эзэлсэн юм. Засгийн газрын үнэт цаасны арилжаа өмнөх жилийн эхний зургаан сард 5.2 тэрбум төгрөгийн дүнтэй байсан бол энэ жил 60.1 тэрбум төгрөг болж, 12 дахин өсөөд байгаа юм. Түүнчлэн энэ сараас эхлэн Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг өрсөлдөөнт хэлбэрт шилжүүлсэн. Учир нь, хөрөнгийн зах зээл идэвхжиж, хөрөнгө оруулагчдын захиалга, нийлүүлтээс давсан тул арилжааг өрсөлдөөнт хэлбэрт оруулсан билээ. 

БНХАУ-тай хийсэн своп хэлцлийг 2020 он хүртэл сунгав

Манай улс БНХАУ-тай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжүүлэх, хоёр улсын үндэсний мөнгөн тэмдэгт болох төгрөг, юанийн хэрэглээг олон улсад нэвтрүүлэх зорилгоор тус улсын Ардын банктай хийсэн төгрөг, юанийн своп хэлцлийг энэ сарын 18-нд дахин гурван жилээр 2020 он хүртэл сунгасан. Энэ нь 5.4 их наяд төгрөг буюу 15 тэрбум юаньтай тэнцэх хэмжээний мөнгө юм. Своп хэлцлийн гэрээ сунгаснаар гадаад валютын дотоодын захад тогтвортой байдлыг хангах үүднээс шаардлагатай тохиолдолд гадаад валютын зах дээр төлбөр түргэн гүйцэтгэх чадварт дэмжлэг үзүүлэх, хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх ач холбогдолтой юм. 
Монгол Улс  анх 2011 онд таван тэрбум юанийн своп хэлцлийг хийж байсан. Ингээд 2012 онд дээрх хэлцлийг хоёр дахин нэмэгдүүлэн 10 тэрбум болгож байв. 2013 онд хэлцлийг сунгаж байсан бөгөөд нийт 15 тэрбум юань болгон өсгөсөн юм.