Монгол улсын эдийн засгийн тоймыг 2013 оны 12 дугаар сар 12-ны өдрийн байдлаар хүргэж байна.

 

Төгрөгийн ханш чангарч байна Өнгөрсөн долоо хоногийг гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 41.0 сая ам.доллар худалдах, 2 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй. Мөн банкууд 105.7 сая ам.долларын дүнтэй төгрөгийн своп, 5.2 сая ам.долларын форвард хэлцэл хийх санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 101.7 сая ам.долларын своп саналыг биелүүлжээ. Өнгөрсөн баасан гаригт Монголбанкны албан ханш 1671.93 болж 12-р сарын эхнээс 4%-р буурчээ.

Ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 7.6% байна: Ажиллах хүчний оролцооны түвшин энэ оны гуравдугаар улиралд улсын хэмжээнд 62.1 хувь, хотод 54.8 хувь харин хөдөөд 74.9 хувь байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Түүнчлэн улсын хэмжээнд ажилгүй иргэд 89.5 мянга байгаагийн 42.7 мянга буюу 47.7 хувь нь эрэгтэйчүүд, 46.8 мянга буюу 52.3 хувь нь эмэгтэйчүүд байгаа ажээ Мөн ажилгүйдлийн түвшин улсын хэмжээнд 7.6 хувьтай байна

МУ-н нийт өрийн хэмжээ 18.2 тэрбум ам.доллар: 2013 оны гуравдугаар улирлын эцсийн байдлаар Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ 18.2 тэрбум ам.доллар болж өнгөрсөн оны гуравдугаар улиралтай харьцуулахад 38 хувиар өссөн байна Гадаад өрийн дийлэнх хувийг буюу 56.6 хувийг гадаадын шууд хөрөнгө оруулалттай компани хоорондын авлага бүрдүүлж байгаа бол 23.3 хувийг Засгийн газрын өр, 6.1 хувийг банкны секторын өр бүрдүүлж байна.

Самурай бондын зөвшөөрөл өгчээ.:  Өнгөрсөн намар Монгол Улсын Ерөнхий сайд Япон улсад айлчилж, найман тэрбум иений “Самурай” бонд гаргах талаар Японы олон улсын хамтын ажиллагааны банктай хамтын ажиллагааны санамж бичгийг үйлдсэн. Тэгвэл Японы талаас Монголын “Самурай” бонд гаргах зөвшөөрлийг Монголын Засгийн газарт олгосон талаараа өчигдөр мэдэгдсэн байна. “Самурай” бондын жилийн хүү “Чингис” бондынхоос хоёр дахин бага буюу 2-2.6 хувь байх гэнэ.

Гадаад өрийн эрсдэл нэмэгджээ.: Дэлхийн банкны үнэлгээгээр 2011 онд Монгол Улс гадаад өрийн хүндрэлийн эрсдэл багатай орны ангилалд орж байжээ. Харин энэ оныг дундаж эрсдэлтэй орны ангилал руу ухарсан үзүүлэлттэйгээр үдэх нь. Эл судалгааг Эдийн засгийн хөгжлийн яамнаас гаргажээ. Сүүлийн жилүүдэд улсын өрийн хэмжээ огцом нэмэгдэж байгаагийн зэрэгцээ улсын өрийн бүтэц эрс өөрчлөгдсөн байна.

Жинийн индекс 0.346 байна: 2013 оны гуравдугаар улиралд Монгол Улсын хүн амын хэрэглээний тэгш бус байдлыг тодорхойлоход Жини коэффициент 0.346 байжээ. хүн амыг нэг хүнд ногдох хэрэглээний хэмжээгээр нь ядуугаас чинээлэгт эрэмбэлэн, 20 хувиар буюу тэнцүү таван бүлэгт хувааж, бүлэг бүрийн дундаж хэрэглээний нийт хэрэглээнд эзэлж буй хувийг тооцож гаргасан байна. Ингэхэд хамгийн чинээлэг бүлгийн хэрэглээ хамгийн доод түвшний бүлгийнхээс 5.3 дахин их байжээ.

ТБҮЦ-ны арилжаа: Монголбанк 1 долоо хоногтой 322.2 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 10.5% ЖДХ-ээр арилжаалжээ. Ингэснээр 2013 оны 12-р сарын 13-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 1069.4 тэрбум төгрөг болсон байна.

ЗГҮЦ-ны арилжаа: ЗГҮЦ-ны ээлжит арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 28 долоо хоногийн хугацаатай 10.0 тэрбум ЗГҮЦ-ыг арилжихаар нийтэд мэдээлсэн бөгөөд банкуудаас нийт 2.0 тэрбум төгрөгийн ЗГҮЦ худалдан авах санал ирж, 2.0 тэрбум төгрөгийн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 9.97 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Уул уурхайн бүтээгдэхүүнээс 1.4 их наяд төгрөг төвлөрхөөр төсөөлж байна.

Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсөвт 6.9 их наяд төгрөгийн орлого төвлөрөхөөс 1.4 их наяд төгрөг нь уул уурхайн бүтээгдэхүүний татвараас төвлөхөөр байна. Тухайлбал, ирэх онд Монгол Улс 31.6 тонн алт олборлож 180.2 тэрбум төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлэхээр байгаа бол 39.1 сая тонн нүүрс олборлож 612.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо байгаа ажээ

Хүнсний барааны үнэ өсчээ Энэ сарын 11-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 0.5 хувиар өссөн байна. Махны дундаж үнэ: 2013 оны 12-р сарын 11-ний байдлаар хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувь, үхрийн ястай мах 0.5 хувь, адууны мах 0.5 хувиар өсч, үхрийн цул мах 1.5 хувь, ямааны мах 0.8 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийн дундаж үнэтэй харьцуулахад хонины ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн ястай мах 1.4 хувь, үхрийн цул мах 0.6 хувь, адууны мах 0.3 хувь, ямааны мах 1.0 хувиар өсчээ. 2013 оны 12-р сарын 11-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6710 төгрөг, хонины цул мах 6780 төгрөг, үхрийн /ястай/ мах 7755 төгрөг, үхрийн цул мах 9020 төгрөг, ямааны мах 4950 төгрөг, адууны мах 5780 төгрөгийн үнэтэй байв.    Гурилын үнэ: 2013 оны 12-р сарын 11-ний байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 2.0 хувиар өссөн байна. Дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 3.2 хувь, өмнөх 7 хоногийнхоос 3.2 хувиар өссөн байлаа. 1-р зэргийн задгай гурилын үнэ өмнөх сарынхаас 0.7 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв. 2-р зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 0.8 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.8 хувиар өссөн байна.   Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2013 оны 12-р сарын 11-ний байдлаар элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 0.2 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар өссөн байна.