УИХ хуралдаж байна. Сонирхууштай болоод сонирхолтой. Инээд бас эгдүү хүргэх нь эмгэнэлт хошин жүжиг шиг.
Асууна. Хариулна. Харин эндээс төр засаг нэг ч асуудлыг шийдэхгүй. Зугаацаж  суугаа нь тэр. Харамсалтай нь энэ бол манай төр засгийн ажил, эрх баригчдын бодит дүр төрх

Тоглоомоо харамласан жаал

2013.12.06-ны өдрийн УИХ-ын хуралдаан дээр О.Баасанхүү гишүүн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн зориулалтаар баригдсан барилгыг эмнэлгийнх нь зориулалтаар ашиглах ёстой гэсэн өөрийн байр сууриа илэрхийлсэн асуулт тавив.
Харин тэр үг Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн уурыг асаав бололтой.
    - Энэ эмнэлгийн ажилтнууд цэргийн дүрмээр ажилладаг. Харамсалтай нь Баасанхүү гишүүн энэ эмнэлгийнхэнтэй уулзаж бослого тэмцэл гаргаад ... 2 цэргийн ангийг нэгтгэж, ажлын байрыг нэмэгдүүлэх гээд .... Боль за юу! .... Хуульч мэргэжлийн ухаантай юм бол чи ... Арчаагүй муу... гэх мэтээр дайран давшлав.
    Уг нь Х.Тэмүүжин хүүхэд насны гэнэн сэтгэлээр хууль, хүчний байгууллагынхнаа ажлын шинэ байранд оруулчихлаар л салбарын ажил гоё харагдаад явчихна гэж мөрөөдөж л дээ.
    Гэтэл хуульчдад шинэ контороос илүүтэйгээр нийгэмд эмнэлгийн үйлчилгээ дутагдаж байгааг олж харж нийт иргэдийн эрх ашгийг түрүүнд тавьсан О.Баасанхүү гишүүний санал хүсэлт түүний мөрөөдлийг тасалдуулах гээд байгаа нь уурыг нь хүргэж тоглоомоо харамлах хүүхэд шиг аяглаж байгаа нь тэр.  

Дараа нь бас Г.Уянга гишүүн ч О.Баасанхүү гишүүний тавьж байгаа саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, өвдөж зовсон иргэддээ нэг өдрийн өмнө ч гэсэн туслачихсан гэсэн сэтгэлээр, Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандаж “нэгэнт эмнэлгийн зориулалтаар баригдаад бэлэн болчихсон барилгыг ЧД-ийн хэмжээнд дутагдалтай байгаа эмнэлгийн үйлчилгээнд нь зориулвал яасан юм бэ?” гээд учирлан гуйгаад авлаа.  
Харин УИХ-ын дарга З.Энхболд хариултыг Н.Алтанхуягаас холдуулж зөвхөн Эрүүл мэндийн сайд Н.Удвалаар хэлүүлээд дуусгахыг чармайв. Мэдээж Н.Удвал сайд яамных нь харъяалалд шилжүүлж өгвөл дуртай авна гэдгээ ч хэлэв. Харамсалтай нь тийм хүсэл сонирхол Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёрын хэнд нь ч байсангүй.
Нөгөө л Х.Тэмүүжин сайд руугаа хариул хэмээн дохиж, цаадах нь
-    ... Эмнэлгийн талаар нийслэлээс ч ирэх жилээс их хөрөнгө оруулалт хийгдэнэ. Харин манай салбарт хөрөнгө оруулалт нойл байгаа. Манайх ажлаа хурдтай хийдэг. Сайн ажилласных нь төлөө шийтгэж болохгүй гэсэн үг чулуудав.

Өвдвөл гадаад руу нисдэг эдгээр эрхмүүдэд үнэхээр эмнэлгийн хэрэг юу байх билээ. Иргэдийн зовлон эдэнд хамаагүй. Нийгмийн ядуу олонхийн төлөө сэтгэлээ зовоох хүсэл үнэхээр тэдэнд алга аа .   

Ганц үгээр гудамж

    УИХ-ын гишүүн Хаянхярваа:
-    ... Олон ерөнхий сайдын ярьж байхыг сонссон. Тань шиг ийм худлаа ярьдаг ерөнхий сайдыг үзсэнгүй... Та бондын мөнгөөр хэрэгжүүлсэн, нийгэмд үр ашигтай ядахнаа ганц ажлыг хэлээч... Ганц үгээр л хэлчих! ...
Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-    Ганц үгээр хэлвэл гудамж. ... Өгсөөн, үр ашиг нь төсвийн дансанд биш иргэдийн халаасанд орсон.

