Олон улсын валютын сан, Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-өөр Монголын банкны салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тогтоох шаардлага тавиад байгаа.

Гаргасан үнэлгээг үндэслэн Монголын банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийхээр болсон. Тэгвэл энэ хүрээнд банкуудад “Активын чанарын иж бүрэн үнэлгээ” буюу AQR-ийг хийж, гүйцэтгэх, зөвлөх компанийг шалгаруулсан байна. Сонгон шалгаруулалтад “PWC” аудитын компанийн Чех Улс дахь оффис шалгарсан гэдгийг Монголбанкнаас мэдээллээ. “PWC” аудитын компани нь олон улсын болон дотоодын мэргэжилтнүүд, туслан гүйцэтгэгчээс бүрдсэн, Актив болон барьцаа хөрөнгийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн багтай гэнэ. Тус компани Монголын банкуудад хийх үнэлгээний үе шат бүрийг Монголбанк, ОУВС-д тайлагнах үүрэг хүлээх юм байна. ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тухайн улсын банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар, бодит төлбөрийн чадварыг тогтоох шаардлага тавигддаг. Санхүүгийн салбар нь эрүүл, тогтвортой байгаа оронд банкуудаас бодит секторт олгох зээлийн санхүүжилтийн урсгал тогтмол хийгдэж, эдийн засгийн өсөлтийг тэтгэж байдаг бол эрүүл бус санхүүгийн систем нь бодит салбарын санхүүжилтийг тасалдуулж, эдийн засгийг доройтуулах, санхүүгийн хямрал үүсгэх эрсдэлтэй байдаг байна. Өөрөөр хэлбэл, энэ активын чанарын үнэлгээ нь санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг бодитоор тогтоох зорилготой аж.

Үнэлгээний үр дүнд үндэслэн банкны салбарыг эрүүлжүүлэх хариу арга хэмжээ буюу бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг өргөн хүрээнд авч хэрэгжүүлснээр бодит секторт хүрэх зээл, санхүүжилтийн урсгалыг тогтворжуулдаг байна. Түүнчлэн харилцагчид, хөрөнгө оруулагчдын банкны салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг тэтгэж, гадаад өрийн дарамт буурах боломж бүрдэх аж. Иймээс эдийн засаг, санхүүгийн хямрал үүсэхээс сэргийлэхэд AQR буюу активын чанарын иж бүрэн үнэлгээ зайлшгүй шаардлагатай байдаг юм байна. 

Үндэсний шуудан сонин