Хэрэв хэн нэг иргэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхээр зээл авчихаад түүнийгээ хашаан дотроо зам талбай засаад үрчихвэл юу болох нь хэнд ч ойлгомжтой. Хамаг хөрөнгөө өрөндөө хураалгаад орон гэргүй, оочих аягагүй үлдэж гуламжинд гарна гэдгээ мэднэ.
Тиймээс жирийн ямар ч иргэн авсан зээлээ буцааж төлөөд дээрээс нь хоногийнхоо хоолоо залгуулаад байхуйц ашиг орлоготой байх ажил, үйлдвэрлэл эрхлэхийг чармайна.  
Ашигтай ажиллаад хөрөнгийн хуримтлалтай болоод ирсэн тохиолдолд хашаа хороо, зам талбай засах нь хоёр дугаар асуудал!
Гэтэл Монгол улсын Ерөнхий сайд гэгдэх Н.Алтанхуяг бондын гэх зээлийн хөрөнгийг улс орны эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд биш харин “гудамжинд” зориулан “гараа угаачихаж”.
Яагаад гэвэл өрийг Н.Алтанхуяг төлөхгүй. “Эх орон” өрөнд алдагдах нь түүнд хамаагүй болохоор л ийм хариулт өгөөд бах нь ханасан янзтай инээж сууна.  

Олигархийн биш олигаполийн халаас

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-    ... 3000-аас 4000 ам.долларын дундаж цалинтай өндөр хөгжсөн орны хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэтэй 300-аас 400 ам.доллар байж чадаж байгаа юм уу үгүй юу хэмжээний дундаж цалинтай манай иргэдийн хэрэглэж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ ижил байгааг гаддаад амьдарч байгаад ирсэн зарим нэг найз нөхөд маань гайхаж, монголчууд яаж амьдарч байна гэх юм.  ... Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэгч нь бас л олигархиудын халаасыг түнтийлгэсэн арга хэмжээ болчихов уу даа гэж. ...?

Ерөнхий сайд Н.Алтанхуяг:
-    Миний ч гэсэн уур хүрдэг юм. Монголчууд маань яаж амьдарч байгаа юм бол оо гэж! Шинэ юм биш шүү дээ. Өнгөрсөн жил ч тийм л байсан, тэрний өмнөх жил тийм л байсан, түүний өмнөх жил ч тийм л байсан. ... Үнэ тогтворжуулна гэдэг бүх юмны үнийг биш шүү дээ. Ер нь бараа бүтээгдэхүүний үнэнд нөлөөлөх гол хэдэн ... 1-рт нефтийн бүтээгдэхүүн, мах гурил, цемент, арматур. Ийм гарын таван хуруунд багтах хэдэн юман дээрээ хийж чадлаа. ...Ер нь бол гайгүй барьсан. Тэгэхдээ долларын ханшийг бол дийлэхгүй байна. Тэгэхдээ болно доо, амьд хүн аргатай гэж ...
Харин тэр таний яриад байгаа чинь олигархи биш олигополи юм байна лээ. Манайд олигополи зах зээл байна. Бүх салбарт хоёр гурав, хоёр гурав л байна. ... Тэр компаниудаа муулаад яах вэ. Зохицоод л ажиллахаас ... Яавал зах зээлээ өрсөлдөөнтэй болгох юм бэ гэж...

    Ерөнхий сайд маань шинэ юм хийгээгүй, өмнөх жил, түүний өмнөх жилүүдийн адил л мөнгө угаадаг, авилгаддаг, луйварддаг ажиллагааг үргэлжлүүлж байгаагаа энэ хариултаараа хүлээн зөвшөөрчихлөө.


Харин 8 их наяд /төсвийн орлогоор бүрдсэн 5 их наяд. Төсвөөс гадуур Монгол банктай хуйвалдан хэвлэж хэсэг бүлэг этгээдэд үнэ тогтворжуулах нэрээр өгсөн 3 их наяд дээрээс нь бас бонд гэх зэрэг нэмэр хачир орвол бүр ч их болно/ төгрөгөөр “гараа угаачихаад” Монголчууд маань яаж амьдарч байгаа юм бол оо гэж би ч бас боддог юм гэж хэлж суугаа нь ард иргэдээ тавлаад ч байгаа юм шиг...  


    Үнэ тогтворжуулах нэрээр 3 их наяд төгрөг хэвлэж хэсэг бүлэг этгээд хуваан авч монголын зах зээлд эргэлдэж байсан бүх валютыг хаман гадагш нь импортын бараанд зарцуулсан нь Монгол улсын эсрэг үйлдсэн том гэмт хэрэг юм. Үүний хорт үр дагавар ч их.

Тухайлбал:
1-рт нийгмийн үйлдвэрлэл, хөдөлмөрийн үнэлэмжийг илэрхийлэгч мөнгөний хуваарилалтыг алдагдуулснаараа банк дээрэмдсэнтэй утга нэг юм.
2-рт амьдрах гэж ядаж байгаа ард иргэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэе ч гэсэн олддоггүй зээлийг зөвхөн хэсэг бүлэг этгээдийн дамын наймаа эрхлэхэд зориулан олгож байгаа нь ард иргэдийг эдийн засгийн аргаар тонон дээрэмдэх, шулан мөлжих эрхийг тэдэнд олгосноос өөрцгүй билээ. Юун нөгөө тендер, юун нөгөө шударга ёс! Хаана байна тэр тэгш эрх.
3-рт Энэ бүхний ард өөр нэг давхар санаа нуугдаж байсан нь үнэн хэрэгтээ нийгэмд баялгийг бүтээгч эдийн засгийн чадамжийг бий болгохгүйн тулд зориудаар монгол улсын хүч нөөц бүхнийг шавхаж өмнөд хөрш улсын үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн бодлого байлаа.
4-рт Монгол улсыг валютын хомсдолд оруулснаар ам.доллар 1700-аас дээш гарч, төгрөгийн ханш унаж, юмны үнэ өсөж ард иргэдийн амьдрал улам хүндрэв.
Ерөнхий сайдын өгч байгаа хариултаар бол энэ бусармаг ажлынх нь үр дүнд олигархийн халаас биш олигополийн халаас зузаарсан болохоор хамаагүй юм байх аа.
 Найман их наяд төгрөг гэдэг дэндүү их мөнгө. Ийм мөнгөөр манайх шиг улсын эдийн засгийг ганцхан жилийн дотор “цэцэглүүлэн” хөгжүүлж, босгож болно. Харин “цэцэглүүлэх” гэдгийг цэцэг тарих гэж ойлгодог манай эрх баригчид энэ их мөнгийг ашиглан эдийн засгийг улам сүйрүүлчихээд одоо дахиад зээл авч өр тавих тухай ярьж байна.


Бүр УИХ дахь АН-ын бүлгийн дарга нь “Зээл монголыг өмчтэй, үнэ цэнэтэй болгоно” хэмээн дэмийрч сууна.
Тэр ч байтугай "Чингис" бонд өр биш зээл /Өглөөний сонинд/, “Монгол өртэй биш зээлтэй” /Ж.ЭРХЭС/ гэх мэт сурталчилгаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр хийгдэх боллоо.  


Энэ бүхэн Төрөө “амилуулж чадаагүй” УИХ, Засгийн газар, эрх баригч намуудын нөгөө л зээл аваад банк дампууруулчихдаг луйварчны сэтгэлгээ нь ягшмал итгэл үнэмшил болтлоо ялзран доройтсоныг л илэрхийлэх билээ.   
1990-ээд оны эхээр нэгэн ахмад сэтгүүлчийн бичиж байсанчлан ёстой л “Төр барих нь байтугай, гэр барих чадваргүй” этгээдийг Монголчууд бид “эрхлүүлэн зугаацуулсаар” өдийг хүрлээ. Харамсалтай нь Төр барьж тоглогчдын “хорлонтой зугаанд” зарцуулсан өр зээлийг Монгол улс байгалийн асар их баялгаараа, экологийн сүйрлээрээ, ард иргэдийнхээ амь нас, амьдралын ядуурал доройтлоор, газар нутгаараа ч төлж байгаа.
Одоо бүр тусгаар тогтнолоороо ч төлж мэдэхээр боллоо шүү!!!    

Үргэлжлэл бий.
О.Лхагвадорж